ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ТУХАЙ

1996 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хот
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ Нийтлэг үндэслэл
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
Энэ хуулийн зорилт нь төрийн болон орон нутгийн өмчийн эрх, төрийн өмчийн эд хөрөнгийн талаар хууль тогтоох, гүйцэтгэх байгууллагын бүрэн эрх, төрийн өмчтэй хуулийн этгээд, түүний албан тушаалтны эрх хэмжээ, төрийн өмчийн талаархи бодлогыг хэрэгжүүлэх байгууллагын үйл ажиллагааны зарчим, журмыг тодорхойлохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Үйлчлэх хүрээ
1.Энэ хууль нь Үндсэн хууль, Иргэний хуульд тодорхойлсон төрийн болон орон нутгийн өмчийн өмчлөх эрхийг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад үйлчилнэ.
2.Энэ хууль нь улсын болон орон нутгийн төсөв, Монгол Улсын эрдэнэсийн сангийн бүрдүүлэлт, хуваарилалт, захиран зарцуулалттай холбогдсон харилцааг зохицуулахад үйлчлэхгүй.
ХОЁРДУГААР БҮЛЭГ Төрийн өмчийн зүйлс
3 дугаар зүйл.Төрийн өмчийн зүйлсийн тухай ойлголт, ангилал
Төрийн өмч нь төрийн нийтийн зориулалттай өмч, төрийн өөрийн өмчөөс бүрдэнэ. Төрийн нийтийн зориулалттай өмч, төрийн өөрийн өмч нь Иргэний хуулийн 84 дүгээр зүйлд заасны дагуу үл хөдлөх болон хөдлөх хөрөнгөд хуваагдана.
4 дүгээр зүйл.Төрийн нийтийн зориулалттай өмч
1.Үндсэн хууль, бусад хуулиар нийтийн зориулалтаар ашиглахаар бүх ард түмний өмч болгон заасан зүйлсийг төрийн нийтийн зориулалттай өмч гэнэ
2.Төрийн нийтийн зориулалттай өмчид дараахь үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө хамаарна:
1/иргэдэд өмчлүүлснээс бусад газар;
2/газрын хэвлий, түүний баялаг;
3/ус, түүний доторх баялаг;
4/ой, түүний дагалдах баялаг;
5/ургамал, ан амьтны нөөц;
6/түүх, соёлын үнэт цогцолбор, хөшөө дурсгал;
7/археологийн болон палентологийн олдвор;
8/хуулиар нийтийн зориулалтаар ашиглахаар тогтоосон бусад эд хөрөнгө.
3.Төрийн нийтийн зориулалттай өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг Улсын Их Хурал хэрэгжүүлэх ба үүнтэй холбогдон үүсэх харилцаанд энэ хууль үйлчлэхгүй.
4.Төрийн нийтийн зориулалттай өмчлөлийн зүйлсийг хуульд заасан нөхцөл, журмын дагуу иргэн /Монгол улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн/, бусад өмчийн хуулийн этгээдэд эзэмшүүлж, ашиглуулж болно.
5 дугаар зүйл.Төрийн өөрийн өмч
1.Төрийн өөрийн өмчид энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаас бусад төр эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулж болох дараахь эд хөрөнгө хамаарна:
1/төрийн байгууллага, албан газарт эзэмшүүлсэн эд хөрөнгө;
2/төрийн өмчит үйлдвэрийн газарт эзэмшүүлсэн эд хөрөнгө;
З/төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн төрд ногдох хувь хөрөнгө;
4/улсын төсвийн хөрөнгө болон төрийн бусад тусгай сан;
5/төрийн тусгай хэрэгцээний бэлтгэл нөөц;
6/хуульд заасан бусад үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө.
2.Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг аж ахуйн зориулалтаар нь Нөхөрлөл, компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу үндсэн ба эргэлтийн хөрөнгө гэж хуваана.
3.Төрийн өөрийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулахтай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулна.
4.Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг нийтийн зориулалттай өмчид, эсхүл өөр өмчид шилжүүлэх журмыг хуулиар тогтооно.
6 дугаар зүйл.Төрийн өмчид эд хөрөнгө олж авах
Төрийн өмчид эд хөрөнгийг дараахь хэлбэрээр олж авна:
1/энэ хууль хүчин төгөлдөр болох үед төрийн өмчлөлд байсан эд хөрөнгө;
2/үйлдвэрлэл, ажил үйлчилгээний үр дүнд бий болсон эд хөрөнгө;
З/эрх бүхий байгууллагын шийдвэрээр худалдан авсан эд хөрөнгө;
4/хандив, тусламж, бэлэглэл, өвлөх журмаар олж авсан эд хөрөнгө;
5/хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд заасан үндэслэл, журмын дагуу нийгэмчилсэн, дайчлан буюу хураан авсан эд хөрөнгө.
7 дугаар зүйл.Төрийн өмчийн эд хөрөнгийг өмчлөх эрх дуусгавар болох
Төрийн өмчийн эд хөрөнгийг өмчлөх эрх Иргэний хууль, бусад хуульд заасан үндэслэлээр дуусгавар болно.
ГУРАВДУГААР БҮЛЭГ Төрийн өмчийн удирдлага
8 дугаар зүйл.Төрийн өмчийн талаархи Улсын Их Хурлын бүрэн эрх
1.Улсын Их Хурал төрийн өмчийн талаар дараахь бүрэн эрхтэй:
1/Улсын Их Хурал бүх ард түмнийг төлөөлөн төрийн өмчийн өмчлөгч байх;
2/төрийн өмчийн улсын нэгдсэн тооллогын дүнгийн тухай Засгийн газрын тайланг хэлэлцэх, төрийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх хэмжээг тогтоох;
З/улсын төсвийг хуулийн дагуу хянан баталж, түүний биелэлтэд хяналт тавих; /Энэ заалтыг 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
4/ төрийн өмчийг барьцаалах, орон нутгийн өмчид шилжүүлэх тухай шийдвэр гаргах;
/Энэ заалтад 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
5/төрийн өмчийг хувьчлах үндсэн чиглэл, хувьчилж үл болох эд хөрөнгийн жагсаалтыг батлах, түүнд өөрчлөлт оруулах;
6/ төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой банкны хувьчлалын үндсэн чиглэлийг баталж, хувьчлал хууль тогтоомжийн дагуу явагдаж байгаа эсэхэд Монголбанкаар дамжуулан хяналт тавина.
7/хуульд заасан бусад бүрэн эрх.
2.Нийгэмчлэх шийдвэрийг гагцхүү Улсын Их Хурал гаргах эрхтэй.
9 дүгээр зүйл.Төрийн өмчийн талаархи Засгийн газрын бүрэн эрх
Засгийн газар нь төрийн өмчийн бүрэн бүтэн байдлыг Улсын Их Хурлын өмнө хариуцах бөгөөд энэ талаар дараахь бүрэн эрхтэй:
1/төрийн өмчийн талаархи төрийн бодлого, хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах;
2/төрийн өмчит хуулийн этгээдийн өөрт олгогдсон эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах хэмжээ, хязгаарыг энэ хуульд нийцүүлэн тогтоох;
З/төрийн өөрийн өмчийн үл хөдлөх хөрөнгийг хувьчлалаас гадуур худалдах, шилжүүлэх тухай шийдвэр гаргах;
4/хувьчлах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалтыг батлах;
5/хуульд өөрөөр заагаагүй бол төрийн өмчит хуулийн этгээдийг байгуулах, өөрчлөх, татан буулгах тухай шийдвэр гаргах, түүний дүрмийг батлах;
6/төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн эд хөрөнгөөс бусад өмчийн этгээдтэй хамтран хуулийн этгээд байгуулах, хөрөнгө оруулах, оруулсан хувь хөрөнгөө татан авах талаар тухайн хуулийн этгээдээс гаргасан саналыг хэлэлцэж шийдвэрлэх;
7/хуульд заасан тохиолдолд бусдын өмчлөлийн зүйлийг төрийн өмчид дайчлан авах шийдвэр гаргах, нийгэмчлэх санал, төсөл боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;
8/төрийн өмчийн эд хөрөнгийн нэгдсэн тооллогын дүн, төсвийн гүйцэтгэлийн тайланг Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх;
9/төрийн өмчит хуулийн этгээдийн улсын ба орон нутгийн төсөвтэй харилцах хуваарийг тогтоох, өөрчлөх;
10/ төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой банкны төрийн өмчид ногдох хэсгийг хувьчлах хөтөлбөр, банкин дахь төрийн өмчийн эд хөрөнгийг үнэлэх журмыг Монголбанктай зөвшилцөн батална.
11/хуульд заасан бусад бүрэн эрх.
10 дугаар зүйл.Төрийн өмчийн хороо
1.Төрийн өмчийн хороо нь төрийн өмчийн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, хамгаалах ажлыг эрхлэн гүйцэтгэх үүрэг бүхий Засгийн газрын үндсэн бүтцийн байгууллага мөн.
2.Төрийн өмчийн хороо нь дарга, орон тооны бус 8 гишүүнээс бүрдэнэ. Хорооны гишүүнийг Төрийн өмчийн хорооны даргын санал болгосноор Засгийн газар томилно.
3.Төрийн өмчийн хороо нь дэргэдээ төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд төрийн төлөөлөл хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий төрийн өмчийн агентлагтай байна. Агентлагийн дүрмийг Засгийн газар батална. /Энэ заалтыг 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
4.Төрийн өмчийн агентлаг нь өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллана. /Энэ заалтыг 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
5.Нийслэл, аймагт төрийн өмчийн төлөөлөгч ажиллана. Төрийн өмчийн төлөөлөгчийн эрх хэмжээ, ажиллах журмыг Засгийн газар тогтооно. /Энэ хэсгээс1997.6.19-ний хуулиар үг хассан/
11 дүгээр зүйл.Төрийн өмчийн хорооны бүрэн эрх
Төрийн өмчийн хороо дараахь бүрэн эрхтэй:
1/төрийн өмчийн эд хөрөнгийн эзэмшилт, хадгалалт, хамгаалалтыг сайжруулах ажлыг зохион байгуулж гүйцэтгэлийг хянах;
2/төрийн өмчийн эд хөрөнгийн анхан шатны бүртгэл, тооллого, тайлан тэнцэл гаргах ажлыг зохион байгуулж удирдах, төрийн өмчийн эд хөрөнгийн ашиглалтад хяналт тавьж, түүний үр ашгийг дээшлүүлэх арга хэмжээ авах;
З/төрийн өмчит хуулийн этгээдээс дагаж мөрдөх төлөвлөлт, ашиг орлогын хуваарилалт, цалин хөлсний норм, нормативыг холбогдох байгууллагатай тохиролцон тогтоох;
4/Засгийн газраас баталсан жагсаалтын дагуу эд хөрөнгийг хувьчлах ажлыг зохион байгуулж, гүйцэтгэлийг тайлагнах;
5/орон нутгийн өмчийг удирдах ажилд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх;
6/төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд төрийн өмчийн төлөөлөгчийг томилж, түүний үйл ажиллагаанд хяналт тавих;
7/захиалгын үндсэн дээр төрийн байгууллагыг шаардлагатай эд хөрөнгөөр хангах; /Энэ заалтыг 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
8/төрийн өмчит хуулийн этгээдийн үл хөдлөх болон үндсэн хөрөнгөд хамаарах хөдлөх хөрөнгийг данснаас хасах санал, захиалгыг хянаж батлах, шинээр авах шийдвэр гаргах;
9/хуульд заасан бусад бүрэн эрх.
12 дугаар зүйл.Төрийн өмчийн талаархи яам, тусгай газрын эрх хэмжээ
1.Эрхэлсэн салбар, хүрээний төрийн өмчит хуулийн этгээдийн аж ахуй, санхүүгийн үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангаж, захиалга, төлөвлөлт, хөрөнгө оруулалт, шаардлагатай бусад асуудлаар санал боловсруулж холбогдох газарт оруулна.
2.Үндэсний аюулгүй байдлыг хангах, батлан хамгаалах зориулалттай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг төрийн өмчит хуулийн этгээдийн удирдлага, эд хөрөнгийн талаархи бүрэн эрхийг уг асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлнэ.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ Төрийн өмчит хуулийн этгээд, түүний эд хөрөнгийн эрх
13 дугаар зүйл.Төрийн өмчит хуулийн этгээдийн ойлголт, ангилал
Төр чиг үүргээ хэрэгжүүлэх болон нийгмийн хэрэгцээг хангах зорилгоор төр өөрийн өмчөөр дангаараа байгуулсан хуулийн этгээдийг төрийн өмчит хуулийн этгээд гэнэ. Төрийн өмчит хуулийн этгээдийг эд хөрөнгийн эрхийн байдлаар нь дор дурдсанаар ангилна:
1/төрийн байгууллага, албан газар;
2/төрийн өмчит үйлдвэрийн газар.
14 дүгээр зүйл.Төрийн байгууллага, албан газрын эд хөрөнгийн эрх
1.Төрийн өмчит үйлдвэрийн газраас бусад улсын төсвөөс санхүүждэг хуулийн этгээдийг төрийн байгууллага, албан газар гэнэ.
2.Төрийн байгууллага, албан газар нь өөрт олгогдсон эд хөрөнгийн талаар дараахь эрх, үүрэгтэй:
1/өөрт олгогдсон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангаж, үйл ажиллагааныхаа зорилгод нийцүүлэн зориулалтын дагуу эзэмшиж, ашиглах;
2/улсын төсвөөс олгосон хөрөнгийг Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуульд заасны дагуу нь зарцуулж, тайлагнах;
З/хуулиар хориглоогүй бол ажил, үйлчилгээ үзүүлсний үр дүнд олсон орлогыг өөрөө мэдэж дүрмийнхээ зорилтын дагуу эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах; /Энэ заалтыг 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
4/үндсэн хөрөнгөд хамаарах эд хөрөнгө олж авах, захиалах, данснаас хасаж шилжүүлэх, устгах саналаа Төрийн өмчийн хороонд тавьж, энэ хуулиар тогтоосон журмын дагуу зөвшөөрөл авах.
15 дугаар зүйл.Төрийн өмчит үйлдвэрийн газрын ангилал
1.Төрийн өмчит үйлдвэрийн газар гэдэгт дан ганц төрийн өмчид үндэслэсэн болон улсын төсвөөс санхүүждэг үйлдвэрийн газар орох бөгөөд тэдгээрийг эд хөрөнгийн эрхийн байдлаар нь аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар, улсын төсөвт үйлдвэрийн газар гэж ангилна.
2.Өөрт олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллаж бие даан иргэний гүйлгээнд ордог хуулийн этгээдийг аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар гэнэ.
3.Өөрт олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр төсвийн хөрөнгөөр санхүүждэг, зөвхөн төрийн хэрэгцээнд зориулсан үйлдвэрлэл, ажил, үйлчилгээ эрхэлдэг хуулийн этгээдийг улсын төсөвт үйлдвэрийн газар гэнэ.
16 дугаар зүйл.Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын эд хөрөнгийн эрх
1.Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар нь эд хөрөнгийн талаар дараахь эрх, үүрэгтэй:
1/өөрт олгогдсон үл хөдлөх хөрөнгийг дүрэмд заасан үйл ажиллагааныхаа зорилгод нийцүүлэн эзэмших, ашиглах;
2/үндсэн хөрөнгийг энэ хуульд заасан эрх хэмжээний дотор захиран зарцуулах;
3/үйлдвэрийн үйл ажиллагааны үр дүнд олсон ашгаас эрх бүхий байгууллагаас баталсан нормативт хэмжээгээр өөртөө үлдээж захиран зарцуулах;
4/үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ өөрөө бие даан борлуулах.
2.Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар үндсэн хөрөнгийг зөвхөн Төрийн өмчийн хорооны зөвшөөрөлтэйгээр данснаас хасах буюу борлуулах, устгах эрхтэй.
17 дугаар зүйл.Улсын төсөвт үйлдвэрийн газрын эд хөрөнгийн эрх
1.Улсын төсөвт үйлдвэрийн газар нь эд хөрөнгийн талаар энэ хуулийн 14 дүгээр зүйлд заасан төрийн байгууллага, албан газартай нэгэн адил эрхтэй.
2./Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/.
18 дугаар зүйл.Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын захиргаа
1.Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын өдөр тутмын үйл ажиллагааг үйлдвэрийн газрын Захирал удирдана. Захирлыг Төрийн өмчийн хороо, зохих салбар, хүрээний яамтай зөвшилцөн томилох буюу өөрчилнө.
2.Захирлаар томилогдох этгээд дор дурдсан шаардлага хангасан байвал зохино:
1/ дээд боловсролтой; /Энэ заалтаас 1997.6.19-ний хуулиар үг хассан/
2/аль нэг хуулийн этгээд буюу түүний салбар нэгжийн удирдах ажлыг 2-оос доошгүй жил хийсэн, удирдлагын зохих дадлагатай;
3/удирдлагын ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлдэг.
3.Тодорхой албан тушаал эрхлэх буюу тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг нь шүүхийн шийдвэрээр хассан, эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлсэн, удирдаж байсан хуулийн этгээдээ дампууруулсан, эсхүл удирдах үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс өөрчлөгдсөн этгээдийг таван жилийн дотор захирлаар томилохыг хориглоно.
4.Захирал төрийн, хувийн өмчийн, төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төлөөлөн удирдах зөвлөлд орох, тэдгээрийн захиргаанд буюу олон нийтийн болон шашны байгууллага, сангийн удирдах ажлыг хавсран гүйцэтгэхийг хориглоно.
5.Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын захиргааны албан тушаалын жагсаалт, орон тооны нормативыг Төрийн өмчийн хороо тогтооно.
6./Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/.
19 дүгээр зүйл.Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын захиралтай байгуулах гэрээ
1.Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын захирлыг /цаашид “захирал” гэх/ томилохдоо гэрээ байгуулна. Гэрээнд дараахь нөхцөлийг тусгана:
1/энэ хуульд заасан эрх, үүрэг;
2/эдийн засгийн үр ашгийг дээшлүүлж, хүргэх түвшин;
З/техник, технологийг шинэчлэх даалгавар;
4/хамт олны хөдөлмөр хамгаалал, нийгмийн талаар авах арга хэмжээ;
5/менежментийн бодлого;
6/захирлаас болон үүргээ биелүүлэх талаар төрөөс хүлээх үүрэг;
7/удирдаж байгаа үйлдвэрийн газарт нь өмчлөгчөөс олгосон эд хөрөнгө, түүний хэмжээ;
8/цалин, нэмэгдэл хөлс, энэ хуульд заасан урамшуулал;
9/ажлын нөхцөл /унаа, холбоо зэрэг/;
10/энэ хуульд заасан эд хөрөнгийн хариуцлага;
11/гэрээний үүргийн биелэлтийг дүгнэх журам, хугацаа;
12/хуульд харшлаагүй бусад нөхцөл.
2.Захирал гэрээгээр тохиролцсон үүргээ биелүүлээгүй нь хүндэтгэн үзэх бодит шалтгаангүй бол түүнийг ажлаас халах үндэслэл болно.
20 дугаар зүйл.Захирлын эд хөрөнгийн эрх, үүрэг
1.Захирал дараахь эрх, үүрэгтэй:
1/тухайн үйлдвэрийн газрыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх, итгэмжлэл олгох;
2/үйлдвэрийн газрын нэрийн өмнөөс эд хөрөнгийг энэ хууль, гэрээнд заасан эрх хэмжээний дотор захиран зарцуулах;
З/үйлдвэрийн газрын үйлдвэрлэл, санхүүгийн төлөвлөгөө боловсруулж, зохих байгууллагаар батлуулан биелэлтийг хангах;
4/үйлдвэрийн газрын захиргааны бүтцийг тогтоож, албан тушаалтныг томилох, чөлөөлөх, эрх бүхий байгууллагаас тогтоосон цалингийн бүдүүвч сангийн хэмжээнд багтаан цалинг тогтоох;
5/үйлдвэрийн газрын үйлдвэрлэл, технологийн нууцад хамаарах мэдээллийг тогтоох;
6/хөдөлмөрийн хууль тогтоомжид нийцсэн хөдөлмөрийн дотоод журам баталж мөрдүүлэх;
7/тогтоосон журмын дагуу анхан шатны бүртгэлийг хөтөлж нягтлан бодох бүртгэлийн тайлан тэнцэл, статистикийн мэдээ гаргах ажлыг зохион байгуулж, тэдгээрийн үнэн зөвийг хариуцах;
8/маргаантай асуудлаар үйлдвэрийн газраа төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах;
9/улсаас хатуу тогтоосноос бусад бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний үнэ, тарифыг тогтоох;
10/эрх хэмжээнийхээ асуудлаар хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийг биелүүлэхийн тулд тэдгээрт нийцүүлэн тухайн үйлдвэрийн газрын хэмжээнд дагаж мөрдөх тушаал, заавар гаргах;
11/хууль тогтоомжид заасан бусад эрх, үүрэг.
2.Захиралд энэ зүйлд заасан нийтлэг эрх, үүргээс гадна тухайн үйлдвэрийн газрын үйл ажиллагааны онцлогтой холбоотой бусад эрх, үүрэг эдлүүлэх талаар энэ хуулийн 19 дүгээр зүйлд заасан гэрээнд тусгаж болно.
3.Захирал шаардлагатай мэргэжилтэн, албан тушаалтныг оролцуулан захирлын зөвлөл байгуулан ажиллуулж болох ба зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг захирлын тушаалаар батална. Зөвлөлийн гишүүд захиралд гагцхүү зөвлөх эрхтэй ажиллана.
4.Захиралд дараахь урамшуулал үзүүлэхээр гэрээнд тусгаж болно:
1/үйлдвэрийн газрын ашгаас тодорхой хугацаанд тодорхой хувиар олгох;
2/гэрээний үүргийн биелэлтийг харгалзан тодорхой хэмжээний мөнгөн шагнал олгох.
5.Захирлын гэм буруутай үйл ажиллагаа болон энэ хууль, гэрээнд заасан эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ хэтрүүлэн буюу урвуулан ашиглах зэргээр тухайн үйлдвэрийн газарт хохирол учруулсан бол уг хохирлыг захирал өөрийн хувийн өмчийн эд хөрөнгөөр бүрэн хариуцна.
21 дүгээр зүйл.Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, түүний эд хөрөнгийн эрх, онцлог
1.Төрийн өмчийн хувьцаатай буюу төр хувь хөрөнгөө оруулсан хуулийн этгээдийг төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд гэнэ.
2.Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд төрийн өмчийн төлөөллийг дараахь аргаар хэрэгжүүлнэ:
1/төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн эрх барих байгууллага болох Гишүүдийн /хувьцаа эзэмшигч буюу хувь нийлүүлэгчдийн/ хуралд төрийн өмчийн төлөөлөгчийг Төрийн өмчийн хороо томилж оруулах.
2/Нөхөрлөл, компанийн тухай хуулийн 85 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу төрийн өмчийн оролцооны хэмжээтэй хувь тэнцүүлэн төрийн өмчийн төлөөлөгчийг Төрийн өмчийн хорооноос томилж тухайн хуулийн этгээдийн төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд оруулах.
3.Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн Гишүүдийн хуралд төрийг төлөөлж оролцохоор томилогдсон төрийн өмчийн төлөөлөгч нь тухайн хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд орсон байна.
4.Төрийн өмчийн төлөөлөгч дараахь эрх үүрэгтэй:
1/гишүүдийн болон төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд таслах эрхтэй оролцох;
2/төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлж байгаа хуулийн этгээдийн эд хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах талаар санал боловсруулж Төрийн өмчийн хороонд оруулах;
3/олгогдсон эрх хэмжээнийхээ дотор төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх.
5.Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 21.2.-т заасан болзлыг хангасан нэр дэвшигчдээс томилно.
6.Төрийн өмчийн төлөөлөгч Төрийн өмчийн хорооноос баталсан удирдамж, зааврыг баримтлан ажиллана. Удирдамж, зааврыг зөрчсөн буюу зохих ёсоор биелүүлээгүй нь түүнийг томилсон шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно.
7.Төрийн өмчийн төлөөлөгч Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний нь хувьд олгох ногдол урамшууллыг Төрийн өмчийн агентлагт төвлөрүүлнэ. Төлөөлөх үүргээ хэрхэн биелүүлж байгаа, тухайн хуулийн этгээд ашигтай ажилласан эсэхийг харгалзан төлөөлж байгаа этгээдэд зохих шагнал, урамшуулал олгоно. Шагнал, урамшуулал олгох журмыг Төрийн өмчийн хороо тогтооно. /Энэ заалтыг 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
8.Төр төлөөлж Гишүүдийн хуралд оролцож байгаа төрийн өмчийн төлөөлөгч нь тухайн хуулийн этгээдийн бусад хувийн өмчлөгчөөс төлөөлөн удирдах зөвлөлд сонгогдож байгаа гишүүний талаар санал өгөхгүй.
9.Энэ хууль болон бусад хуульд нийцүүлж Засгийн газар төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд дэх төрийн өмчийн төлөөллийн талаар тусгай журам тогтоож болно.
22 дугаар зүйл.Төрийн өмчит хуулийн этгээдийг байгуулах, бүртгэх
Төрийн өмчит үйлдвэрийн газар ба албан газрыг Засгийн газрын буюу хуулиар тусгайлан олгосон эрх бүхий байгууллагын шийдвэрээр байгуулах бөгөөд уг шийдвэр гарсан өдрөөр байгуулагдсанд тооцож дор дурдсан журмаар бүртгэнэ:
1/энэ хуулийн 13 дугаар зүйлийн 1/, 15 дугаар зүйлийн З дахь хэсэгт заасан төрийн байгууллага, албан газар ба улсын төсөвт үйлдвэрийн газрыг хуульд өөрөөр заагаагүй бол Сангийн яам улсын бүртгэлд бүртгэнэ;
2/энэ хуулийн 15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрыг Нөхөрлөл, компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан журмаар улсын бүртгэлд бүртгэнэ. /Эдгээр заалтуудыг 2003 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
23 дугаар зүйл.Төрийн өмчит хуулийн этгээдийг татан буулгах
Төрийн өмчит хуулийн этгээдийг татан буулгахад Иргэний хууль болон бусад хуульд заасан үндэслэл, журмыг баримтална.
ТАВДУГААР БҮЛЭГ Төрийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах журам
24 дүгээр зүйл.Төрийн өмчийн эд хөрөнгийг олж авах
1.Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар өөрийн чиг, үүрэг зорилтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай эд хөрөнгийн жагсаалтыг санхүүгийн жил эхлэхээс гурван сарын өмнө гаргаж, Төрийн өмчийн хороо, Сангийн яамаар зардлын дээд хязгаарыг батлуулна.
2.Төрийн байгууллагаас бусад төрийн өмчит хуулийн этгээд батлагдсан зардлын хэмжээнд багтаан шаардлагатай хөрөнгийг өөрөө худалдаж авах ба төрөөс түүнд хариу төлбөргүйгээр олгож болно.
3.Төрийн өмчит хуулийн этгээд үл хөдлөх хөрөнгийг захиалгын үндсэн дээр зөвхөн Төрийн өмчийн хорооны шийдвэрээр олж авна.
25 дугаар зүйл.Төрийн өмчийн эд хөрөнгийг үнэлэх, бүртгэх
1.Төрийн өмчийн эд хөрөнгийг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан журмаар үнэлж бүртгэнэ.
2.Зах зээлийн үнэ, валютын ханшны өөрчлөлт зэргийг харгалзан эд хөрөнгийг дахин үнэлэх шийдвэрийг Засгийн газар гаргаж болно.
3.Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газраас бүтээгдэхүүн, ажил үйлчилгээндээ тогтоосон үнэ нь тухайн бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний зах зээлийн үнийн талаар төрөөс баримталж байгаа бодлогод болон нийгмийн ашиг сонирхолд сөрөг нөлөө үзүүлэх шинжтэй гэж үзвэл Засгийн газраас хянаж, өөрчлүүлэх тухай шийдвэр гаргаж болно.
4.Эд хөрөнгийн үнэлгээ, бүртгэлийг нягтлан бодох бүртгэлийн дансанд тусгах заавар, журмыг Сангийн яам гаргана.
26 дугаар зүйл.Төрийн өмчийн эд хөрөнгийг эзэмших, ашиглах
Төрийн өмчит хуулийн этгээд нь өөрт олгогдсон эд хөрөнгийг энэ хуулиар тогтоосон журмын дагуу эзэмшиж ашиглана.
27 дугаар зүйл.Төрийн өмчийн эд хөрөнгийг төрийн өмчийн бус этгээдэд эзэмшүүлж, ашиглуулах
1.Төрийн өмчийн эд хөрөнгийг эрх бүхий байгууллагын шийдвэрээр концессийн болон түрээсийн гэрээгээр, мөн хуулиар зөвшөөрсөн бол үнэ төлбөргүйгээр бусдад эзэмшүүлж, ашиглуулж болно.
2.Төрийн өмчийн газар, газрын хэвлий зэрэг үл хөдлөх хөрөнгийг концессийн гэрээгээр эзэмшүүлэх тухай харилцааг хуулиар тусгайлан зохицуулна.
28 дугаар зүйл.Төрийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх
1.Төрийн нийтийн зориулалттай өмчийг түрээслүүлэх журмыг Улсын Их Хурал, төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх журмыг Иргэний хуульд нийцүүлэн Засгийн газар тогтооно.
2.Засгийн газраас тусгайлан журамласнаас бусад үл хөдлөх хөрөнгийг түрээсээр эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг төрийн өмчит хуулийн этгээд эдэлнэ.
3.Түрээсийн гэрээнд Иргэний хуулийн 105 дугаар зүйлд заасан нөхцөлөөс гадна эд хөрөнгө түрээслүүлэх хугацаа, төлбөр, нөхцөл, хугацаанаас өмнө цуцлах үндэслэл, үүсэх үр дагавар, түүнийг арилгах журмыг заавал тусгана.
4.Түрээсэлсэн эд хөрөнгийг худалдах тохиолдолд түрээслэгчид Иргэний хуулийн 105 дугаар зүйлд заасан эрх /тэргүүн ээлжинд худалдан авах/ эдлүүлэх эсэхийг Төрийн өмчийн хороо шийдвэрлэнэ.
5.Төрийн өмчийн түрээсийн төлбөрийг улсын төсөвт оруулна. Уг төлбөр тухайн эд хөрөнгийг худалдан авах үнийн төлбөрт үл хамаарна.
29 дүгээр зүйл.Төрийн өмчийн эд хөрөнгийг худалдах
1.Төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгийг хувьчлалаас гадуур худалдахад Засгийн газрын, төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөд хамаарах хөдлөх хөрөнгийг Төрийн өмчийн хорооны, бусад эд хөрөнгийг тухайн хуулийн этгээдийн шийдвэрээр гагцхүү дуудлага худалдаагаар худалдаж болно.
2. /Энэ хэсгийг 1997.6.19-ний хуулиар хүчингүй болсонд тооцсон./
30 дугаар зүйл.Төрийн өмчийн эд хөрөнгийг үнэ төлбөргүй шилжүүлэх
1.Төрийн өмчийн эд хөрөнгийг орон нутгийн өмч бүрдүүлэх зорилгоор үнэ төлбөргүй шилжүүлэх асуудлыг гагцхүү Улсын Их Хурал шийдвэрлэнэ.
2.Төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгө, хуулийн этгээдийн эрх хэмжээнд хамааруулснаас бусад хөдлөх хөрөнгийг Засгийн газрын шийдвэрээр, Засгийн газраас зөвшөөрөл олгосон тохиолдолд Төрийн өмчийн хорооны шийдвэрээр шилжүүлж болно.
3.Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хандивлах, бэлэглэх, барьцаалах, зээлдүүлэх, бусад өмчийн хуулийн этгээдэд хувь хөрөнгө болгон оруулахыг хориглоно.
4.Төрийн өмчийн эд хөрөнгөнөөс нэг удаагийн тэтгэмж, тусламж олгох журмыг Засгийн газраас тогтооно.
З1 дүгээр зүйл. Эзэмшилдээ байгаа илүүдэл буюу ашиглах хугацаа дууссан, шаардлага хангахгүй болсон эд хөрөнгийг худалдах, шилжүүлэх, устгах
1.Төрийн өмчит хуулийн этгээд эзэмшилдээ байгаа илүүдэл үндсэн эд хөрөнгө, түүнчлэн ашиглах хугацаа нь дууссан буюу эсхүл осол гэмтэлд өртсөний улмаас зориулалтаар нь ашиглах боломжгүй болсон бөгөөд засаж, сэлбэж ашиглах нь эдийн засгийн хувьд үр ашиггүй нь тооцоогоор нотлогдсон эд хөрөнгийг худалдаж, шилжүүлж, акт тогтоон устгаж болно.
2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан эд хөрөнгийг худалдах, шилжүүлэхэд энэ хуулийн 29, 30 дугаар зүйлд заасан эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авна.
3.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгийг худалдах, шилжүүлэх, устгахад дараахь журмыг баримтална:
1/худалдах, шилжүүлэх, устгах эд хөрөнгийн талаар өмч хамгаалах Байнгын зөвлөл дүгнэлт гаргасан байх;
2/илүүдэл эд хөрөнгө болон элэгдэл хорогдлын шимтгэлээр анхны үнийг нь нөхсөн, түүнчлэн нөхөөгүй боловч гэмтэж, засаж сэлбээд өөр зориулалтаар ашиглаж болох эд хөрөнгийн үнийг Төрийн өмчийн хороотой зөвшилцөн тогтоох;
З/засаж сэлбэн ашиглах боломжгүй эд хөрөнгийг акталж устгах;
4/ашиглах хугацаа дуусаагүй боловч осол, гэмтлийн улмаас ашиглах боломжгүй болсон эд хөрөнгийг Төрийн өмчийн хорооны зөвшөөрөлтэйгээр энэ зүйлд заасан журмын дагуу шийдвэрлэх;
5/осол, гэмтэл гарсан шалтгааныг тогтоож, хэрэв тодорхой этгээдийн буруугаас уг осол, гэмтэл гарсан бол Иргэний хуульд заасан журмаар хохирлыг арилгуулах.
4.Энэ зүйлийн З дахь хэсгийн 1-д заасан өмч хамгаалах Байнгын зөвлөлийг үндсэн үйлдвэрлэл хариуцсан дэд захирал, эсхүл түүний үүрэг биелүүлдэг менежерээр толгойлуулж ерөнхий ня-бо, технологич зэрэг мэргэжлийн ажилтнуудын бүрэлдэхүүнтэйгээр захирлын шийдвэрээр байгуулна.
ЗУРГАДУГААР БҮЛЭГ Төрийн өмчийн эд хөрөнгийг хувьчлах
32 дугаар зүйл.Төрийн өмчийн эд хөрөнгийг хувьчлах тухай ойлголт
Төрийн өмчийн эд хөрөнгийг эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэн энэ хуульд заасан арга хэлбэр, нөхцөлийн дагуу хувийн өмчид шилжүүлэхийг Төрийн өмч хувьчлах /цаашид энэ хуульд “хувьчлах”/ гэнэ.
33 дугаар зүйл.Хувьчлалын хөтөлбөр
1. Төрийн өмчийн эд хөрөнгийг хувьчлах арга хэмжээг Засгийн газар, төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой банкийг хувьчлах арга хэмжээг Засгийн газар, Монголбанктай хамтран баталсан хөтөлбөрийн дагуу хэрэгжүүлнэ.
2.Хөтөлбөрт хувьчлалын зорилго, үе шат, арга, хэлбэр, хувьчлах объектын жагсаалт зэргийг тусгасан байна.
3.Нийгмийн салбарт өөрчлөлт, шинэчлэл, хувьчлал хийх хугацаа, арга хэлбэр, байгууллагын жагсаалтыг Засгийн газар, УИХ-ын Нийгмийн бодлогын болон Эдийн засгийн байнгын хороотой зөвшилцөн жил бүр батална.
З4 дүгээр зүйл. Хувьчлах арга, түүнийг тодорхойлох
1.Төрийн өмчийн эд хөрөнгийг хувьчлахдаа дараахь аргыг дангаар буюу хослуулан хэрэглэнэ:
1/дуудлагаар худалдах;
2/уралдаант шалгаруулалт /төсөл сонгон шалгаруулах/;
З/төрийн өмчийн хувьцаа, хувь хөрөнгийг худалдах;
4/төрийн өмчит хуулийн этгээдийг хамтарсан хэлбэрээр өөрчлөн байгуулах;
5/татан буулгаж эд хөрөнгийг хувьчлах;
6/менежментийн үр дүнг харгалзан хувьчлах;
7/давуу эрхтэй тусгай төрлийн хувьцаа гаргах;
8/төсвийн санхүүжилтийг төлсөн хэмжээгээр төрийн эзэмшлийг тодорхой хувиар бууруулж хувьчлах.
2.Төрийн өмчийн тодорхой эд хөрөнгийг энэ зүйлд заасан аль аргаар хувьчлахыг Засгийн газраас баталсан жагсаалтад урьдчилан заах бөгөөд түүний дагуу Төрийн өмчийн хороо шийдвэрлэнэ.
35 дугаар зүйл.Хувьчлахад бэлтгэх
1.Төрийн өмчийн эд хөрөнгийг хувьчлахын өмнө хувьчлах эд хөрөнгийг энэ хуулийн 37, 70 дугаар зүйлд заасны дагуу тооллого, үнэлгээ хийж, Төрийн өмчийн хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтад шилжүүлнэ.
2.Төрийн өмчийн хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хувьчлах эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцан хамгаалах, уул хөрөнгийг Төрийн өмчийн хорооны шийдвэрийг үндэслэн шинэ өмчлөгчид хүлээлгэн өгөх үүрэгтэй. Хүлээлгэн өгөхөд гарсан эд хөрөнгийн илүүдэл, дутагдлын асуудлыг Төрийн өмчийн хороонд тавьж шийдвэрлүүлнэ.
3.Хувьчлагдах эд хөрөнгөд түүнийг хяналтад авснаас шинэ өмчлөгчид хүлээлгэн өгөх хүртэлх хугацаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зөвшөөрөлгүйгээр ямар нэгэн хөдөлгөөн хийхийг хориглоно.
4.Шаардлагатай гэж үзвэл Төрийн өмчийн хорооны шийдвэрээр төрийн өмчит хуулийн этгээдийг хувьчлахын өмнө өөрчлөн байгуулж болно. Төрийн өмчийн хороо энэ талаар шийдвэр гаргахдаа холбогдох төрийн байгууллагуудтай зөвшилцөнө.
36 дугаар зүйл.Хувьчлах хөрөнгийн талаар мэдээлэл хүргэх
1.Хувьчлагдах төрийн өмчит хуулийн этгээд төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төрд ногдох хувьцаа, ногдол хувьтай холбогдох мэдээллийг Төрийн өмчийн хороо хувьчлах үйл ажиллагаа эхлэхээс 30-аас доошгүй хоногийн өмнө төр засгийн албан ёсны хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд сонордуулна.
2.Хувьчлах тухай зар, мэдээнд дараахь зүйлийг заавал тусгана:
1/хувьчлагдах хуулийн этгээдийн эзэмшилд байгаа эдэлбэр газрын хэмжээ, шинж чанар, хэрэв түүнийг түрээслэн авсан бол түүний нөхцөл, төлбөрийн тооцоо;
2/нийт хөрөнгийн нэр төрөл, үнэ, өр, авлагыг бүрэн тусгасан тухайн жил, улирлын тайлан, тэнцэл, эдийн засгийн үр ашгийн болон төлбөрийн чадварыг илэрхийлэх үзүүлэлтүүд;
З/эрхэлдэг ажил, үйлчилгээний нэр төрөл;
4/хувьчлах эд хөрөнгийн санал болгосон доод үнэ; /Энэ заалтад 1997.6.19-ний хуулиар өөрчлөлт орсон./
5/эд хөрөнгө, ажил үйлчилгээний нөхцөл, онцлогтой холбогдох бусад мэдээлэл.
3.Төрийн өмчийн хороо нь өөр нэмэгдэл мэдээллийг нийтлүүлж болно.
37 дугаар зүйл.Хувьчлах эд хөрөнгийг үнэлэх
1.Төрийн өмчийн эд хөрөнгийг хувьчлахаас өмнө худалдах доод үнийг тогтооно.
2.Хөрөнгийг доод үнээс доогуур үнээр худалдахыг хориглоно.
3.Худалдах доод үнэ тогтоох журмыг Засгийн газар батална.
4.Шаардлагатай тохиолдолд доод үнэ тогтоох шинжээчдийн хэсгийг Засгийн газар томилж болно. /Энэ зүйлийг 1997.6.19-ний хуулиар өөрчлөн найруулсан/
38 дугаар зүйл.Дуудлагын худалдаа
1.Хувьчлах эд хөрөнгийн цаашдын зориулалтын талаар тусгайлсан болзол тавих шаардлагагүй тохиолдолд дуудлагын худалдааны аргыг хэрэглэнэ.
2.Дуудлагын худалдааг Иргэний хуулийн 197 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт заасны дагуу нээлттэй буюу хаалттай явуулна.
3.Дуудлагын худалдааг бүх сонирхогчдыг чөлөөтэй оролцуулан явуулахыг нээлттэй, тодорхой этгээдийн хүрээнд явуулахыг хаалттай гэнэ.
4.Дуудлагын худалдаанд оролцогчид үнийн саналаа дуудлагын худалдаанд биеэр буюу итгэмжлэгдсэн төлөөлөгчөө байлцуулж үнийн саналаа ээлж дараалан өсгөн хэлэх, эсхүл худалдан авах үнийн дээд саналаа битүүмжлэн ирүүлэх замаар илэрхийлнэ.
5.Дуудлагын худалдааны хэлбэрийг Төрийн өмчийн хороо урьдчилан тогтоож зар, мэдээлэлд тусгаж нийтэд мэдээлнэ.
39 дүгээр зүйл.Дуудлагын худалдааг зарлан мэдээлэх
1.Дуудлагын худалдаа явуулах зар, мэдээг Төрийн өмчийн хороо энэхүү ажиллагааг явуулахаар товлосон өдрөөс ЗО-аас доошгүй хоногийн өмнө мэдээлнэ.
2.Дуудлагын худалдааны зар, мэдээнд энэ хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаас гадна дараахь зүйлийг тусгана:
1/дуудлагын худалдаа эхлэх он, сар, өдөр, цаг; /Энэ заалтыг 1997.6.19-ний хуулиар өөрчлөн найруулсан./
2/эрхэлдэг ажил үйлчилгээний нэр төрөл, барилга, байгууламж, машин тоног төхөөрөмжийн тодорхойлолт, тоо хэмжээ;
З/дуудлагын худалдаанд тавих дэнчингийн хэмжээ;
4/дуудлагын худалдаанд оролцогчдыг бүртгэх журам, хугацаа;
5/худалдах, худалдан авах гэрээний ерөнхий нөхцөл.
40 дүгээр зүйл.Дуудлагын худалдаанд оролцогчдын эрх, үүрэг
1.Дуудлагын худалдаанд оролцогчид дараахь эрхтэй:
1/дуудлагын худалдаанд хамаарагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн талаар өөрийн сонирхсон мэдээллийг үнэ төлбөргүй олж авах;
2/уг ажиллагаанд өөрийн биеэр болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан оролцох;
З/дуудлагын худалдаанд биеэр буюу төлөөллөөр оролцож ялаагүй бол дэнчингээ буцааж авах;
4/дуудлагын худалдааг товлон зарласан хугацааг хожимдуулсан буюу өмнө явуулснаас, түүнчлэн худалдааг явуулаагүйгээс өөрт учирсан хохирлыг нөхөн төлүүлэх;
5/дуудлага худалдааны журам зөрчигдсөнтэй холбогдох гомдлоо Төрийн өмчийн хороо, шүүхэд гаргах.
2.Оролцогчид дараахь үүрэгтэй:
1/дуудлагын худалдаанд оролцохоо худалдаа эхлэхийн өмнө худалдаа зохион байгуулагчдад бүртгүүлэх;
2/зар, мэдээнд заасан хугацаанд тогтоосон дэнчингээ тавих;
3/өөрийн санхүүгийн байдал, төлбөрийн чадварын тухай худалдаа зохион байгуулагчид үнэн зөв мэдээлэх;
4/дуудлагын худалдаанд ялбал худалдан авсан эд хөрөнгийн үнийг хуульд заасан хугацаанд төлөх;
5/худалдан авсан эд хөрөнгөө гэрээнд заасан хугацаанд хүлээн аваагүйгээс худалдагчид учирсан хохирлыг нөхөн төлөх.
41 дүгээр зүйл.Дуудлагын худалдаа явуулах нийтлэг журам
1.Дуудлагын худалдааг Төрийн өмчийн хорооны этгээд хөтлөн явуулна.
2.Хөтлөгч дор дурдсан үүрэгтэй:
1/дуудлагын худалдаанд оролцогчдыг бүртгэх;
2/худалдааг товлон зарласан газар хугацаанд нь эхлэх;
З/үнэ хаялцуулах дэгийн дарааллыг нэгбүрчлэн тэмдэглэх;
4/дуудлагын худалдаанд 2-оос доош этгээд оролцсон, доод үнээс дээш үнийн санал ирээгүй бол худалдааг явагдаагүйд тооцон хааж энэ тухай тэмдэглэл үйлдэх; /Энэ заалтыг 1997.6.19-ний хуулиар өөрчлөн найруулсан./
5/дуудлагын худалдааны явцын тэмдэглэлийг үнэн зөв, бүрэн хөтлүүлэх.
3.Дуудлагын худалдаанд түүнийг эхлэхээс дуусах хүртэл Төрийн өмчийн хорооны төлөөлөгч заавал байлцаж дараахь үүрэг гүйцэтгэнэ:
1/дуудлагын худалдаа хуульд заасан журмаар явуулж байгаа эсэхэд болон хөтлөгчийн үйл ажиллагаанд хяналт тавих;
2/дуудлагын худалдааны явцын тэмдэглэл үнэн зөв, бүрэн хөтлөгдсөн эсэхийг хянан үзэх;
З/дуудлагын худалдааг хууль зөрчиж явуулсан гэж үзвэл түдгэлзүүлэн зогсоох.
4.Дуудлагын худалдааг нийтэд товлон зарласан газар, хугацаанд нь эхэлж, оролцогчдоор үнэ хаялцуулан, эцсийн үнэ хэлсний дараа дохио өгөх буюу 1, 2, 3 гэж тоолсны эцэст өөр санал гараагүй бол хаасныг зарлана.
5.Хөтлөгч болон Төрийн өмчийн хорооны төлөөлөгч өөрөө, эсхүл өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан тухайн дуудлагын худалдаанд худалдан авагчаар оролцохыг хориглоно.
42 дугаар зүйл.Дуудлагын худалдааг хууль зөрчин явуулсанд тооцох
Дор дурдсан үндэслэлийн аль нэг байвал дуудлагын худалдааг хууль зөрчин явуулсан гэж тооцно:
1/товлон зарласан цагаас өмнө буюу эсхүл 1-ээс дээш цагаар хойшлуулж эхэлсэн;
2/товлон зарласнаас өөр газар явуулсан;
З/үнийн саналын дарааллыг алдагдуулсан;
4/хорооны төлөөлөгчгүйгээр эхэлсэн, явуулсан;
5/үнийн санал хэлж дуусаагүй байхад буюу дохио өгөөгүйгээр хаасан;
6/үнэ хаялцуулахад хөтлөгч ба хорооны төлөөлөгч, эсхүл бүртгэгдээгүй этгээд оролцсон;
7/дуудлагын худалдааны зарлалд заасан бусад болзлыг зөрчсөн.
43 дугаар зүйл.Дуудлагын худалдаа дуусгавар болгох үндэслэл
1.Дуудлагын худалдааг үнэ хаялцуулж дууссаны дараа дохио өгч хааснаар дуусгавар болсонд тооцно.
2.Дуудлагын худалдаанд хамгийн өндөр үнэ өгсөн оролцогч нь ялагч болно. /Энэ заалтыг 1997.6.19-ний хуулиар өөрчлөн найруулсан/
3. Дуудлагын худалдаанд ялагч буюу түүний эрхийг шилжүүлэн авагч нь Төрийн өмчийн хороо буюу түүнээс эрх олгосон байгууллагатай Иргэний хуулийн 197 дугаар зүйлийн 20-23 дахь хэсэгт заасны дагуу гэрээ байгуулна.
Гэрээнд дор дурдсан зүйлийг заавал тусгана: /Энэ хэсэгт 1997.6.19-ний хуулиар өөрчлөлт орсон/
1/худалдан авсан эд хөрөнгийн нэр төрөл;
2/худалдан авсан үнэ;
З/дуудлагын худалдаанд оролцохдоо тавьсан дэнчингийн хэмжээ;
4/үнэ төлөх хэлбэр;
5/эд хөрөнгө шилжүүлэх нөхцөл /болзол/, хугацаа;
6/гэрээнд заасан үүргийг биелүүлээгүй буюу цаг хугацаанд нь биелүүлээгүйгээс үүсэх хохирлыг нөхөн төлөх үндэслэл, журам, хэмжээ;
7/гэрээний үүргийн талаар үүссэн маргааныг хянан шийдвэрлэх журам.
4.Дуудлагын худалдаагаар худалдан авсан эд хөрөнгийг өмчлөх эрх нь худалдах, худалдан авах гэрээний зүйлийн үнийг бүрэн төлсний, хэрэв энэ нь үл хөдлөх эд хөрөнгө бол үнийг бүрэн төлж, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлсний дараа үүснэ. Үнэ төлөх журам, хэлбэрийг гэрээнд заана. /Энэ хэсэгт 1997.6.19-ний хуулиар өөрчлөлт орсон/
5.Худалдан авагч нь дуудлагын худалдаагаар худалдан авсан эд хөрөнгийн үнийг 14 хоногийн дотор төлнө.
6.Хэрэв ялагч нь төлбөрийг заасан хугацаанд эс төлбөл уг эд хөрөнгийг өөрийн санал болгосон үнээр худалдан авах эрх дуудлага худалдаанд удаахь үнэ санал болгосон оролцогчид шилжинэ. Уг оролцогч төлбөрийг 14 хоногийн хугацаанд төлнө. /Энэ хэсгийг 1997.6.19-ний хуулиар нэмсэн/
44 дүгээр зүйл.Дуудлагын худалдааг дахин явуулах
1.Энэ хуулийн 41 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 4/, 42 дугаар зүйлд тус тус заасан үндэслэлээр дуудлагын худалдаа явагдаагүй буюу хууль зөрчин явуулсанд тооцсон, түүнчлэн 43 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар удаахь оролцогч тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүй бол уул худалдааг дахин явуулна. /Энэ хэсэгт 1997.6.19-ний хуулиар нэмэлт оруулсан/
2.Дуудлагын худалдааг дахин явуулах тухай шийдвэрийг Төрийн өмчийн хороо гаргах бөгөөд дахин дуудлагын худалдаа явуулах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө энэ тухай мэдээлнэ. Дуудлагын худалдаа дахин явуулахдаа энэ хуульд заасан журмыг баримтална. /Энэ хэсгийг 1997.6.19-ний хуулиар өөрчлөн найруулсан
45 дугаар зүйл.Дуудлагын худалдааны явцад үүссэн маргааныг хянан шийдвэрлэх
Дуудлагын худалдааны явцад үүссэн маргааныг Төрийн өмчийн хороо шийдвэрлэнэ. Төрийн өмчийн хорооны шийдвэрийг зөвшөөрөхгүй бол шүүхэд гомдол гаргаж болно.
46 дугаар зүйл.Уралдаант шалгаруулалтаар өмч хувьчлах
1.Төсөл сонгон шалгаруулах үндсэн дээр өмч хувьчлахыг уралдаант шалгаруулалтаар хувьчлах гэнэ.
2.Эд хөрөнгийг дараахь нөхцөлд уралдаант шалгаруулалтаар хувьчилна:
1/хөрөнгө оруулж үндсэн ажил, үйлчилгээний зориулалтыг өөрчлөхгүйгээр технологийг шинэчлэх замаар хувьчлагдах хуулийн этгээдийн үйл ажиллагааны үр ашгийг нь дээшлүүлэх;
2/хувьчлагдах хуулийн этгээдийн үйл ажиллагааны нь үндсэн чиглэлийг нийгэм, бүс нутгийн болон хүн амын эрэлт хэрэгцээнд нийцүүлж өөрчлөн байгуулах.
3.Уралдаант шалгаруулалтаар хувьчлах ажиллагааг /төсөл сонгон шалгаруулах/ нээлттэй буюу хаалттай гэсэн хоёр хэлбэрийн аль нэгээр явуулна.
4.Хувьчлах эд хөрөнгийг зориулалтаар нь ашиглаж үр ашгийг дээшлүүлэхэд зайлшгүй шаардагдах мэргэжлийн болон хөрөнгө оруулалт, технологийн шаардлагыг хангах, тодорхой ажил мэргэжлийн хуулийн этгээд, хувь хүмүүсийн хүрээнд явуулахыг хаалттай, нийтийг чөлөөтэй оролцуулах үндсэн дээр явуулахыг нээлттэй гэнэ.
5.Эд хөрөнгийг /хуулийн этгээдийг/ хаалттай уралдаант шалгаруулалтаар явуулах тухайг Засгийн газраас баталсан жагсаалтад заасан байвал зохино. Түүний дагуу хувьчлах шийдвэрийг төрийн өмчийн хороо гаргаж нийтэд мэдээлнэ.
47 дугаар зүйл.Уралдаант шалгаруулалтыг зарлах
1.Уралдаант шалгаруулалтаар төрийн өмчийн тодорхой эд хөрөнгийг хувьчлах тухай зар, мэдээллийг Төрийн өмчийн хороо энэхүү ажиллагаа явуулахаар товлосон өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө энэ хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу нийтэд мэдээлнэ.
2.Төсөл шалгаруулах тухай зар, мэдээнд энэ хуулийн З6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан мэдээллээс гадна дараахь зүйлийг заавал тусгана:
1/хувьчлагдах эд хөрөнгийн цаашдын ашиглалт, захиран зарцуулалтад тавих нэмэлт болзол, шаардлага;
2/төсөл шалгаруулах үндсэн үзүүлэлтүүд;
З/шалгаруулалтад оролцогчдыг урьдчилан бүртгэх хугацаа;
4/төслийг Төрийн өмчийн хороонд ирүүлэх эцсийн хугацаа;
5/гэрээний ерөнхий нөхцөл;
6/уралдаант шалгаруулалтад дэнчин /хураамж/-гийн үнэ, хэмжээ, нэр төрөл.
48 дугаар зүйл.Уралдаант шалгаруулалтад оролцогчид тавих шаардлага
1.Уралдаант шалгаруулалтад оролцогчид дор дурдсан шаардлагыг хангасан байвал зохино:
1/эд хөрөнгийн баталгаа, төлбөрийн чадвартай;
2/мэргэжлийн чадавхитай боловсон хүчний хангамж, нөөцтэй;
3/төслийг зарласан нөхцөлийн хэмжээнд, холбогдох мэргэжлийн түвшинд хийсэн байх;
4/мэргэжлийн дүгнэлт гаргуулсан байх;
5/төслөө зарласан хугацаанд ирүүлсэн байх;
6/дэнчингээ хугацаанд нь тавьсан байх.
2.Уралдаант шалгаруулалтад оролцогчоос гаргасан эд хөрөнгийн баталгаа нь банк болон бусад аж ахуйн нэгж, байгууллагад барьцаалсан хөрөнгө байж болохгүй.
3.Төрийн өмчийн хороо хувьчлагдах эд хөрөнгийн онцлог, шинж чанарт нийцэн нэмэлт шаардлага тавьж болно. Нэмэлт шаардлагыг төсөл шалгаруулах зар, мэдээнд заавал тусгаж, мэдээлнэ.
49 дүгээр зүйл.Уралдаант шалгаруулалтад оролцогчдын эрх, үүрэг
Оролцогч нь энэ хуулийн 40 дүгээр зүйлд зааснаас гадна дараахь эрх, үүрэгтэй:
1/шалгаруулах төслийг битүүмжилж зохион байгуулагчид өөрөө өгөх буюу итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хүргүүлэх, хэрэв ийнхүү хүргэх боломжгүй бол баталгаат шуудангаар илгээж, зар, мэдээнд заасан хугацаанд ирүүлэх;
2/төсөл сонгон шалгаруулах шинжээчийг татгалзах, түүний үйл ажиллагааны талаар томилсон байгууллагад гомдол гаргах;
3/хөрөнгийн баталгаа, төлбөрийн чадвар болон уралдаант шалгаруулалтад ирүүлсэн мэдээллийн үнэн зөвийг бүрэн хариуцах.
50 дугаар зүйл.Шинжээч, түүний эрх, үүрэг
1.Төсөлтэй холбогдох үндсэн мэргэжлийн шинжээч, эсхүл түүнийг оролцуулан холбогдох мэргэжлийн шинжээчдийн багийг Төрийн өмчийн хороо шинжээчдийн бүртгэлийг үндэслэн тухайн төсөл шалгаруулах өдөр томилно.
2.Шинжээч нь дараахь шаардлага хангасан байвал зохино:
1/сонгон шалгаруулах төслийн үндсэн мэргэжлийн дээд боловсролтой, уг мэргэжлээрээ З-аас доошгүй жил ажилласан байх;
2/багд орох бусад шинжээчдийн хувьд нягтлан бодох бүртгэл, санхүү – эдийн засаг, эрх зүйн болон шинжлэх ухаан, техникийн талаар тухайн төслийн агуулгатай холбогдох дээд боловсролтой, зохих дадлагатай байх;
3/ял шийтгэлгүй;
4/төсөл буюу хувьчлах эд хөрөнгийн талаар ямар нэг хувийн сонирхолгүй байх.
3.Хувьчлагдах эд хөрөнгийн шинж чанарыг харгалзан шинжээчдийн багийн үүргийг хяналтын буюу магадлан шинжилгээний байгууллагаар гүйцэтгүүлж болно.
4.Шинжээч нь дараахь эрх, үүрэгтэй:
1/шалгаруулалтад ирүүлсэн төслийн талаар нэмэгдэл мэдээлэл шаардан авах;
2/сонгон шалгаруулах арга хэлбэрийг Төрийн өмчийн хорооны төлөөлөгчтэй тохиролцон тодорхойлох;
З/шалгаруулалтыг мэргэжлийн өндөр түвшинд хууль тогтоомжид нийцүүлэн явуулах;
4/үйл ажиллагааныхаа явцад хүлээн авсан бичиг баримтаас мэдсэн төр, байгууллага, хувь хүний нууцыг задруулахгүй байх;
5/энэ хуулийн 51 дүгээр зүйлд заасан шинжээчээр оролцож болохгүй нөхцөл байдал байвал татгалзах;
6/багт оролцсон шинжээч тусгай саналтай бол тэмдэглэлд саналынхаа үндэслэлийг бичиж татгалзах.
51 дүгээр зүйл. Шинжээчээр оролцож болохгүй нөхцөл байдал
Шинжээч нь дор дурдсан нөхцөл байдал байвал төсөл сонгон шалгаруулалтад оролцохоос татгалзах үүрэгтэй:
1/шинжээч нь төслийг зохиогч хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, өмчлөгч, хувьцаа эзэмшигчийн аль нэг байвал;
2/төсөл ирүүлсэн оролцогчийн эрхэлдэг аж ахуйн нэгжид ажиллаж байсан, эсхүл ажилладаг;
З/төсөл ирүүлсэн оролцогчтой ойрын төрөл, садны холбоотой /өөрийн болон хадам эцэг, эх, эхнэр, нөхөр, хүүхэд, ах, эгч, дүү, ач, зээ болон эхнэр буюу нөхрийн ах, эгч, дүү, тэдгээрийн хүүхэд/;
4/өөр бусдаар хувийн сонирхолтой.
52 дугаар зүйл.Төслийг хүлээн авах, нээх журам
Төслийг дор дурдсан журмаар хүлээн авч нээнэ.Үүнд:
1/зохион байгуулагчид зар, мэдээлэлд заасан хугацаанд ирсэн бүх төслийг ирүүлсэн дарааллаар нь бичиг хэргийн зааварт тодорхойлсноор бүртгэж, тусгай тэмдэглэл хийж тус тусад нь хадгална.
2/төсөл ирүүлэх эцсийн хугацаа дууссан өдөр зохион байгуулагч хүлээж авсан төслүүдийн тухай тэмдэглэл үйлдэн, Төрийн өмчийн хорооны төлөөлөгчийг байлцуулан гарын үсэг зурж, төсөл тус бүрд албан тэмдэг дарж баталгаажуулна. Төсөлтэй холбогдох нууцыг хамгаалах явдлыг зохион байгуулагч хариуцна.
3/төсөл сонгон шалгаруулах өдөр зохион байгуулагч нь ирсэн бүх төслийг тэмдэглэлийн хамт шинжээчдэд хүлээлгэн өгнө. Төслийг хүлээлгэн өгөх үед өөрөө хүсвэл уралдаант шалгаруулалтад оролцогчид байлцаж болно.
4/шинжээч нь уралдаант шалгаруулалтад ирүүлсэн төсөл бүрийн бүрэн бүтэн байдлыг нь шалгаж хүлээн авах бөгөөд энэ тухай актанд гарын үсэг зурна.
5/төсөл тус бүрээр нь задалж түүнд байгаа бүх баримт бичиг, зар, мэдээлэлд заасан баримтыг бүрэн ирүүлсэн эсэхийг шалгана;
6/хэрэв баримт бичиг дутуу байвал шинжээч энэ тухай оролцогчид мэдээлж тухайн үзүүлэлтээр үнэлгээ өгөхгүй байх, эсхүл бууруулах, төслийг шалгаруулалтаас хасаж буцаах шийдвэр гаргана.
53 дугаар зүйл.Төслийг дүгнэх журам
1.Төслийг 2 үе шаттайгаар дүгнэнэ:
-эхний шатанд уралдаанд оролцогчид хуульд заасны дагуу төслийн болзлыг хангасан эсэх;
-хоёр дахь шатанд болзлыг ойролцоо буюу адил хангасан нөхцөлд илүү үнэ өгсөн этгээдийг шалгаруулах.
2.Төсөл шалгаруулахын өмнө, түүнийг хэрхэн явуулах журмын талаар шинжээчид урьдчилан тохиролцсон байна.
3.Шинжээчдийн дүгнэлт гаргах ажиллагааны талаар тэмдэглэл хөтөлнө.
54 дүгээр зүйл.Шинжээчийн дүгнэлт
1.Шинжээч нь төсөл тус бүрээр дүгнэлт гаргана.
2.Шинжээчийн дүгнэлтэд дараахь зүйлийг тусгана:
1/төсөл сонгон шалгаруулах үзүүлэлт бүрээр төсөл тус бүрийн давуу болон сул талын тодорхойлолт уул үзүүлэлт бүрийн үнэлгээ /оноо/;
2/төсөл тус бүрийг бүхэлд нь үнэлсэн товч тодорхойлолт, нийлбэр оноо;
3/шинжээчийн тусгай санал.
3.Шинжээчийн дүгнэлтийг заавал бичгээр үйлдэх ба шинжээчийн мэргэжил, албан тушаал, гарын үсэг, хэрэв хуулийн этгээд бол албан бичгийн хэвлэмэл хуудас бичин эрх баригчийн гарын үсэг зурж, тамга тэмдэг дарсан байна. Мөн дүн шинжилгээ хийсэн газар, он, сар, өдөр, хугацаа бичигдсэн байна.
4.Шинжээчид тус бүртээ үнэлсэн тохиолдолд шинжээчдийн багийн нэгдсэн үнэлгээ болон дүгнэлтийг төсөл тус бүрээр гаргаж гарын үсэг, тамга тэмдэг дарсан байна.
5.Шинжээчид нь гаргасан үнэлгээ, дүгнэлтээ Төрийн өмчийн хорооны хуралдаанаар хэлэлцүүлнэ. Төрийн өмчийн хороо нь дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзвэл батлах, үндэслэлгүй болон хууль зөрчсөн гэж үзвэл дахин шинжилгээ хийлгэх шийдвэрийн аль нэгийг гаргана.
55 дугаар зүйл.Хувьцаа, ногдол хувь гарган хувьчлах
1.Төрийн өмчит үйлдвэрийн газрыг компаний хэлбэрт оруулан хувьцаа, ногдол хувийг нь худалдах замаар хувьчилж болно. Энэ тухай шийдвэрийг Төрийн өмчийн хороо гаргана.
Эдийн засаг нийгмийн хэрэгцээ шаардлагын үүднээс төр зарим хувьцааг нийтэд санал болгохгүй, өөрийн өмчлөлдөө авч үлдэн төрийн өмчийн оролцоотой этгээд үүсгэж болно.
2.Төрийн өмчит үйлдвэрийг энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчлөн зохион байгуулах ажлыг Төрийн өмчийн хороо эрхэлж, Нөхөрлөл, компанийн тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан үүсгэн байгуулагчийг төлөөлсөн үүргийг гүйцэтгэнэ.
3.Төрийн өмчийн хороо нь хувь нийлүүлэгчдийн зохион байгуулах хурлыг хувьцаа, ногдол хувь нь зохих журмын дагуу борлогдож дууссанаас хойш З сарын дотор зохион байгуулж, өөрийн хариуцаж байсан эрх, үүргийг шинээр байгуулагдсан хуулийн этгээдийн удирдлагад шилжүүлнэ.
56 дугаар зүйл.Төрийн өмчлөлийн хувьцаа, ногдол хувийг хувьчлах, бусад этгээдийн өмчлөлд шилжүүлэх
1.Энэ хуулийн 55 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар компани болон өөрчлөгдсөн төрийн өмчит үйлдвэрийн газрын болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төрд ногдох хувьцаа, ногдол хувийг Төрийн өмчийн хорооны шийдвэрээр чөлөөтэй, эсвэл багцалсан хэлбэрт оруулан энэ зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар биржээр болон энэ хуулийн 38-45, 46-54, 58 дугаар зүйлд заасны дагуу биржийн гадуур арилжиж худалдана.
2.Хувьцааг биржээр худалдахад дор дурдсан дараалал, журмыг баримтална:
1/хувьцааг биржээр арилжаалахад Төрийн өмчийн хороо хувьчлагдах үйлдвэрийн газрын хөрөнгийг үнэлэн, гаргах хувьцааны хэлбэр, тоо хэмжээ, худалдах анхны үнэ, багцлах бол түүний хэмжээ зэргийг тогтоон Хөрөнгийн биржээр дамжуулан нийтэд арилжих тухай шийдвэрийг гаргана. Мөн хувь нийлүүлсэн байгууллага дахь төрийн өмчлөлийн хувьцааг энэ хэлбэрээр арилжиж болно.
2/хувьцааг биржээр арилжих үйл ажиллагааг Үнэт цаасны тухай хуульд заасан журмын дагуу явуулна.
3.Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төрийн өмчлөлийн ногдол хувийг худалдахад Нөхөрлөл, компанийн тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тухайн хуулийн этгээдийн бусад өмчлөгчдийн /гишүүдийн/ саналыг авна.
4.Үндэсний аюулгүй байдал, стратегийн ач холбогдолтой төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төрд ногдох хувьцааг худалдах талаар Засгийн газар тусгайлан журам тогтоож болно.
57 дугаар зүйл.Хамтарсан үйлдвэрийн газар байгуулах замаар хувьчлах
1.Төрийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг нь хувь нийлүүлж гадаад, дотоодын хөрөнгө оруулагчийн хөрөнгөтэй нийлүүлж хамтарсан үйлдвэр байгуулах замаар хувьчилж болно. Ийнхүү хувьчлахдаа:
1/төрийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн зарим хэсэг /хувьцаа, ногдол хувь/-ийг хөрөнгө оруулагчид худалдах;
2/төрийн өмчит хуулийн этгээдийг шинэчлэх, өргөтгөх зорилгоор бусад этгээдийн хөрөнгө нэмж оруулах;
З/төрийн өмчит хуулийн этгээдийн өрийг бусад этгээдэд худалдан барагдуулж уг этгээдэд өр төлсөн хэмжээгээр төрийн өмчийн хувьцаа эзэмшүүлж тус тус болно.
2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аль ч тохиолдолд талууд өр барагдуулах, хувьцаа эзэмшүүлэх гэрээ байгуулж, түүнд хувь нийлүүлэх хөрөнгөө харилцан тохиролцсоны үндсэн дээр үнэлж, үйлдвэрлэл, түүнийг удирдах үйл ажиллагааны талаар харилцан хүлээх эрх, үүргийг Нөхөрлөл компанийн тухай хууль, эсхүл Монгол Улсын олон улсын гэрээний дагуу тусгана.
3.Хамтарсан үйлдвэрийн талаархи бүхий л харилцаанд төрийн өмчийн төлөөлөгчийн үүргийг Төрийн өмчийн хороо, түүний томилсон этгээд гүйцэтгэнэ.
58 дугаар зүйл.Удирдах үйл ажиллагааны үр дүнг харгалзан хувьчлах
1.Төрийн өмчит хуулийн этгээдийг удирдах үйл ажиллагааг /менежмент/ удирдлагын өндөр мэргэшил, дадлагатай, үйлдвэрлэлийг үр ашигтай зохион байгуулах ур чадвартай, хувийн өмчит хуулийн этгээд, хувь хүнээр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болно.
2.Менежментийн гэрээгээр ажиллах этгээд нь гэрээнд заасан бол өөрийн багийг бүрдүүлж болно.
3.Менежментийн гэрээг төсөл сонгон шалгаруулалтын үндсэн дээр хуульд өөрөөр заагаагүй бол З хүртэл жилийн хугацаагаар бичгээр байгуулна.
4.Гэрээнд үүргийн тухай болон ажил гүйцэтгэх гэрээний тухай Иргэний хуульд тодорхойлсон заалтуудыг баримтлахаас гадна дараахь болзлыг заавал тусгана:
1/удирдах үйл ажиллагааг гүйцэтгэгч /менежер/ этгээдээс үйлдвэрийн зохион байгуулалт, технологийн үйл ажиллагааг өөрчлөн байгуулах болон үр ашиг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээ, хэрэгжүүлэх хугацаа, үе шат, дүгнэж үнэлэх шалгуур үзүүлэлт, журам;
2/гэрээгээр ажиллах этгээдийн цалин хөлс, урамшил;
З/гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлсэн нөхцөлд төрийн өмчийн эд хөрөнгөөс хувьчлан өгөх хэмжээ, хэлбэр, үнэ;
4/гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйд хүлээлгэх хариуцлага, учруулсан хохирлыг нөхөн төлөх хэлбэр, хэмжээ, түүнд барьцаалах хөрөнгө.
5.Менежментийн гэрээний аргыг төрийн өмч давамгайлсан хувьцаат болон хамтарсан хуулийн этгээдийн төрд ногдох хувьцааг худалдах нөхцөлөөр хэрэглэж болно. Энэ тохиолдолд тухайн хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигчид, төлөөлөн удирдах зөвлөлтэй зөвшилцөж тохирсон байна.
59 дүгээр зүйл.Давуу эрхтэй тусгай төрлийн хувьцаа гаргах замаар хувьчлах
1.Төрийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийг бүрэн хэмжээгээр хувьчлах боловч үйлдвэрлэлийн зарим үйл ажиллагаанд төрөөс тодорхой хугацаанд хяналт тавьж зохицуулах шаардлагатай бол ногдол ашиг авахгүй зөвхөн саналын эрхтэй тусгай хувьцаа эзэмших замаар оролцож болно.
2.Төр ийм төрлийн хувьцаа гаргаж өөрөө эзэмших, түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд, хугацаа зэргийг тухайн хуулийн этгээдийг хувьчлах үед Төрийн өмчийн хорооноос нийтэд зарлан мэдээлнэ.
60 дугаар зүйл.Хуулийн этгээдийг татан буулгаж эд хөрөнгийг хувьчлах
1.Дампуурсан буюу техник, технологи нь хоцрогдсон, цаашид өөрчлөн шинэчилсэн ч эдийн засгийн үр ашиггүй нь тогтоогдсон төрийн өмчит үйлдвэрийн газрыг Засгийн газрын шийдвэрээр татан буулгаж өрийг барагдуулсны дараа үлдсэн эд хөрөнгийг хувьчилж болно.
2.Татан буулгах хуулийн этгээдийн эд хөрөнгийн тооллого хийж дуусгалтын тайлан, тэнцэл үйлдэн, эд хөрөнгийг хэсэгчлэн энэ хуулийн 30 дугаар зүйлд зааснаар бусдад шилжүүлэх, эсхүл дуудлагаар худалдах ажлыг Засгийн газрын шийдвэрийг үндэслэн Төрийн өмчийн хороо эрхлэн гүйцэтгэнэ.
61 дүгээр зүйл.Өмч хувьчлан авагч этгээдтэй байгуулах гэрээ
1.Хувьчилсан эд хөрөнгийг өмчлөгч этгээдэд шилжүүлэхийн өмнө Төрийн өмчийн хороо шинэ өмчлөгчтэй эд хөрөнгө хувьчилсан тухай гэрээ байгуулна.
2.Гэрээнд дараахь нөхцөлийг заавал тусгасан байна:
1/төрийн өмчийг хувьчилсан болон хувьчилж авсан этгээдийн нэр, орших газар, хаяг бүртгэлийн дугаар;
2/хувьчилсан эд хөрөнгийн нэр төрөл, нэг бүрийн болон нийт үнэ, түүнийг төлөх хугацаа, хэлбэр;
3/өмчлөх эрхийн гэрчилгээ олгох нөхцөл;
4/хувьчилсан эд хөрөнгийг шинэ өмчлөгчид шилжүүлэн өгөх буюу хүлээн авах газар, хугацаа, журам, хүлээн авах, өгөх ажлыг гүйцэтгэх этгээд, тэдгээрийн эрх, үүрэг;
5/хувьчлан авсан эд хөрөнгийн ашиглалтын талаар өмчлөгч төрийн өмнө үүрэг хүлээсэн бол уг үүрэг, хариуцлага, түүнчлэн эд хөрөнгийг хүлээн авах, хүлээлгэн өгөх хугацаа, журам зөрчсөний хариуцлага.
3.Гэрээнд хуульд харшлахааргүй бусад нөхцөлийг тохиролцон зааж болно.
4.Энэхүү гэрээнд хөрөнгө хүлээлгэн өгсөн тухай акт болон тодорхой төсөл хэрэгжүүлэх болзолтой авч байгаа бол уг баримт бичгийг заавал хавсаргана.
62 дугаар зүйл.Хувьчлалыг хүчингүйд тооцох үндэслэл
1.Дараахь үндэслэлийн аль нэг нь байвал хувьчлалыг хууль бус гэж үзэж хүчингүй болгоно:
1/Улсын Их Хурлын буюу Засгийн газрын баталсан жагсаалтад ороогүй объектыг хувьчилсан;
2/тодорхой объектыг Төрийн өмчийн хорооны зохих шийдвэргүй хувьчилсан;
3/дуудлага худалдааны болон уралдаант шалгаруулалтын журам зөрчсөн;
4/хувьчлан авагч эд хөрөнгийн үнэ, хууль, гэрээнд заасан бусад төлбөрийг гэрээний хугацаанд төлөөгүй буюу төлбөрийг хууль бусаар хийсэн;
5/ доод үнээс доогуур үнээр худалдсан буюу хувьчлахыг зөвшөөрөөгүй эд хөрөнгө оролцуулан авсан, өгсөн; /Энэ заалтыг 1997.6.19-ний хуулиар өөрчлөн найруулсан/
6/хувьчлан авагчид нь хуульд зааснаас илүү хөнгөлөлт, давуу эрх олгосон;
7/хувьчлан авагч өмч хувьчлан авсан тухай гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь зохих ёсоор биелүүлээгүй;
8/хувьчилсан эд хөрөнгийн үнийг төлөхөд хуулиар хориглосон эх үүсвэрийг ашигласан;
9/өөр хэлбэрээр энэ хууль болон бусад хууль зөрчсөн.
2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хувьчлалыг хүчингүйд тооцох болон хөрөнгийн хохирлыг хэрхэн арилгах шийдвэрийг Төрийн өмчийн хороо гаргана.
3.Хувьчлал хүчингүй болсон тохиолдолд Төрийн өмчийн хороо уг зөрчлөөс үүссэн хохирлыг арилгах, эд хөрөнгийг хамгаалах арга хэмжээ авч, цаашид уг эд хөрөнгийг хэрхэх тухай шийдвэр гаргана.
4.Энэ зүйлд зааснаар Төрийн өмчийн хорооны гаргасан шийдвэрийг сонирхогч этгээд эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргаж болно.
63 дугаар зүйл.Хувьчилсан өмч хөрөнгийн үнийг төлөх хөрөнгийн эх үүсвэр
1.Хувьчилсан эд хөрөнгийн үнийг хувьчилж авсан этгээд өөрийн болон хууль ёсоор авсан дотоод, гадаадын зээлийн мөнгөн хөрөнгөөр /үнэт цаасаар/ төлнө.
2.Үнийг төлөхөд зориулж хувьчлалд зориулсан сан болон бусад эх үүсвэрээс хуульд заасан нөхцөл, журмын дагуу Засгийн газар өмчлөгчид зээл олгож болно.
3.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад хөрөнгийн эх үүсвэрийг хувьчилж байгаа эд хөрөнгийг худалдан авахад төлбөрийн хэрэгсэл болгохыг хориглоно.
64 дүгээр зүйл.Хувьчлалын орлого
1.Төрийн өмчийг хувьчлах явцад авсан бүх төрлийн хураамж, хувьчлагдсан эд хөрөнгийн үнэ, энэ зориулалтаар бусдаас төрд өгсөн хандиваас хувьчлалын орлого бүрэлдэнэ.
2.Хувьчлалын орлогыг улсын төсөвт оруулна. /Энэ хэсгийг 1997.6.19-ний хуулиар өөрчлөн найруулсан/
65 дугаар зүйл.Хувьчлалын тайлан
1.Төрийн өмчийн эд хөрөнгийн хувьчилсан тухай бүр хувьчлал эрхлэн явуулсан албан тушаалтан хувьчлалын тайлан бичиж, Төрийн өмчийн хорооны хуралдаанд оруулна. Тайлан бичих загварыг Төрийн өмчийн хороо батална. Тайланд дараахь зүйлийг тусгана:
1/хувьчилсан эд хөрөнгийн тооллого, үнэлгээ хийсэн байдал;
2/хувьчлах талаар эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэр;
3/хувьчлах ажиллагаа явуулсан дүн, эд хөрөнгийг худалдсан үнэ, төлбөр хийсэн байдал;
4/байгуулсан гэрээ;
5/шинэ өмчлөгчид эд хөрөнгийг хүлээлгэн өгсөн байдал.
2.Тайланд гэрээ, хөрөнгийн жагсаалтыг тус тус хавсаргана. Тайлан нь төрийн өмчийн тухай эд хөрөнгийг хувьчилсан тухай нотлох хуулийн үндсэн баримт бичиг бөгөөд түүнийг Төрийн өмчийн хорооны хуралдаанаар хэлэлцэж батална.
3.Баталсан тайланг зохих журмын дагуу архивт тусгай сан хөмрөг болгон шилжүүлнэ.
4.Төрийн өмчийн хороо нь төрийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгийг хувьчлагдсан тухай бүр үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн байгууллагад мэдэгдэнэ. /Энэ хэсгийг 1997.6.19-ний хуулиар өөрчлөн найруулсан/
ДОЛДУГААР БҮЛЭГ Нийгмийн салбарын өөрчлөлт, шинэчлэл, хувьчлал
651 дүгээр зүйл.Нийгмийн салбарын өөрчлөлт, шинэчлэл, хувьчлал
1.Нийгмийн салбарт үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчит хуулийн этгээдээс үзүүлдэг үйлчилгээ, удирдах үйл ажиллагааг төрийн өмчийн оролцоогүй хуулийн этгээд, хувь хүнээр гүйцэтгүүлэх, нийгмийн салбарт тусламж, үйлчилгээг үзүүлэхэд ашиглагддаг төрийн өмчийн зориулалтын эд хөрөнгийг бусдад түрээсээр ашиглуулахыг өөрчлөлт, шинэчлэл, хувьчлалын хүрээнд хамааруулж ойлгоно.
2.Энэ хуулийн 652, 653, 654 дүгээр зүйлд заасан гэрээний үндсэн дээр төрийн өмчит хуулийн этгээдийн удирдах үйл ажиллагаа, үзүүлж байгаа тусламж, үйлчилгээг удирдлагын, гүйцэтгэлийн гэрээгээр гүйцэтгүүлэх болон төрийн өмчийн эд хөрөнгийг түрээсийн гэрээгээр ашиглуулахад төрийн өмчийн аливаа эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх бусдад шилжихгүй.
3.Нийгмийн салбарын хувьчлалд энэ хуулийн зургадугаар бүлэгт заасан хувьчлалын аргуудыг нэгэн адил хэрэглэж болно.
4. Нийгмийн салбарын өөрчлөлт, шинэчлэл, хувьчлалын үйл ажиллагаанд дараахь зарчмыг баримтална:
1/ үйл ажиллагааны чиглэл, хөрөнгийн зориулалтыг өөрчлөхгүй байх;
2/ үйлчилгээ, үйл ажиллагааны хүрсэн түвшинг бууруулахгүй байх;
3/ үйлчилгээнд хамрах хүрээг өргөтгөх;
4/ ил тод, нээлттэй байх;
5/ ажиллагчдад учрах эрсдэлийг бууруулах
65 2дугаар зүйл. Нийгмийн салбарт үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчит хуулийн этгээдийн удирдах үйл ажиллагааг удирдлагын гэрээгээр гүйцэтгүүлэх
1.Нийгмийн салбарт үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдийн удирдах үйл ажиллагааг уралдаант шалгаруулалтаар шалгарсан, төрийн өмчийн оролцоогүй хуулийн этгээд, хувь хүнээр удирдлагын гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болно.
2. Удирдлагын гэрээгээр ажиллуулах хуулийн этгээд, хувь хүнийг уралдаант шалгаруулалтын үндсэн дээр сонгон шалгаруулна.
3.Уралдаант шалгаруулалтыг зохион байгуулах, шалгарсан хуулийн этгээд, хувь хүнтэй гэрээ байгуулах, гэрээг дүгнэх ажлыг Төрийн өмчийн хороо, тухайн хуулийн этгээдийг харьяалах салбарын төрийн захиргааны төв байгууллагатай хамтран гүйцэтгэнэ.
4.Удирдлагын гэрээгээр ажиллуулах хуулийн этгээдийн жагсаалтыг Засгийн газар батална.
5.Удирдлагын гэрээ байгуулахдаа Иргэний хуулийн үүргийн ажил гүйцэтгэх тухай гэрээний заалтыг баримтлахаас гадна дараахь нөхцөлийг заавал тусгана:
1/энэ хуулийн 58 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 1, 2, 4 –т заасан болзол;
2/тухайн хуулийн этгээдийн үндсэн үйл ажиллагааны чанар, үр ашгийг дээшлүүлэх, төсвөөс үзүүлэх санхүүжилтийг багасгах хэмжээ, үе шат, хугацаа;
3/тухайн хуулийн этгээдийн үйл ажиллагааны зардлаас давсан орлогоос түүнд хөрөнгө оруулалтын зориулалтаар буцаан олгох хөрөнгийн хэмжээ.
653 дугаар зүйл. Нийгмийн салбарын тусламж, үйлчилгээг гүйцэтгэлийн гэрээгээр гүйцэтгүүлэх
1.Төрөөс нийгмийн салбарт үзүүлдэг тусламж, үйлчилгээг төрийн өмчийн оролцоогүй хуулийн этгээд, хувь хүнээр гүйцэтгэлийн гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болно.
2. Гүйцэтгэлийн гэрээгээр ажиллуулах хуулийн этгээд, хувь хүнийг уралдаант шалгаруулалтын үндсэн дээр сонгон шалгаруулна.
3. Уралдаант шалгаруулалтыг зохион байгуулах, шалгарсан хуулийн этгээд, хувь хүнтэй гэрээ байгуулах, гэрээг дүгнэх ажлыг Төрийн өмчийн хороо, тухайн тусламж, үйлчилгээний чиглэлийн асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран гүйцэтгэнэ.
4. Гүйцэтгэлийн гэрээгээр ажиллуулах хуулийн этгээдийн жагсаалтыг Засгийн газар батална.
5. Гүйцэтгэлийн гэрээ байгуулахдаа Иргэний хууль болон ажил гүйцэтгэх тухай гэрээний заалтуудыг баримтлахаас гадна дараахь нөхцөлийг заавал тусгана:
1/энэ хуулийн 58 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 1, 2, 4 –т заасан болзол;
2/тусламж, үйлчилгээнд тавигдах мэргэжлийн стандарт,шаардлага нөхцөлийг ханган гүйцэтгэх.
6.Гүйцэтгэлийн гэрээний явцад төрийн өмчийн эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийг ашиглах шаардлага гарвал Төрийн өмчийн хороо гүйцэтгэгчтэй төрийн өмчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг ашиглах тухай тусгаар гэрээ байгуулна.
654 дүгээр зүйл. Нийгмийн салбарт тусламж, үйлчилгээг үзүүлэхэд ашиглагддаг төрийн өмчийн зориулалтын эд хөрөнгийг түрээсээр ашиглуулах
1.Нийгмийн салбарын төрийн өмчийн зориулалтын эд хөрөнгийг төрийн өмчийн оролцоогүй хуулийн этгээд, хувь хүнээр түрээсийн гэрээний үндсэн дээр ашиглуулж болно.
2.Түрээсийн гэрээний үндсэн дээр төрийн өмчийн эд хөрөнгийг ашиглах хуулийн этгээд, хувь хүнийг уралдаант шалгаруулалтын үндсэн дээр шалгаруулна.
3.Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан уралдаант шалгаруулалтыг зохион байгуулах, шалгарсан хуулийн этгээд, хувь хүнтэй гэрээ байгуулах, гэрээг дүгнэх ажлыг Төрийн өмчийн хороо, тухайн тусгай зориулалтын эд хөрөнгийг ашиглахтай холбогдсон асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран гүйцэтгэнэ.
4.Нийгмийн салбарт тусламж үйлчилгээ үзүүлэх зориулалт бүхий төрийн өмчийн эд хөрөнгийг түрээслэхэд энэ хуулийн 28 дугаар зүйлийн 1, 2, 3, 5 дахь хэсгийн заалт нэгэн адил хамаарана.
655 дугаар зүйл.Төсвийн санхүүжилтийг төлсөн хэмжээгээр төрийн эзэмшлийг бууруулж хувьчлах
1.Нийгмийн салбарт үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн үйл ажиллагааг гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж төсвөөс авах санхүүжилтийг төлсөн хэмжээгээр төрийн эзэмшлийг тодорхой хувиар бууруулж хуулийн этгээд, хувь хүнд хувьчилж болно.
2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар хувьчлах хуулийн этгээдийн жагсаалтыг Засгийн газар батална.
3.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувьчлалд оролцох хуулийн этгээд, хувь хүнийг уралдаант шалгаруулалтаар шалгаруулна.
4.Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан уралдаант шалгаруулалтыг зохион байгуулах, шалгарсан хуулийн этгээд, хувь хүнтэй гэрээ байгуулах, гэрээг дүгнэх ажлыг Төрийн өмчийн хороо, тухайн төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн харьяалах төрийн захиргааны төв байгууллагатай хамтран гүйцэтгэнэ.
5.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрийн эзэмшлийг хэдэн хувиар бууруулахыг тухайн хуулийн этгээд, хувь хүнтэй байгуулах гэрээнд заавал заана. /Энэ бүлгийг 2002 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./
НАЙМДУГААР БҮЛЭГ Төрийн өмчийн эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалтад тавих хяналт шалгалт, бүртгэл, тооцоо
66 дугаар зүйл.Хяналт шалгалтын тогтолцоо
1.Төрийн өмчийн эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, эзэмшилт, ашиглалт, захиран зарцуулалтад тавих төрийн хяналт шалгалт нь Улсын Их Хурал, Засгийн газраас тавих ерөнхий хяналт, Төрийн хянан шалгах хороо, Сангийн яамнаас хэрэгжүүлэх мэргэжлийн хяналт шалгалт, төрийн өмчийн хорооны болон хуулийн этгээдийн дотоодын хяналт шалгалтаас бүрдэнэ.
2.Төрийн өмчийн хороо болон эрх бүхий бусад байгууллагын захиалгаар төрийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн эзэмшилт, ашиглалт, захиран зарцуулалтад хөндлөнгийн магадлан шалгалт хийлгэж болно.
3.Төрийн өмчийн хороо энэ талаархи хууль болон Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах үндсэн дээр өмчийн ашиглалт, захиран зарцуулалтад гүйцэтгэлийн болон баримтын байцаан шалгалт хийх, бүртгэлээр хяналт тавих зэргээр өмчийн хадгалалт, хамгаалалтад тавих системийн хяналт шалгалтыг хэрэгжүүлнэ.
4.Сангийн яам нь Төрийн өмчийн хороотой хамтран төрийн өмчит хуулийн этгээдийн аж ахуй, санхүүгийн үйл ажиллагаанд баримтын иж бүрэн шалгалтыг 2 жил тутам нэгээс доошгүй удаа заавал хийх ба шалгалтын дүнг хамтран хэлэлцэж шаардлагатай арга хэмжээ авна.
5.Эрх бүхий байгууллагууд тус тусын эрхлэх ажлын хүрээнд өмч хамгаалах асуудлаар төрийн өмчит хуулийн этгээдийн өмч хамгаалалтад санхүүгийн гэнэтийн сонгон шалгалт хийж болно.
67 дугаар зүйл.Дотоодын хяналт шалгалт
1.Төрийн өмчит хуулийн этгээдийн эрх баригч нь өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалтын байдалд өдөр тутам тавих дотоодын хяналтыг зохион байгуулж, түүний үр дүнг төрийн өмнө хариуцна.
2.Өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалтад бүртгэлээр тавих хяналт шалгалтыг тухайн хуулийн этгээдийн ерөнхий нягтлан бодогч хариуцна.
68 дугаар зүйл.Эд хариуцагч
1.Төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийг бүртгэн авч хадгалах, түүнийг нэр төрөл, чанар, бүрдлийн хувьд бүрэн бүтэн байлгах, эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр тавьж олгох, үүрэг бүхий этгээдийг эд хариуцагч гэнэ.
2.Эд хариуцагчийн жагсаалт, эд хариуцагчаар сонгон авах журам, эд хариуцагчтай байгуулах гэрээний ерөнхий нөхцөлийг Засгийн газар тогтооно.
69 дүгээр зүйл.Төрийн өмчит хуулийн этгээдийн нягтлан бодох бүртгэл, бүртгэл тооцоо
1.Төрийн өмчит хуулийн этгээд нь анхан шатны бүртгэлийн баталгаажсан баримтыг үндэслэн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэл хөтлөн, тайлан тэнцлийг улирлаар зохиож Сангийн яаманд тушаана.
2.Заавал хөтлөх нягтлан бодох бүртгэлийн нийтлэг маягтаас гадна төрийн өмчийн хуулийн этгээдэд хөтлөгдвөл зохих мэдээ, тайлангийн маягт, аргачлалыг Төрийн өмчийн улсын хороо батлан мөрдүүлж болно.
3.Төрийн өмчит хуулийн этгээдийн ерөнхий нягтлан бодогч нь мэргэшсэн байх бөгөөд түүнийг Сангийн яамны зөвшөөрөлтэйгээр захирал томилно.
70 дугаар зүйл.Төрийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн тооллого, түүний хугацаа
1.Төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгө, үнэт цаас, мөнгөн хөрөнгийн тооллогыг дотоодын тооллого, улсын тооллого гэж хоёр хуваана.
2.Эд хөрөнгийн дотоодын тооллогыг төрийн өмчит хуулийн этгээдийн захиргаа эрхлэн дор дурдсан хугацаанд явуулж улирал, жилийн тайлан тэнцэлд тусгаж тайлагнана:
1/үндсэн хөрөнгө, дуусаагүй хөрөнгө оруулалт ба барилга угсралтын ажил, их засварын зардлын тооллогыг жилд нэг удаа /12 дугаар сарын 01-нээс 31-ний дотор/;
2/түүхий эд, материал, түлш, сэлбэг хэрэгсэл, бэлэн бүтээгдэхүүн, бараа, сав, баглаа боодлын тооллогыг жилд 2 удаа /6 дугаар сарын 1, 12 дугаар сарын 1-нээс/;
З/дуусаагүй үйлдвэрлэл, өөрийн үйлдвэрийн хагас боловсруулсан зүйл, үнэт цаасны тооллогыг улиралд 1 удаа /улирлын эцсийн сарын 25-наас/;
4/мөнгөн хөрөнгө, шатах, тослох материал болон жижиглэн худалдаалах газар /дэлгүүр, цайны газар, ресторан, бар, зочид буудал гэх мэт/-т байгаа бараа, сав, боодлыг сар бүр /сар бүрийн 1-нээс/;
5/ажлын болон өсвөр, үржил, тэжээлд байгаа мал, амьтдыг жилд 1 удаа /12 дугаар сарын 15-ны/;
6/гааль худалдааны, онцгой албан татвар, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын жилийн бусад татвар хураамжийн талаар улсын болон орон нутгийн төсөвтэй хийх тооцоог улиралд заавал 1 удаа хийх;
7/банкны байгууллагаас бүх төрлийн харилцах дансны хуулгыг авах бүрдээ дансны гүйлгээг шалгаж, улирал бүрийн дансны үлдэгдлийг батлах.
3.Дотоодын тооллогын тайлан тэнцлийн дүнг Төрийн өмчийн хороо санхүү, статистикийн байгууллагатай хамтран улсын хэмжээгээр нэгтгэн гаргаж, дутагдсан эд хөрөнгийг нөхөн төлүүлэх, илүүдэл болон цаашид ашиглах боломжгүй болсон үндсэн эд хөрөнгийг шилжүүлэх, борлуулах, устгах зэрэг шаардлагтай арга хэмжээ авч Засгийн газарт тайлагнана.
4.Үндсэн хөрөнгийн, шаардлагатай гэж үзвэл эргэлтийн хөрөнгийн улсын үзлэг тооллогыг Төрийн өмчийн хороо эрхлэн 4 жилд 1 удаа Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа эхэлсэн анхны жилийн IҮ улиралд багтаан явуулна.
71 дүгээр зүйл.Эд хөрөнгийн тооллогын бэлтгэлийг хангах
1.Төрийн өмчит хуулийн этгээдийн эрх баригч, ерөнхий нягтлан бодогч нь тооллого эхлэхийн өмнө дараахь бэлтгэл хангасан байх үүрэгтэй:
1/үндсэн хөрөнгөд гарсан хөдөлгөөн, өөрчлөлтийг нягтлан бодохын дэлгэрэнгүй бүртгэлд тусгасан байх, техник, технологийн баримт бичгийг гүйцэд бүрдүүлсэн байх;
2/бараа, материал, үнэ бүхий зүйлийн орлого, зарлагыг цэгцлэн шалгаж, нэр төрлийн бүртгэлийг эд хариуцагч бүрээр хөтлүүлж тайлан гаргуулан үлдэгдлийн бүртгэлтэй тулган шалгасан байх;
3/агуулахад байгаа түүхий эд, материал, бэлэн бүтээгдэхүүн, сэлбэг хэрэгсэл зэрэг эд хөрөнгийг төрөлжүүлж, хураалт, хадгалалтыг цэгцэлсэн байх;
4/үйлдвэрлэлийн салбар, нэгжид байгаа хэрэгцээнээс илүү үндсэн хөрөнгийн зүйлс, түүхий эд, хагас боловсруулсан зүйл, бэлэн бүтээгдэхүүн ашиглаж болох хоёрдогч түүхий эд зэргийг агуулахад шилжүүлж гологдол болсон бүтээгдэхүүнийг шийдвэрлэсэн, гүйцэтгэсэн ажлын журнал хөтлүүлж, дуусаагүй ажлын хөрөнгө оруулалт ба барилга угсралтын ажлын хэмжээг тодорхойлсон байх;
5/мал, амьтныг эзэмшигч бүрээр тоолоход бэлтгүүлэх;
6/тооллогод хэрэглэгдэх хэмжих багаж, хэрэгслийг шалган баталгаажуулж бараа материалын үнийн болон хэвийн хорогдлын нормын жагсаалтыг үйлдсэн байх;
7/өмнөх тооллогоор тайлан тэнцлээс хасахаар шийдвэрлэсэн үндсэн хөрөнгө, түүхий эд материал, бэлэн бүтээгдэхүүн, барааг худалдах, устгах зэргээр бүрэн шийдвэрлүүлж үр дүнг бүртгэлд тусгасан байх;
8/өр, авлагыг барагдуулах арга хэмжээ авч үлдэгдлийг тооцсон байх.
72 дугаар зүйл.Тооллогын комисс, түүний эрх, үүрэг
1.Төрийн өмчит хуулийн этгээдийн эрх баригч нь тооллого эхлэхээс өмнө өмч хамгаалалтад хяналт тавих үүрэг бүхий болон холбогдох мэргэжлийн хүмүүсийг оролцуулан Тооллогын комисс томилж байгуулна.
2.Тооллогын комисс байгуулах шийдвэрт тооллого эхлэх, дуусгах хугацааг тооллого явуулах салбар, нэгж бүрээр заасан байна.
3.Улсын тооллогын үед тооллогыг зохион байгуулах, тооллогын комиссын ажилд хяналт тавьж, туслах төлөөлөгчдийг Төрийн өмчийн хороо томилж ажиллуулна.
4.Тооллогын комисс дараахь үүрэгтэй:
1/эд хөрөнгийн тооллогыг тогтоосон хугацаанд үнэн зөв, чанартай явуулж дуусгах;
2/тоолсон эд хөрөнгийн үнийг бэлтгэн нийлүүлэгчийн дагалдах баримт, тухайн үеийн зах зээлийн үнийн жишигтэй тулган шалгаж, тооллогын бүртгэлд бичих;
З/агуулахын эмх цэгц, хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, анхан шатны бүртгэлийн хөтлөлт, хэмжих хэрэгслийн баталгаажилт, урьдах тооллогоор өгсөн үүргийн биелэлт зэргийг тоологын явцад шалгаж, дутагдлыг арилгах арга хэмжээ авах;
4/комиссын хурлаар тооллогын үр дүнг хэлэлцэж, тооллогын бүртгэлийг баталгаажуулж, холбогдох акт, материалын хамт ерөнхий нягтлан бодогчид тусгай жагсаалтаар шилжүүлэн өгөх;
5/эвдэрсэн, гэмтсэн, чанар байдлаа алдсанаас хэрэгцээнд тохирохгүй болсон тухайн үеийн зах зээлийн үнийн жишгээс хэт өндөр үнээр авсан, хэт доогуур үнээр борлуулсан үндсэн хөрөнгө, түүхий эд, бараа материалын үнэ бүхий зүйлийн жагсаалтыг илрүүлж гэм буруутай хүмүүсээр төлүүлэх буюу данснаас хасуулах тухай саналаа тавих.
5.Тооллогын комисс дараахь эрхтэй:
1/тооллого эхлэхийн өмнө эд хариуцагчаас эд хөрөнгийн орлого, зарлагын бүх баримтыг нягтлан бодогчид бүрэн шилжүүлсэн эсэхээр баталгаа гаргуулан авах ба нягтлан бодогч уг баримтуудыг хүлээн авсан эсэхийг шалгах;
2/тооллого явуулахын өмнө эд хариуцагчдын хариуцаж байгаа бараа материалын үнэ бүхий зүйл, мөнгөн касс, агуулахыг лацдаж ломбодох болон харуул хамгаалалтын талаар илэрсэн дутагдлыг арилгах арга хэмжээ авахыг холбогдох хүмүүст шаардах;
З/тооллогын явц дундуур түүхий эд, бараа материал, мөнгөн хөрөнгийг хүлээн авах, тавьж олгох явдлыг бүрэн зогсоох, харин байгууллагын хэвийн ажиллагааг тасалдуулахгүйн тулд тооллогын комиссын хяналтын дор зөвхөн үйлдвэрлэлийн хэрэгцээний зайлшгүй шаардлагатай түүхий эд, материалыг гаргах ба хүлээн авахыг зөвшөөрөх.
73 дугаар зүйл.Эд хөрөнгийн тооллого явуулах журам
1.Үндсэн хөрөнгө, эргэлтийн хөрөнгийн тооллогоор бэлэн байгаа үлдэгдэл, нягтлан бодох бүртгэлээр байвал зохих үлдэгдлийн хоорондын зөрүүг дор дурдсан журмаар тохируулан тооцно:
1/эд хөрөнгийн хэвийн хорогдлын нормоос хэтрээгүй дутагдлыг үйлдвэрлэл, үйлчилгээний зардалд бичнэ;
2/нэг эд хариуцагчийн хариуцлагад байсан нэг нэр төрлийн адил үнэтэй бараа материалын үнэт зүйлийн илүү дутууг хооронд нь харьцуулж хааж болно;
З/нэр төрлийн материал үнэ бүхий зүйлийн дутагдлыг бусад үнэ бүхий зүйлийн илүүдлээр нэг эд хариуцагчаас гарсан дутагдлыг нөгөө эд хариуцагч дээр гарсан илүүдлээр, хоёр өөр хугацаанд гарсан нэг төрлийн адил үнэтэй зүйлийн дутагдлыг илүүдлээр хаахыг хориглоно. Харин тооллогоор илэрсэн илүүдийг зохих дансанд орлого болгож илүүдэл гарсан шалтгааныг тогтооно;
4/үнэ бүхий зүйлийн хэвийн хорогдлын нормоос хэтэрсэн дутагдал, гэмтлээс гарсан хохирлыг тухайн үеийн зах зээлийн дундаж үнээр бодож гэм буруутай хүмүүсээр төлүүлнэ. Санаатайгаар идэж ашигласан буюу дутагдуулсан нь илэрвэл хуулийн этгээдийн эрх баригч уг хэргийг 7 хоногийн дотор хуулийн байгууллагад шилжүүлнэ.
2.Байгууллагын нягтлан бодогч нь үндсэн хөрөнгө, бараа материал, үнэ бүхий зүйлийн тооллогоор бэлэн байсан үлдэгдэл, гарсан зөрүүг тооллогын акт материал батлагдсанаас хойш 5 хоногийн дотор нягтлан бодох бүртгэлд тусгаж дансны үлдэгдлийг тулган шалгана.
ЕСДҮГЭЭР БҮЛЭГ Орон нутгийн өмчийн зүйлс
74 дүгээр зүйл.Орон нутгийн өмчийн зүйлсийн тухай ойлголт
1.Орон нутгийн өмчийн зүйлс нь энэ хуулийн 3 дугаар зүйлд заасны дагуу нийтийн зориулалттай өмч, орон нутгийн өөрийн өмчөөс бүрдэнэ.
2.Орон нутгийн нийтийн зориулалттай өмчид тухайн орон нутгийн хүн амын нийтийн хэрэглээнд зориулсан эд хөрөнгө хамаарна.
75 дугаар зүйл.Орон нутгийн өмчид эд хөрөнгө олж авах
Орон нутгийн өмчид эд хөрөнгийг дараахь хэлбэрээр олж авна:
1/энэ хуулийн 6 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэгт заасан хэлбэрээр бий болсон эд хөрөнгө;
2/төрийн өмчөөс хууль тогтоомжийн дагуу хуваарилж шилжүүлсэн эд хөрөнгө;
З/орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн орон нутгийн өмчид ногдох ашгаар олж авсан эд хөрөнгө;
4/хуульд заасан бусад үндэслэлээр бий болсон эд хөрөнгө.
76 дугаар зүйл.Орон нутгийн өмчийг өмчлөх эрх дуусгавар болох
Орон нутгийн өмчийг өмчлөх эрх Иргэний хууль, бусад хуульд заасан үндэслэлээр дуусгавар болно.
77 дугаар зүйл.Орон нутгийн өмчийн талаархи иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрх
1.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн өмчийн зүйлсийг хүн амаа төлөөлөн өмчлөгч нь байна.
2.Орон нутгийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах талаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараахь бүрэн эрхтэй:
1/орон нутгийн өмчийн эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалтын байдлыг хянан шалгах буюу түүнд тавих хяналт шалгалтыг зохион байгуулах;
2/иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид, Засаг даргаас орон нутгийн өмчийн хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ хэрэгжүүлэх талаар зохиосон ажил, үр ашгийн тайлан, нэгдсэн тооллогын дүнг жил бүр хэлэлцэж, дүгнэлт, чиглэл өгөх;
3/орон нутгийн өмчийн үндсэн хөрөнгийг хувьчлах ба бусдад шилжүүлэх, шинээр олж авах жагсаалт, төлөвлөгөө, эх үүсвэрийг хэлэлцэж батлах. Хувьчлах орон нутгийн эд хөрөнгийн жагсаалтыг батлахдаа Төрийн өмчийн хороотой зөвшилцөнө;
4/орон нутгийн өмчийн хуулийн этгээд байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах шийдвэр гаргаж, гүйцэтгэлд нь хяналт тавих.
З. Орон нутгийн өмчид хамаарах үндсэн хөрөнгийг бусдын өмчлөлд шилжүүлэх, барьцаалах, шинээр олж авах асуудлыг гагцхүү иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний хуралдааны чөлөөт цагт Хурлын Тэргүүлэгчид шийдвэрлэнэ.
/Энэ хэсэгт 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
4.Хурлын Тэргүүлэгчид нь тухайн хурлын хуралдааны чөлөөт цагт энэ хуулийн 2 дахь хэсэгт заасан бүрэн эрхийг хэрэгжүүлж иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хариуцан тайлагнахаас гадна орон нутгийн өмчийн оролцоотой хувь нийлүүлсэн хуулийн этгээдэд өмчийн төлөөлөгчийг томилж түүний үйл ажиллагааг чиглүүлнэ.
5.Нутгийн удирдах байгууллагад орон нутгийн өмчийн асуудал хариуцсан ажилтан буюу ажлын алба уг ажлыг эрхэлнэ.
78 дугаар зүйл.Орон нутгийн өмчийн талаархи Засаг даргын бүрэн эрх
1.Засаг дарга нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас орон нутгийн өмчийн эд хөрөнгийн талаар гарсан шийдвэрийг Засгийн газрын бодлогод нийцүүлэн хэрэгжүүлэх үүрэгтэй.
2.Засаг дарга дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
1/иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас олгосон эрх хэмжээний дотор орон нутгийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах;
2/орон нутгийн өмчит хуулийн этгээдийн эрх баригчийг томилох;
3/орон нутгийн өмчийн төлөөлөгчийг томилох, өөрчлөх саналаа Хурлын Тэргүүлэгчдэд оруулах;
4/орон нутгийн өмчийн эд хөрөнгийн нэгдсэн бүртгэл хөтлөх, эд хөрөнгийн тооллого явуулах ажлыг зохион байгуулах;
5/орон нутгийн өмчит албан байгууллагыг шаардлагатай эд хөрөнгөөр хангах;
6/орон нутгийн өмчийн эд хөрөнгийг Төрийн өмчийн хорооны мэргэжил, арга зүйн удирдлагын дор хувьчлах ажлыг зохион байгуулах;
7/нутгийн өмч эрхэлсэн ажилтан буюу албыг шуурхай удирдах.
79 дүгээр зүйл.Орон нутгийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн эрх
Орон нутгийн өмчит хуулийн этгээд нь энэ хуулийн 14, 16, 17, 21 дүгээр зүйлд заасан эрх эдэлнэ.
80 дугаар зүйл.Орон нутгийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах журам
Орон нутгийн өмчийг эзэмших, захиран зарцуулахтай холбогдсон харилцааг энэ хуулийн тавдугаар бүлэгт заасны дагуу зохицуулна.
81 дүгээр зүйл.Орон нутгийн өмчийг хувьчлах
1.Орон нутгийн өмчийг хувьчлах арга, хэлбэр, журмыг энэ хуулийн зургадугаар бүлэгт заасныг удирдлага болгон иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно. /Энэ хэсгийг 1997.6.19-ний хуулиар өөрчлөн найруулсан/
2.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шаардлагатай гэж үзвэл төрийн өмчийн хороонд захиалгаа өгч хувьчлах ажлыг хийлгэж болно.
3.Орон нутгийн өмчийн хувьчлалын орлогыг тухайн орон нутгийн төсөвт оруулна. /2000 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар 3 дахь хэсгийг нэмсэн/
АРАВДУГААР БҮЛЭГ Бусад зүйл
82 дугаар зүйл.Хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль тогтоомж зөрчигчдөд эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүйгээр бол Төрийн өмчийн хорооны эрх бүхий албан тушаалтан зөрчлийн шинж байдлыг харгалзан дор дурдсан шийтгэл ногдуулна:
1/төрийн өмчийн эд хөрөнгийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хандивласан, бэлэглэсэн, барьцаалсан, зээлдүүлсэн, бусад өмчийн хуулийн этгээдэд хувь хөрөнгө болгон оруулсан бол гэм буруутай албан тушаалтныг 30000-60000 төгрөгөөр торгож, учирсан хохирлыг нөхөн төлүүлэх;
2/энэ хуульд заасан журмыг зөрчиж төрийн өмчийн эд хөрөнгийг худалдсан, түрээслүүлсэн бол гэм буруутай этгээдийг 25000-60000 төгрөгөөр торгож, уг хохирлыг нөхөн төлүүлэх
З/энэ хуулийн З5 дугаар зүйлийн З дахь хэсэгт заасныг зөрчсөн бол гэм буруутай этгээдийг 60000 хүртэл төгрөгөөр торгож, учирсан хохирлыг нөхөн төлүүлэх. /Энэ заалтыг 1997.6.19-ний хуулиар нэмсэн/
83 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох
Энэ хуулийн зургадугаар бүлгийг 1996 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс, бусад бүлгийг 8 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн тус тус дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н.БАГАБАНДИ

/Энэ хуулинд Монгол Улсын 1999 оны 7 дугаар сарын 21-ний, 2000 оны 5 дугаар сарын 12-ны, 2002 оны 7 дугаар сарын 4, 10-ны, 2003 оны 1 дүгээр сарын 2-ны, 5 дугаар сарын 23-ны, 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар оруулсан нэмэлт, өөрчлөлт тусгагдсан./

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬ /шинэчилсэн найруулга/

2008 оны 05 сарын 20 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ Нийтлэг үндэслэл
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсад татвар бий болгох, тогтоох, ногдуулах, тайлагнах, төлөх, хянан шалгах, хураах эрх зүйн үндсийг тогтоож, татвар төлөгч болон татварын албаны эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлон тэдгээрийн хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Татварын хууль тогтоомж
2.1.Татварын хууль тогтоомж нь Үндсэн хууль , энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд Монгол Улсын татварын хууль тогтоомжоос өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл. Татвар бий болгох, өөрчлөх, чөлөөлөх, хүчингүй болгох
3.1.Татварыг зөвхөн Улсын Их Хурал хуулиар бий болгох, өөрчлөх, хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох эрхтэй.
3.2.Дор дурдсанаас бусад тохиолдолд татвар бий болгох, өөрчлөх, чөлөөлөх, хөнгөлөх, ногдуулах, төлөхтэй холбогдсон харилцааг зөвхөн татварын хуулиар зохицуулна:
3.2.1.чөлөөт бүсэд мөрдөгдөх татварын тусгай дэглэм тогтоох;
3.2.2.хууль тогтоомжоор олгосон эрхийн хэмжээ, хязгаарт багтаан Засгийн газраас хөрөнгө оруулагчтай байгуулсан тогтвортой байдлын, эсхүл хөрөнгө оруулалтын гэрээгээр уг гэрээг байгуулах үед мөрдөгдөж байсан татварын нөхцөлийг хадгалах дэглэм тогтоох.
4 дүгээр зүйл. Хуулийн нэр томъёоны тодорхойлолт
4.1.Энэ хуульд заасан дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1.“шилжүүлсэн орлого” гэж гэрээ, хэлцлийн үндсэн дээр хувь хүн, хуулийн этгээдээр гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөрийг тухайн этгээдэд өөрт нь буюу түүний хүсэлтээр бусад этгээдэд бэлэн бусаар шилжүүлснийг;
4.1.2.“тухайн төрлийн татварын хууль хүчингүй болсноор татвар төлөх үүрэг дуусгавар болох” гэж Улсын Их Хурал уг төрлийн татварын хуулийг хүчингүй болгож, татварын хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсныг;
4.1.3.“татварын цахим баримт бичиг” гэж татварын хууль тогтоомжийн дагуу цахим хэлбэрээр боловсруулсан, хадгалсан, илгээсэн, эсхүл хүлээн авсан хамгаалалтын тоон гарын үсгээр баталгаажсан баримт бичгийн иж бүрдлийг;
4.1.4.“тоон гарын үсэг” гэж татварын цахим баримт бичгийн бүрэн бүтэн байдал, үнэн зөвийг баталгаажуулах зорилгоор тодорхой алгоритмын тусламжтайгаар бий болгосон татварын алба, татвар төлөгчийн хувийн түлхүүрийг;
4.1.5.“татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан” гэж нэгдсэн ангилал, код, стандарт, арга зүй, ижилтгэсэн баримтын шаардлагын дагуу үүсгэсэн, цуглуулсан, хүлээн авсан, боловсруулсан, хадгалсан өгөгдөл, мэдээлэл, программ хангамжийн иж бүрдлийг;
4.1.6.“татвар суутгагч” гэж татвар төлөгчийн олсон орлогод татварын хуулиар татвар ногдуулан суутгаж, улсын болон орон нутгийн төсөвт шилжүүлэх үүрэг бүхий этгээдийг;
4.1.7.“татварын тайлан” гэж бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргасан хуулийн этгээдийн татварын тайлан, хувь хүний орлогын албан татвар тодорхойлох тайлангийн хуудсыг;
4.1.8.“хүндэтгэн үзэх шалтгаан” гэж:
4.1.8.а.өвчтэй;
4.1.8.б.эмчилгээ хийлгэж байгаа;
4.1.8.в.өвчтөн асарсан;
4.1.8.г.томилолтоор гадаад, дотоодод ажилласан;
4.1.8.д.сургалтад хамрагдсан;
4.1.8.е.нийтийг хамарсан дайчилгаанд хамрагдсан;
4.1.8.ё.нийтийг хамарсан аюулт халдварт өвчний улмаас хорио цээр тогтоосон бүсэд хоригдсон;
4.1.8.ж.галын болон байгалийн гэнэтийн аюул, эсхүл давагдашгүй хүчин зүйл /усны үер, ган, зуд, аюултай цасан болон шороон шуурга, газар хөдлөлт/ зэрэг шалтгааныг.
4.1.9.“эсэргүүцэл үзүүлсэн” гэж татварын улсын байцаагчийг албан үүргээ гүйцэтгэхтэй нь холбогдуулан :
4.1.9.а.цохисон;
4.1.9.б.өшиглөсөн;
4.1.9.в.түлхсэн;
4.1.9.г.аливаа зүйлээр цацсан;
4.1.9.д.биеийн хүчний эсэргүүцэл үзүүлсэн;
4.1.9.е. заналхийлсэн;
4.1.9.ё.хэл амаар доромжилсон;
4.1.9.ж.айлгасан;
4.1.9.з.сүрдүүлсэн;
4.1.9.и.янз бүрийн байдлаар дарамталсан санаатай үйлдлийг.
ХОЁРДУГААР БҮЛЭГ Монгол Улсын татвар
5 дугаар зүйл. Татварын бүрэлдэхүүн
5.1.Монгол Улсын татвар нь албан татвар, хураамж, төлбөр /цаашид “татвар” гэх/-өөс бүрдэнэ.
5.2.Хууль тогтоомжийн дагуу хувь хүн, хуулийн этгээдийн орлого, эд хөрөнгө, бараа, ажил, үйлчилгээнд тодорхой хугацаанд тогтоосон хувь, хэмжээгээр ногдуулж, хариу төлбөргүйгээр улс, орон нутгийн төсөвт оруулж байгаа мөнгөн хөрөнгийг албан татвар гэнэ.
5.3.Албан татвар шууд болон шууд бус татвараас бүрдэнэ.
5.4.Шууд татварыг хувь хүн, хуулийн этгээдийн орлого, ашгийн хэмжээ болон эд хөрөнгийн үнийн дүнгээс шууд хамааралтайгаар тогтооно.
5.5.Шууд бус татварыг хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааны үр дүнгээс үл хамаарах тодорхой нэрийн бараа, үйлчилгээний нэр төрөлд тогтооно.
5.6.Төрийн зохих байгууллагаас хувь хүн, хуулийн этгээдэд хууль тогтоомжийн дагуу үйлчилсний төлөө тэднээс тухай бүр авч улс, орон нутгийн төсөвт оруулж байгаа мөнгөн хөрөнгийг хураамж гэнэ.
5.7.Төрийн өмчийн газар, түүнчлэн газрын хэвлий, эрдэс баялаг, ой, ургамал, рашаан, усны нөөц ашиглуулсны, агаар, ус, хөрс бохирдуулсны, ан амьтан агнуулсны төлөө хувь хүн, хуулийн этгээдээс авч улс, орон нутгийн төсөв, тусгай зориулалтын санд төвлөрүүлж байгаа мөнгөн хөрөнгийг төлбөр гэнэ.
5.8.Монгол Улсын татварыг Монгол Улсын үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгөөр ногдуулж төлнө.
/Энэ хэсгийг 2009 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн/
6 дугаар зүйл. Татвар ногдох зүйл
6.1.Татвар ногдох зүйлд орлого, эд хөрөнгө, бараа, ажил, үйлчилгээ, тодорхой эрх, газар, түүний хэвлий, байгалийн баялаг, ашигт малтмалын нөөц, агаар, хөрс, усны бохирдол хамаарна.
7 дугаар зүйл. Татварын төрөл, ангилал
7.1.Татварыг татварын төрөлд ангилах ба тодорхой төрлийн татварын харилцааг энэ хууль болон тухайн төрлийн татварын хуулиар зохицуулна.
7.2.Тодорхой төрлийн татвар нь улсын болон орон нутгийн татварын аль нэгэнд хамаарна.
7.3.Улсын Их Хурал, Засгийн газраас хувь хэмжээг нь тогтоосон бөгөөд Монгол Улсын нутаг дэвсгэрт нийтлэг үйлчлэх дараахь татвар улсын татварт хамаарна:
7.3.1.аж ахуйн нэгжийн орлогын албан татвар;
7.3.2.гаалийн албан татвар;
7.3.3.нэмэгдсэн өртгийн албан татвар;
7.3.4.онцгой албан татвар;
7.3.5.авто бензин, дизелийн түлшний албан татвар;
7.3.6.ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр;
7.3.7.зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татвар;
/Дээрх 7.3.7 дахь заалтыг 2009 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцохоор заасан/
7.3.8.ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр.
7.3.9.цөмийн төхөөрөмж барих, өөрчлөх, шинэчлэх, ашиглалтаас гаргах, ашиглах тусгай зөвшөөрөл олгоход хураах улсын тэмдэгтийн хураамж;
/Энэ заалтыг 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн/
7.3.10.цөмийн бодис эзэмших, ашиглах, худалдах, импортлох, экспортлох, тээвэрлэх, хаягдлыг булшлах тусгай зөвшөөрөл олгоход хураах улсын тэмдэгтийн хураамж;
/Энэ заалтыг 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн/
7.3.11.цацраг идэвхт ашигт малтмал импортлох, экспортлох, тээвэрлэх, хаягдлыг булшлах, ашиглалтын дараа газар нөхөн сэргээх тусгай зөвшөөрөл олгоход хураах улсын тэмдэгтийн хураамж;
/Энэ заалтыг 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн/
7.3.12.цацрагийн үүсгүүрийг эзэмших, ашиглах, худалдах, угсрах, байрлуулах, түрээслэх, үйлдвэрлэх, ашиглалтаас гаргах, задлах, хадгалах, тээвэрлэх, импортлох, экспортлох, хаягдлыг булшлах, идэвхийг сулруулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход хураах улсын тэмдэгтийн хураамж.
/Энэ заалтыг 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн/
7.3.13.агаарын бохирдлын төлбөр.
/Энэ заалтыг 2010 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/
7.4. Улсын Их Хурал, Засгийн газар, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хувь хэмжээг нь тогтоож орон нутгийн төсөвт төвлөрүүлэх, эсхүл тухайн нутаг дэвсгэрт үйлчлэх дараахь татвар орон нутгийн татварт хамаарна:
7.4.1.хувь хүний орлогын албан татвар;
7.4.2.орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ хувиараа эрхлэгч хувь хүний орлогын албан татвар;
7.4.3.үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар;
7.4.4.энэ хуулийн 7.3.9-7.3.12-т зааснаас бусад улсын тэмдэгтийн хураамж;
/Энэ заалтад 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
7.4.5.ус, рашааны нөөц ашигласны төлбөр;
7.4.6.автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар;
7.4.7.ашигт малтмалаас бусад байгалийн баялаг ашиглахад олгох эрхийн зөвшөөрлийн хураамж;
7.4.8.байгалийн ургамал ашигласны төлбөр;
7.4.9.түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөр;
7.4.10.агнуурын нөөц ашигласны төлбөр, ан амьтан агнах, барих зөвшөөрлийн хураамж;
7.4.11.газрын төлбөр;
7.4.12.ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөр;
7.4.13.бууны албан татвар;
7.4.14.нийслэл хотын албан татвар;
7.4.15.нохойны албан татвар;
7.4.16.өв залгамжлал, бэлэглэлийн албан татвар.
8 дугаар зүйл. Татварын хувь, хэмжээг тогтоох
8.1.Татварын хувь, хэмжээг Улсын Их Хурал, түүний эрх олгосноор Засгийн газар болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хууль тогтоомжийн дагуу тус тус тогтооно.
8.2. Энэ хуулийн 7.3.9-7.3.12, 8.4, 8.5-т зааснаас бусад татварын хувь, хэмжээг Улсын Их Хурал тогтооно.
/Энэ хэсэгт 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан/
8.3.Энэ хуулийн 7.3.9-7.3.12-т заасан татварын хувь, хэмжээг Засгийн газар тогтооно.
/Энэ хэсгийг 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн/
8.4.Засгийн газар нь энэ хуулийн 7.3.13-т заасан агаарын бохирдлын төлбөр, 7.4.5-д заасан усны нөөц ашигласны төлбөр болон 7.4.10-7.4.12-т заасан татварын хувь, хэмжээг Улсын Их Хурлаас баталсан хязгаарт багтаан тогтооно.
/Энэ хэсгийн дугаарыг 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчилсөн/
/Энэ хэсэгт 2010 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
8.5.Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал энэ хуулийн 7.4.5-д заасан рашааны нөөц ашигласны төлбөр болон 7.4.8-д заасан татварын хувь, хэмжээг Улсын Их Хурлаас баталсан хязгаарт багтаан тогтооно.
/Энэ хэсгийн дугаарыг 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчилсөн/
9 дүгээр зүйл. Татварын хөнгөлөлт үзүүлэх, татвараас чөлөөлөх хэлбэр
9.1.Хууль тогтоомжийн дагуу татвар төлөгчид дараахь хэлбэрээр татварын хөнгөлөлт үзүүлэх буюу түүнийг татвараас чөлөөлнө:
9.1.1.ногдуулсан татварыг хорогдуулах;
9.1.2.татварын хувь, хэмжээг бууруулах;
9.1.3.тогтоосон доод хэмжээнд хүрээгүй орлого, эд хөрөнгө, бараа, ажил, үйлчилгээг татвараас чөлөөлөх;
9.1.4.татвар төлөгчийг татвараас чөлөөлөх;
9.1.5.татвар ногдох зүйлийн зохих хэсгийг татвараас чөлөөлөх;
9.1.6.хууль тогтоомжид заасан бусад хөнгөлөлт.
10 дугаар зүйл. Татвар төлөх үүрэг дуусгавар болох, бусдад шилжих
10.1.Татвар төлөх үүрэг дараахь тохиолдолд дуусгавар болно:
10.1.1.тухайн төрлийн татварын хууль хүчингүй болсон;
10.1.2.тухайн төрлийн татварыг төлж дууссан;
10.1.3.татвар төлөгч тухайн төрлийн татвараас бүрэн чөлөөлөгдсөн;
10.1.4.татвар төлөгч хувь хүн нас барсан буюу нас барсанд тооцогдсон;
10.1.5.татвар төлөгч хуулийн этгээд татан буугдсан.
10.2.Нас барсан буюу нас барсанд тооцогдсон хувь хүний татвар төлөх үүрэг, түүнтэй холбогдох эрх өв залгамжлагчид нь шилжинэ.
10.3.Өөрчлөн байгуулагдсан хуулийн этгээдийн төлөөгүй буюу дутуу төлсөн татвар төлөх үүрэг, түүнтэй холбогдох эрх өөрчлөн байгуулагдсаны дүнд бий болсон хуулийн этгээдэд шилжих ба уг этгээд тусгаарлах, салах замаар өөрчлөн байгуулагдсан бол татвар ногдох зүйлтэй хувь тэнцүүлэн татвар ногдох үүрэг тэдгээрт шилжинэ.
10.4.Хуулийн этгээд татан буугдсан бол татан буулгах комисс, дампуурсан бол нэхэмжлэгчдийн зөвлөл төлөөгүй буюу дутуу төлсөн татварыг хуулийн этгээдийн эд хөрөнгөөс хуульд заасан журмаар гаргуулж энэ хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу төсөвт төлнө.
11 дүгээр зүйл. Татварын хөөн хэлэлцэх хугацаа
11.1.Татвар нөхөн ногдуулах, алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байх бөгөөд Монгол Улсын Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй.
11.2.Татвар, алданги, торгуулийн өрийг төлөхөд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй.
11.3.Энэ хуулийн 11.1-д заасан хөөн хэлэлцэх хугацааг дараахь байдлаар тоолж эхэлнэ:
11.3.1.тайланг жилийн эцэст нэг удаа гаргаж татвар төлөхөөр хуульд заасан татварын төрлийн хувьд уг тайланг гаргаж татвараа төлж дууссан байх ёстой өдрийн дараагийн ажлын өдрөөс;
11.3.2.тайланг сар, улирал бүр гаргаж татвар төлөхөөр хуульд заасан татварын төрлийн хувьд тухайн жилийн 12 дугаар сарын буюу жилийн эцсийн татварын тайлан гаргаж, татвараа төлж дууссан байх ёстой өдрийн дараагийн ажлын өдрөөс;
11.3.3.борлуулалт хийгдсэнээс хойш тодорхой хугацааны дотор татвар төлөхөөр хуульд заасан татварын төрөл болон суутгаж төлдөг татварын хувьд тухайн төрлийн татварын тайлан гаргах өдрийн дараагийн ажлын өдрөөс;
11.3.4.тайлан гаргахгүй төлдөг татварын хувьд тухайн төрлийн татварын хуульд заасан татвараа төлж дууссан байх ёстой өдрийн дараагийн ажлын өдрөөс.
11.4.Татварын албанаас энэ хуулийн 54 дүгээр зүйлд заасан мэдэгдэх хуудас гардуулсан өдрөөр хөөн хэлэлцэх хугацаа таслагдаж, цааш шинээр тоологдоно.
11.5.Татвар төлөгч үйл ажиллагаагаа зогсоосон, татан буугдсан тохиолдолд уг үйл ажиллагаа зогссон өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг тооцно.
11.6.Татварын хяналт шалгалтын явцад нөхөн төлүүлэхээр тогтоосон татвар болон алданги, торгуулийн хөөн хэлэлцэх хугацааг татварын улсын байцаагчийн тогтоосон акт хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолно.
ГУРАВДУГААР БҮЛЭГ Татвар төлөгч, түүний эрх, үүрэг
12 дугаар зүйл. Татвар төлөгч
12.1.Татварын хууль тогтоомжийн дагуу татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа, тодорхой эрх бүхий, эсхүл ажил үйлчилгээ эрхэлж, түүнчлэн газар, түүний хэвлий, байгалийн баялаг, ашигт малтмалын нөөц ашигласан, агаар, ус, хөрс бохирдуулснаас татвар төлөх үүрэг хүлээсэн хувь хүн, хуулийн этгээд татвар төлөгч байна.
12.2.Тухайн төрлийн татварын хуулиар уг татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийг нарийвчлан тогтооно.
13 дугаар зүйл. Татвар төлөгчийн бүртгэл
13.1.Татварын хуулиар татвар төлөх, татвар суутгах үүрэг хүлээсэн хувь хүн, хуулийн этгээд татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлнэ.
13.2.Хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол шинээр байгуулагдсан хуулийн этгээд нь бүртгэх байгууллагаас гэрчилгээ авснаас хойш ажлын 14 өдрийн дотор харьяалагдах татварын албанд хувийн хэрэг нээлгэн татвар төлөгчөөр бүртгүүлнэ.
13.3.Орлогоос бусад татвар ногдох зүйлийг өмчлөгч буюу эзэмшигч нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол уг зүйлийг өмчилж буюу эзэмшиж эхэлснээс хойш нэг сарын дотор харьяалагдах татварын албанд хувийн хэрэг нээлгэн татвар төлөгчөөр бүртгүүлнэ.
13.4.Татварын алба нь татвар төлөгч, татвар суутгагч бүрт регистрийн дугаар олгон хувийн хэрэг бүрдүүлж, түүнд дараахь баримт, мэдээллийг хадгална:
13.4.1.татвар төлөгч хувь хүний овог, эцэг /эх/-ийн нэр, нэр, регистрийн дугаар, гэрчилгээ буюу дэвтрийн дугаар, гэрийн хаяг, харилцах утасны дугаар;
13.4.2.татвар төлөгч хуулийн этгээдийн оноосон нэр, хаяг, удирдлагын гишүүдийн товч анкет, зураг, иргэний үнэмлэхний дугаар;
13.4.3.хуулийн этгээдийн татвар төлөгчөөр бүртгүүлсэн он, сар, өдөр, эрхлэх үйл ажиллагааны чиглэл;
13.4.4.үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ, газар эзэмшлийн байдал, үндсэн болон эргэлтийн хөрөнгийн хэмжээ, ажилчдын тоо зэргийг тусгаж баталгаажуулсан тайлангийн хуулбар;
13.4.5.хөрөнгө оруулагч болон харьяа салбар нэгжийн нэр, тоо, тэдгээрийн байршил, хаяг, харилцах утасны дугаар;
13.4.6.татвар төлөгчийн төлөх татварын нэр, төрөл, банкин дахь харилцах дансны дугаар;
13.4.7.тайлан тэнцэл, акт, мэдэгдэх хуудасны хувь;
13.4.8.татвар төлөгчид татварын албанаас хийсэн хяналт шалгалтын удирдамж, тайлан, зөрчил дутагдлын акт, мэдэгдэл, шаардах хуудас.
13.5.Татвар төлөгч үл хөдлөх эд хөрөнгө худалдах, бэлэглэх зэргээр өмчлөх эрхээ бусдад шилжүүлсэн өдрөөс хойш ажлын 20 өдрийн дотор харьяалагдах татварын албанд мэдэгдэнэ.
13.6.Хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол татвар төлөгч нь улсын бүртгэлийн гэрчилгээ, хувийн хэрэгт тусгагдсан зүйл өөрчлөгдөх бүрт өөрчлөлт орсноос хойш ажлын 20 өдрийн дотор татварын албанд мэдэгдэж, бүртгэл, хувийн хэрэгтээ өөрчлөлт хийлгэнэ.
13.7.Татвар төлөгчид олгосон регистрийн дугаарыг татвар төлөгч, татвар суутгагч этгээд татварын хууль тогтоомжийн дагуу гаргаж байгаа тайлан, мэдээ, гаалийн мэдүүлэг, төлбөрийн болон бусад шаардлагатай баримтуудад заавал тусгана.
13.8.Татвар төлөгчөөр бүртгүүлээгүй нь татвар ногдуулах, төлөх, суутгах үүрэг, түүнтэй уялдаж хүлээх хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.
13.9.Татвар төлөгчийг бүртгэх журмыг Yндэсний татварын ерөнхий газрын дарга батална.
14 дүгээр зүйл. Татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх
14.1.Татварын алба, татварын улсын байцаагч нь бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэж, тэдэнд итгэл үзүүлэн ажиллана.
14.2.Татварын алба, татварын улсын байцаагч хуульд заасны дагуу татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийх, татварын ногдлыг тодорхойлох, татвар төлөлтөд хяналт тавих, татвар хураахтай холбоотойгоос бусад асуудлаар татвар төлөгчийн үйл ажиллагаанд оролцохыг хориглоно.
14.3.Татварын алба, татварын улсын байцаагч, татварын албаны бусад ажилтан нь албан үүргээ гүйцэтгэх явцад олж мэдсэн Хувь хүний нууцын тухай хууль болон Байгууллагын нууцын тухай хуулиар тодорхойлсон татвар төлөгчийн нууцыг хадгалах үүрэгтэй бөгөөд зөвхөн төрийн байгууллагын дор дурдсан албан тушаалтанд татварын албаны даргын шийдвэрээр танилцуулж болно:
14.3.1.татварын хууль тогтоомжийн дагуу албан үүргээ гүйцэтгэж байгаа татварын улсын байцаагч, татварын албаны бусад ажилтан;
14.3.2.татварын хууль тогтоомжийн зөрчлийг шалгах, хянах, шийдвэрлэх үүрэг хүлээсэн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчид уг зөрчилд нь холбогдох асуудлаар;
14.3.3.Монгол Улсын олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу бусад улсын татварын байгууллагын эрх бүхий албан тушаалтан.
14.4.Энэ хуулийн 14.3-т зааснаас бусад тохиолдолд татвар төлөгчийн зөвхөн бичгээр өгсөн зөвшөөрлийг үндэслэн хуулиар хориглоогүй мэдээ, баримтуудыг танилцуулж болно.
14.5.Татварын хууль тогтоомжийг зөрчсөн нь нотлогдсон, эсхүл татвар төлөхөөс зайлсхийсэн болон эрэн сурвалжлагдаж байгаа татвар төлөгчийн талаар татварын алба энэ хуулийн 14.4-т заасан зөвшөөрөлгүйгээр нийтэд мэдээлж болно.
15 дугаар зүйл. Татвар төлөгчид үйлчлэх
15.1.Татварын алба, татварын улсын байцаагч хууль тогтоомжоор тодорхойлсон татвар төлөх үүргээ биелүүлэхэд нь татвар төлөгчид тусалж дараахь үйлчилгээг үзүүлнэ:
15.1.1.татварын хууль тогтоомжийг тайлбарлан таниулах;
15.1.2.татварын хууль тогтоомжийг нэг мөр дагаж мөрдөх, татварын үүргээ тодорхойлох, тайлан, мэдээ гаргахтай холбогдсон заавар, аргачлал, гарын авлага, маягтаар хангах;
15.1.3.татварын хууль тогтоомж, заавар, аргачлалын талаар сургалт зохион байгуулах;
15.1.4.татварын үүргээ биелүүлэхтэй холбогдсон асуудлаар татвар төлөгч хэсгээрээ буюу ганцаарчлан зөвлөлгөө авах боломжийг бүрдүүлэх, тийм зөвлөлгөө өгөх;
15.1.5.олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, татварын албаны цахим хуудсаар дамжуулан нийтийг хамарсан сурталчилгаа, сургалт, мэдээллийн нэвтрүүлэг зохион байгуулах, нийтлэл гаргах.
16 дугаар зүйл. Татвар төлөгчид мэргэжлийн зөвлөлгөө өгөх
16.1.Татвар төлөгчид хууль тогтоомжоор тодорхойлсон татвар төлөх үүргээ биелүүлэх, эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах талаар мэргэшиж, бүртгэгдсэн зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх харилцааг хуулиар зохицуулна.
17 дугаар зүйл. Татвар төлөгчийн эрх
17.1.Татвар төлөгч дараахь эрх эдэлнэ:
17.1.1.татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, татвар төлөгчийн эрхээ эдэлж, үүргээ биелүүлэхтэй холбогдсон мэдээлэл, зөвлөлгөө, татвар ногдуулах, төлөх, тайлагнах журам, аргачлал, маягтыг татварын алба, татварын улсын байцаагчаас авах;
17.1.2.татварын хууль тогтоомжид заасан хөнгөлөлт эдлэх, татвараас чөлөөлөгдөх;
17.1.3.хууль тогтоомжийн дагуу татвар төлөх хугацааг сунгуулах;
17.1.4.илүү төлсөн татварыг буцаан авах буюу суутган тооцуулах, алданги тооцон нэхэмжлэн авах;
17.1.5.эрх, хууль ёсны ашиг сонирхлоо биечлэн болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэргэшсэн зөвлөхөөрөө дамжуулан хамгаалах, татварын хяналт шалгалтад биечлэн байлцах;
17.1.6.татварын албанаас гаргасан акт, дүгнэлт, бусад баримт бичигтэй танилцах, үндэслэлгүй буюу хуульд нийцээгүй гэж үзвэл танилцсанаас хойш 30 хоногийн дотор гомдлоо захиргааны болон шүүхийн журмаар гаргах;
17.1.7.татвар ногдуулалт, төлөлт, хяналт шалгалтын дүнгийн талаар тайлбар авах буюу өгөх;
17.1.8.татварын хууль тогтоомжийг дагаж мөрдөхийг татварын алба, татварын улсын байцаагчаас шаардах, татварын албаны хууль бус шийдвэр, үйлдлийн улмаас учирсан хохирлыг хуульд заасан журмын дагуу нөхөн төлүүлэх;
17.1.9.татварын алба, татварын улсын байцаагчийн хууль бус ажиллагаа, шийдвэрийн талаар гомдлоо түүнийг шууд захирдаг болон дээд шатны албан тушаалтанд, түүнчлэн шүүхэд гаргах. Ийнхүү гомдол гаргасан нь ногдуулсан татвар, торгууль, алдангийг төлөхийг зогсоох үндэслэл болохгүй;
17.1.10.татварын хууль тогтоомжоор ногдсон үүргээ биелүүлэх, эрхээ эдлэх талаар хуулиар зөвшөөрөгдсөн татварын зөвлөхийн туслалцаа, зөвлөлгөө авах;
17.1.11.хууль тогтоомжид заасан бусад эрх.
18 дугаар зүйл. Татвар төлөгчийн үүрэг
18.1.Татвар төлөгч дараахь үүрэг хүлээнэ:
18.1.1.татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх;
18.1.2.татвар ногдуулах, төлөхтэй холбогдсон тооцоо, мэдээ, тайланг гаргаж тогтоосон хугацаанд татварын албанд ирүүлэх;
18.1.3.анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам болон нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтөлж, санхүү,аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэл гаргах;
18.1.4.татварын хууль тогтоомж зөрчсөн бол уг зөрчлийг арилгах талаар татварын албанаас тавьсан шаардлагыг биелүүлэх;
18.1.5.татварын албаны шалгалтын акт, дүгнэлтийг зөвшөөрч байгаа бол гарын үсэг зурах, зөвшөөрөхгүй бол тайлбараа хяналт шалгалт хийсэн татварын албанд ажлын 10 өдөрт багтаан бичгээр гаргаж өгөх;
18.1.6.бусдад олгох хөдөлмөрийн хөлс, шилжүүлсэн орлогод ногдох татварыг үнэн зөв суутган тооцож, тогтоосон хугацаанд төсөвт төлөх;
18.1.7.хуулиар хориглоогүй үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг төрийн захиргааны холбогдох байгууллагаас авсан өдрөөс хойш 10 хоногийн дотор энэ тухай татварын албанд мэдэгдэж, татвар төлөгчийн гэрчилгээнд тэмдэглүүлэх;
18.1.8.Монгол Улсын стандартын шаардлага хангасан кассын машин хэрэглэх;
18.1.9.татвар ногдох эд хөрөнгө, эрхээ бусдын өмчлөлд шилжүүлсэн тухай баримтыг татварын албанд гаргаж өгөх;
18.1.10.нэр, хаяг, тамга, тэмдэг, улсын бүртгэлийн гэрчилгээ, харилцах болон хувийн данс, гарын үсгийг бусдад ашиглуулан татвараас зайлсхийх боломж олгохгүй байх;
18.1.11.эрх бүхий байгууллагаас авсан тусгай зөвшөөрлийг хувь хүн, хуулийн этгээдэд түрээсэлсэн, худалдсан тухайгаа харьяалагдах татварын албанд тухай бүр мэдэгдэх;
18.1.12.банкинд данс нээсэн болон хаасан тухай татварын албанд тухай бүр мэдэгдэх;
18.1.13.татварын хяналт шалгалтад шаардлагатай санхүүгийн болон бусад баримт материалыг татварын алба, татварын улсын байцаагчийн шаардсаны дагуу гарган өгч татварын хяналт шалгалтад хамрагдах;
18.1.14.хууль тогтоомжид заасан бусад үүрэг.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ Монгол Улсын үндэсний татварын алба
19 дүгээр зүйл. Үндэсний татварын албаны бүтэц
19.1.Үндэсний татварын алба нь татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, аймаг, нийслэл, дүүргийн татварын газар, хэлтэс, сумын татварын тасаг, татварын улсын байцаагчаас бүрдэнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
19.2 Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь улсын төсвийн орлого, хяналт, сургалт, бүртгэл мэдээлэл, хэвлэлийн харьяа нэгжтэй байж болно.
/Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
19.3 Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, аймаг, нийслэлийн татварын албаны дэргэд татвар төлөгч, татварын албаны хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэх эрх бүхий Татварын маргаан таслах зөвлөл /цаашид “Маргаан таслах зөвлөл” гэх/ ажиллах бөгөөд уг зөвлөлийн ажиллах журмыг Засгийн газар батална.
/Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
20 дугаар зүйл. Татварын албаны бэлгэ тэмдэг
20.1.Татварын алба нь бэлгэ тэмдэгтэй байх бөгөөд түүний загвар, хэрэглэх журмыг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга батална.
/Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
21 дүгээр зүйл. Үндэсний татварын албаны дүрэм
21.1.Үндэсний татварын албаны дүрмийг Засгийн газар батална.
22 дугаар зүйл. Үндэсний татварын албаны чиг үүрэг
22.1. Үндэсний татварын алба дараахь үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ:
22.1.1.татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, татвар төлөгчийг мэдээллээр ханган зөвлөлгөө өгөх, сургалт, сурталчилгаа явуулах;
22.1.2.татварын хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих;
22.1.3.улс, орон нутгийн төсвийн орлогыг бүрдүүлэх.
23 дугаар зүйл. Үндэсний татварын алба, татварын улсын байцаагчийн үйл ажиллагааны зарчим
23.1.Үндэсний татварын алба, татварын улсын байцаагч нь үйл ажиллагаандаа хууль дээдлэх, бусдын нөлөөнд үл автах, татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, доод шатны байгууллага нь дээд шатны байгууллагадаа шууд захирагдах зарчим баримтална.
24 дүгээр зүйл. Үндэсний татварын алба, татварын улсын байцаагчийн хууль дээдлэх, бусдын нөлөөнд үл автах зарчмыг хангах
24.1.Үндэсний татварын алба, татварын улсын байцаагч бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ бусдын нөлөөнд үл автан гагцхүү хууль, түүнд нийцүүлэн гаргасан эрх зүйн бусад актыг удирдлага болгон ажиллана.
24.2.Хувь хүн, хуулийн этгээд, албан тушаалтан нь татварын алба, татварын улсын байцаагчаас хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож дарамт, шахалт үзүүлэхийг хориглон үүнийг зөрчсөн этгээдийн талаар холбогдох байгууллагад гомдол гаргаж шийдвэрлүүлнэ.
24.З.Татварын алба, татварын улсын байцаагчийн бүрэн эрхэд хамаарах аливаа асуудлаар хууль тогтоомжоор эрх олгосноос бусад этгээд шийдвэр гаргахыг хориглоно.
24.4.Хууль тогтоомжоор эрх олгосноос бусад тохиолдолд аливаа этгээд татвар ногдуулах, хөнгөлөх, чөлөөлөхтэй холбогдсон асуудлаар бусдын өмнө үүрэг хүлээхийг хориглоно.
24.5.Татварын хууль тогтоомжийг улсын хэмжээнд нэг мөр дагаж мөрдөх нөхцөлийг бүрдүүлэх, түүний биелэлтийг хангахтай холбогдуулан татварын албаны удирдах дээд байгууллагаас хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан журам, заавар, аргачлалыг хуулийн этгээд, хувь хүн дагаж мөрдөнө.
25 дугаар зүйл. Татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх зарчмыг хангах
25.1.Татварын алба, татварын улсын байцаагч энэ хуулийн 14 дүгээр зүйлийг дагаж мөрдөн татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх зарчмыг хангана.
26 дугаар зүйл. Үндэсний татварын албаны төсөв
26.1.Үндэсний татварын албаны үйл ажиллагааны болон хөрөнгө оруулалтын зардлыг төсвөөс санхүүжүүлнэ.
27 дугаар зүйл. Үндэсний татварын албаны удирдлага, түүний бүрэн эрх
27.1.Үндэсний татварын алба нэгдмэл, төвлөрсөн удирдлагатай байна.
27.2.Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний, аймаг, нийслэлийн татварын газар, хэлтэс татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын, дүүргийн татварын хэлтэс, сумын татварын улсын байцаагч аймаг, нийслэлийн татварын газар, хэлтсийн удирдлага дор тус тус ажиллана.
/Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
27.3.Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага бүх шатны татварын албаны үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлага, төсөв хөрөнгөөр хангаж, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллана.
/Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
27.4.Аймаг, нийслэлийн татварын газар, хэлтсийн даргыг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга, дүүргийн татварын хэлтсийн даргыг нийслэлийн татварын газрын дарга тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн томилж, чөлөөлнө.
/Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
27.5 Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга болон аймаг, нийслэл, дүүргийн татварын газар, хэлтсийн даргыг санхүү, эдийн засаг, бүртгэлийн мэргэжилтэй, татварын албанд 3-аас доошгүй жил ажилласан, татварын улсын байцаагчийн эрх бүхий төрийн албан хаагчдаас Төрийн албаны тухай хуулийн 17.1-д заасны дагуу сонгон шалгаруулж томилно.
/Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
27.6 Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга нь татварын улсын ерөнхий байцаагч байх бөгөөд энэ хуулийн 29 дүгээр зүйлд заасан татварын улсын байцаагчийн бүрэн эрхээс гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
/Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
27.6.1.үндэсний татварын алба, татварын улсын байцаагч бүрэн эрхээ хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулалтын удирдлага, төсөв хөрөнгөөр хангах, үйл ажиллагаанд нь хяналт тавих ажлыг зохион байгуулах;
27.6.2.энэ хууль болон татварын бусад хууль тогтоомжоор олгосон эрхийн хүрээнд нийтээр дагаж мөрдөх журам, заавар, аргачлалыг баталж мөрдүүлэх, зөвлөмж гаргах;
27.6.3.татварын улсын байцаагчийн эрх олгох, эрхийг хасах, хүчингүй болгох, түдгэлзүүлэх, сахилгын шийтгэл хүлээлгэх;
27.6.4.татварын хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрхийн хүрээнд тушаал гаргах;
27.6.5.татварын хууль тогтоомжийн төсөл боловсруулахад оролцох, тэдгээрийг татварын албанаас хэрэгжүүлэх арга, хэлбэр, боломжийн талаархи саналаа бэлтгэж Засгийн газар, Улсын Их Хуралд танилцуулах;
27.6.6.орлого ба хөрөнгийн татварыг давхардуулан ногдуулахгүй байх, татвараас зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай олон улсын гэрээний төсөлд санал өгөх;
27.6.7.татварын улсын байцаагчийн тогтоосон акт, дүгнэлт, бусад шийдвэрийг хуулийн хүрээнд хянан үзэж, өөрчлөх, хүчингүй болгох;
27.6.8 татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн шийдвэрийг хянаж баталгаажуулах, эсхүл өөрчлөх, хүчингүй болгох;
/Энэ заалтад 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
27.6.9.үндэсний татварын албаны ажилтнуудыг томилох, чөлөөлөх, шилжүүлэх, сэлгэж ажиллуулах, шагнаж урамшуулах;
27.6.10.үндэсний татварын албаны төсөв, хөрөнгийг захиран зарцуулах.
28 дугаар зүйл. Үндэсний татварын албаны бүрэн эрх
28.1.Үндэсний татварын алба дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
28.1.1.татварын хууль тогтоомжийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нэг мөр дагаж мөрдүүлэх ажлыг зохион байгуулах;
28.1.2.татварын хууль тогтоомжийг дагаж мөрдөх аргачлал, заавар, мэдээллээр татвар төлөгчдийг хангаж, зөвлөлгөө өгч үйлчлэх;
28.1.3.татвар төлөгч хуулийн дагуу төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэд тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг хянан шалгах ажлыг зохион байгуулах;
28.1.4.татвар төлөгчид татварын хууль тогтоомжийн дагуу татварын хөнгөлөлт үзүүлэх, татвараас чөлөөлөх;
28.1.5.татвар төлөгчийн талаар хөндлөнгийн мэдээлэл цуглуулан мэдээллийн сан бүрдүүлж, татварын хяналт шалгалт, хураалтын үйл ажиллагаанд ашиглах;
28.1.6.анхан шатны болон нягтлан бодох бүртгэл хөтлөөгүйгээс орлого, зарлагыг нь тодорхойлох боломжгүй татвар төлөгчид хуульд заасны дагуу татвар ногдуулах;
28.1.7.тогтоосон хугацаанд татвар төлөөгүй хуулийн этгээдийн банкин дахь харилцах дансны зарлагын гүйлгээг татвараа төлж дуустал түр зогсоох;
28.1.8.татварын өрийг барагдуулах, татвар хураах үйл ажиллагааг энэ хуульд заасан журмын дагуу явуулах;
28.1.9.илүү төлсөн татварыг дараачийн сар, улирал, жилийн татварт суутган тооцох буюу татвар төлөгч хүсвэл тооцоо хийснээс хойш 10 хоногийн дотор буцаан олгох;
28.1.10.татвар, алданги, торгууль төлөхөөс зайлсхийсэн, татварын мэдээ, тайлан, татварын хяналт шалгалтад шаардлагатай материалыг хугацаанд нь ирүүлээгүй, түүнчлэн татварын хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгах арга хэмжээ аваагүй татвар төлөгчид хуульд заасан хариуцлага хүлээлгэх;
28.1.11.татварын улсын байцаагч, доод шатны татварын албаны гаргасан шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл хүчингүй болгох буюу өөрчлөх;
28.1.12.хууль тогтоомжид заасны дагуу татварын зөвлөх бэлтгэх, эрх олгох ажлыг зохион байгуулах, үйл ажиллагаанд нь туслалцаа үзүүлж, хамтран ажиллах;
28.1.13.татварын хяналт хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээ, судалгаа, бусад холбогдох баримт бичгийг хувь хүн, хуулийн этгээдээс үнэ төлбөргүй гаргуулан авах;
28.1.14.цахим үйлчилгээ үзүүлэх;
28.1.15.цахим хяналт шалгалт явуулах.
28.2.Татварын алба нь шүүхэд дараахь асуудлаар нэхэмжлэл гаргана:
28.2.1.татварын хууль тогтоомж удаа дараа ноцтой зөрчсөн татвар төлөгчийн аж ахуйн үйл ажиллагааг уг зөрчлөө арилгах хүртэлх хугацаагаар түр зогсоох;
28.2.2.татвар төлөгч хууль тогтоомжоор хориглосон үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж олсон орлогыг хураалгах;
28.2.3.татвар төлөгч хууль тогтоомжоор хориглоогүй үйлдвэрлэл, үйлчилгээг зохих зөвшөөрөлгүй явуулж олсон орлогыг хураалгах;
28.2.4.татвар төлөгчийн хүчин төгөлдөр бус гэрээ хэлцэл, хууль бус үйлдлээр олсон орлогыг хураалгах;
28.2.5.албан үүргээ гүйцэтгэхэд нь татварын улсын байцаагчид саад учруулсан, эсэргүүцэл үзүүлсэн, үйл ажиллагаатай нь холбогдуулан мөрдөн хавчсан, амь бие, эрүүл мэндэд нь халдаж хохирол учруулсан;
28.2.6.хууль тогтоомжид заасан бусад асуудлаар.
29 дүгээр зүйл. Татварын улсын байцаагчийн бүрэн эрх
29.1.Татварын улсын байцаагч дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
29.1.1.татвар ногдуулах, төлөх татварын болон нягтлан бодох бүртгэлийн тайлан, данс бүртгэл, төсөл болон санхүүгийн бусад баримтад хяналт шалгалт хийх, тайлбар, лавлагаа гаргуулан авах, зөрчлийг тогтоон акт, дүгнэлт, холбогдох бусад баримт үйлдэх;
29.1.2.татварын хяналт шалгалтад шаардагдах магадлагаа, баримтын хуулбар, банкны гүйлгээний хуулгыг татвар төлөгчтэй харилцагч аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүн, санхүүгийн байгууллагаас үнэ төлбөргүй гаргуулан авах;
29.1.3. татвар ногдох зүйл нуусныг гэрчлэх баримт болон эд хөрөнгийг татвар төлөгчөөс түр хугацаагаар хураан авах, битүүмжлэх, татварын өрийг барагдуулах зориулалтаар эд хөрөнгө барьцаалах;
29.1.4.орлого олох зориулалтаар ашиглаж байгаа, эсхүл татвар ногдох зүйл, түүнийг нотлох нягтлан бодох бүртгэлийн болон бусад баримт бичгийг хадгалж буй татвар төлөгчийн байр, агуулахад байршлыг нь үл харгалзан нэвтрэн орж шалгалт, тооллого, ажлын зураг авалт, шаардлагатай бол үзлэг хийх;
29.1.5.татвар суутгагч хувь хүн, хуулийн этгээд нь бусдад олгох хөдөлмөрийн хөлс, шилжүүлсэн орлогод татвар ногдуулж, суутган авч төсөвт төлөөгүй бол түүнийг уг этгээдийн хөрөнгөөс нөхөн төлүүлэх;
29.1.6.татварын хууль тогтоомж зөрчсөн татвар төлөгчид энэ хуулийн 74, 75 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэх;
29.1.7.татвар төлөгч анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг хөтлөн татварын тайлан гаргах, орлого, татвараа тодорхойлох, баримт бүрдүүлэх ажлыг хууль тогтоомжид заасны дагуу хийж байгаа эсэхийг хянан шалгаж, мэргэжил арга зүйн зөвлөлгөө өгөх;
29.1.8.татвар ногдуулалт, төлөлтөд хяналт шалгалт хийх, татвар хураахдаа Монгол Улсын татварын болон бусад хууль тогтоомжийг чанд дагаж мөрдөх;
29.1.9. төрийн албан хаагчийн болон татварын улсын байцаагчийн ёс зүйн дүрмийг чанд мөрдөж ажиллах;
29.1.10.албан татвар, төлбөр, хураамж, алданги, торгуулийг хуульд заасан хугацаанд хурааж төсөвт оруулах;
29.1.11.татварын хяналт шалгалтын акт, дүгнэлт болон бусад шийдвэрийн биелэлтийг хангах;
29.1.12.татвар төлөгчийн хууль ёсны эрх ашгийг хүндэтгэн, татвар ногдуулах, төлөх үйл ажиллагаатай холбоотой асуудлаар хууль тогтоомжийн хүрээнд зөвлөлгөө, туслалцаа үзүүлэх;
29.1.13.татвар төлөгчийн хуулиар тогтоосон нууцыг задруулахгүй байх.
30 дугаар зүйл. Татварын улсын байцаагчид хориглох зүйл
30.1.Төрийн албаны тухай хуулиар төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хориглохоор зааснаас гадна татварын улсын байцаагчийн үйл ажиллагаанд дараахь зүйлийг хориглоно:
30.1.1.татварын хяналт, шалгалтыг удирдамж, томилолтгүйгээр хийх;
30.1.2.татварын улсын байцаагчийн акт, дүгнэлт болон бусад баримт бичгийн хэвлэмэл хуудас, маягтыг дураараа хэвлэн ашиглах, хүчингүй буюу хуурамч хуудас хэрэглэх;
30.1.3.гарын үсэг зурж эцэслэн ёсчлоогүй татварын улсын байцаагчийн акт, дүгнэлт, бусад баримт бичиг, илтгэх хуудсыг татвар төлөгчид урьдчилан танилцуулах, зөвшөөрүүлэхээр албадах;
30.1.4.гарын үсэг зурж баталгаажуулсан акт, дүгнэлт, бусад баримт бичиг, илтгэх хуудсыг засварлах, өөрчлөх;
30.1.5.хууль дээдлэх, бусдын нөлөөнд үл автах зарчмыг гажуудуулах;
30.1.6.татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг үл хүндэтгэх;
30.1.7.татварын улсын байцаагчийн ёс зүйн дүрэм зөрчих;
30.1.8.татварын хяналт шалгалтын ажлын явцад олж мэдсэн татвар төлөгчийн нууцад хамаарах мэдээллийг энэ хуулийн 14 дүгээр зүйлд зааснаас өөр этгээдэд өгөх, хувийн зорилгоор ашиглах;
30.1.9.татварын улсын байцаагчийн эрх олгогдоогүй, эсхүл уг эрх зохих журмын дагуу сунгагдаагүй байхад татварын тайлан хүлээн авах, татвар ногдуулах буюу хяналт шалгалт хийх;
30.1.10.акт, дүгнэлт, бусад баримт бичгийн биелэлтийг хангуулах ажлыг орхигдуулах, түүнд тавих хяналтыг сулруулах;
30.1.11.татвар төлөгчийн нягтлан бодох бүртгэлийг хөтлөх, татварын болон санхүүгийн тайлан тэнцэл гаргах, аудит хийх;
30.1.12.татвар төлөгчид татвараас зайлсхийх нөхцөл боломж олгох, хууль тогтоомж зөрчихийг зөвлөх, ятгах, тулгах, шаардах;
30.1.13.татвар төлөгчийн зүгээс бичгээр болон амаар гаргасан санал, хүсэлт, гомдол, мэдээллийг татварын албаны албан хэрэг хөтлөлтийн нэгдсэн болон нууцын бүртгэлд бүртгэлгүй орхих, эсхүл уг бүртгэлд бүртгэгдээгүй санал, хүсэлт, гомдол, мэдээллийг шалгаж шийдвэрлэх;
30.1.14.татварын хууль тогтоомж зөрчсөн, эсхүл татвар нуусан буюу төлөхөөс зайлсхийсэн тухай өргөдөл, гомдол, мэдээллийг хүлээн авсан бол өөрөө шалгах, эсхүл шалгах ажлыг удирдан зохион байгуулах.
31 дүгээр зүйл. Татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан
31.1.Үндэсний татварын алба нь татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сантай байна.
31.2.Татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан нь дараахь зориулалттай байна:
31.2.1.татвар ногдуулалт, төлөлт, хураалтад хяналт тавьж, шуурхай удирдлагаар хангах;
31.2.2.татварын хяналт шалгалтын ажлыг үр бүтээлтэй зохион байгуулах;
31.2.3.татварын хууль тогтоомжийг улсын хэмжээнд нэг мөр дагаж мөрдүүлэх;
31.2.4.татварын албаны үйл ажиллагааны ил тод, тунгалаг байдлыг хангах;
31.2.5.татвар төлөгчдөд үзүүлэх үйлчилгээг шуурхай зохион байгуулах.
31.3.Татварын алба нь энэ хуулийн 31.1-д заасан санд шаардлагатай хөндлөнгийн мэдээллийг хууль тогтоомжид нийцүүлэн цуглуулах эрхтэй.
32 дугаар зүйл. Мэдээ, баримт цуглуулах, хяналт шалгалт хийх журам
32.1.Татварын алба, татварын улсын байцаагч нь татвар төлөгчийн татварын үүргийг тодорхойлох, татвар хураахтай холбогдсон мэдээ, баримт цуглуулах, хяналт шалгалт хийхдээ дараахь журмыг баримтална:
32.1.1.татварын хяналт шалгалт хийх томилолт, ажлын ерөнхий болон тусгай удирдамж, татварын улсын байцаагчийн үнэмлэхээ үзүүлж, үйл ажиллагааныхаа зорилгыг тайлбарлах;
32.1.2.холбогдох баримт, материалыг түр хугацаагаар авахдаа хөндлөнгийн гэрчийг байлцуулан тэмдэглэл үйлдэж, гарын үсэг зуруулах;
32.1.3.нотолгооны чанартай баримтын гэрэл зураг авах, дүрс бичлэг хийх;
32.1.4.тайлбар, лавлагааг бичгээр гаргуулах, эсхүл асуулга, ярилцлага хийсэн бол тэмдэглэл үйлдэж, холбогдох этгээдээр гарын үсэг зуруулах.
32.2.Шаардлагатай мэдээ, баримтыг хуулбарлан авахдаа бусдын техник хэрэгслийг ашигласан бол хөлсийг нь зах зээлийн, эсхүл харилцан тохиролцсон үнээр төлнө.
32.3.Татварын албаны хяналт шалгалтын ажил эрхэлсэн нэгжийн дарга нь хяналт шалгалт хийж буй татварын улсын байцаагчийн өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавьж, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллана.
33 дугаар зүйл. Татварын алба, татварын улсын байцаагчийн үйлдэх баримт бичиг
33.1.Татварын алба, татварын улсын байцаагчаас татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих, татвар хураахтай холбогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ мэдэгдэл, акт, шаардлага, мэдэгдэх хуудас, төлбөрийн хуудас, дүгнэлт, гэрээ, үйл ажиллагааны тэмдэглэл /цаашид “тэмдэглэл” гэх/ үйлдэнэ.
33.2.Энэ хуулийн 33.1-д заасан баримт бичгийг дараахь үндэслэл, журмын дагуу үйлдэх бөгөөд тэдгээрт тусгагдсан шаардлагыг татвар төлөгч биелүүлэх үүрэгтэй:
33.2.1.энэ хуулийн 28, 29 дүгээр зүйлд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд татвар төлөгч болон бусад этгээдийг дуудан ирүүлэхэд мэдэгдэл бичих бөгөөд түүнд татварын албаны даргын, эсхүл татварын улсын байцаагчийн овог, эцэг /эх/-ийн нэр, нэр, гарын үсэг, шаардлага биелүүлэх хугацаа, уг мэдэгдлийг үйлдсэн болон гардуулсан он, сар, өдрийг тусгана;
33.2.2.татвар төлөгчид татварын хууль тогтоомжийн дагуу ногдох татварыг тодорхойлох, эд хөрөнгө битүүмжлэх, энэ хуулийн 74 дүгээр зүйлд заасан хариуцлага хүлээлгэхэд акт үйлдэх бөгөөд түүнд татварын албаны даргын болон татварын улсын байцаагчийн овог, эцэг /эх/-ийн нэр, нэр, гарын үсэг зөрчлийн тухай тэмдэглэл, шийдвэрлэсэн үндэслэл, уг актыг үйлдсэн болон гардуулсан он, сар, өдрийг тусгана;
33.2.3.татварын хууль тогтоомжийг зөрчихөд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулах зорилгоор шаардлага бичих бөгөөд түүнд татварын албаны даргын, эсхүл татварын улсын байцаагчийн овог, эцэг /эх/-ийн нэр, нэр, гарын үсэг, зөрчлийн тухай тэмдэглэл, зөрчил гарахад нөлөөлсөн нөхцөл, шалтгааныг арилгаж, хариу өгөх хугацаа, уг шаардлагыг үйлдсэн болон гардуулсан он, сар, өдрийг тусгана;
33.2.4.татвар төлөгчийн хугацаандаа төлөөгүй болон шууд бус аргаар ногдуулсан татварын ногдлыг төлүүлэхээр мэдэгдэх хуудас бичих бөгөөд түүнийг татвар төлөгчид гардуулах бол энэ хуулийн 54 дүгээр зүйл, татвар төлөгчийн харилцагч банкинд өгөх бол энэ хуулийн 63 дугаар зүйлд заасны дагуу уг хуудсыг үйлдэнэ;
33.2.5.цалин хөлс, бусад орлогоос татварын өр гаргуулах бол татвар төлөгчид орлого олгож буй хуулийн этгээдэд төлбөрийн хуудас гардуулах бөгөөд түүнд татвар төлөгчийн нэр, гаргуулах татварын төрөл, хэмжээ, татварын өрийг хүлээн авах татварын алба, банкны нэр, дансны дугаар, татварын өрийг татвар төлөгчийн өмнөөс гаргах этгээдийн нэр, хаяг, татварын албаны даргын, эсхүл татварын улсын байцаагчийн овог, эцэг /эх/-ийн нэр, нэр, гарын үсэг, татвар төлөгчийн хаяг, гаргуулах татварын өрийн хэмжээ, төлбөрийн хуудас үйлдсэн болон гардуулсан он, сар, өдөр, хариу мэдэгдэх хугацааг тусгана;
33.2.6.татварын алба нь татварын хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн, эсхүл их хэмжээний татвар ногдох орлогыг нуусан буюу бусад хэлбэрээр татвар төлөхөөс зайлсхийсэн этгээдэд эрүүгийн хэрэг бүртгэлт хийлгэхээр дүгнэлт бичих бөгөөд түүнд эрүүгийн хэрэг үүсгүүлэх болсон зөрчлийн тухай тэмдэглэл, холбогдох баримтууд, татварын албаны даргын болон татварын улсын байцаагчийн овог, эцэг /эх/-ийн нэр, нэр, гарын үсэг тухайн зөрчилд холбогдох этгээдийн тайлбар, уг дүгнэлтийг үйлдсэн болон холбогдох этгээдэд нь танилцуулсан он, сар, өдрийг тусгана;
33.2.7.татварын алба, татварын улсын байцаагч татварын өрийг барагдуулах зорилгоор татвар төлөгчийн өмчлөлд байгаа эд хөрөнгийг барьцаалахдаа Иргэний хуульд заасны дагуу гэрээ байгуулна;
33.2.8.татварын улсын байцаагч бүрэн эрхийнхээ хүрээнд татвар төлөгчийн байр, агуулахад үзлэг хийх, тооллого явуулах, ажлын зураг авалт хийх, эд хөрөнгө битүүмжлэх, барьцаалах болон татвар төлөгчөөс тайлбар, лавлагаа авах, асуулга, ярилцлага хийхдээ тэмдэглэл үйлдэх ба түүнд татварын улсын байцаагчийн овог, эцэг /эх/-ийн нэр, нэр, татвар төлөгчийн хаяг, он, сар, өдрийг тодорхой тусгаж, тэмдэглэл үйлдэхэд байлцсан хүмүүс гарын үсэг зурна.
33.3.Энэ хуулийн 33.1-д заасан баримт бичгийг татвар төлөгчид биечлэн гардуулсан буюу түүний оршин байгаа, эсхүл ажиллаж байгаа газрын хаягаар баталгаат шуудангаар хүргүүлснээр уг баримт бичгийг татвар төлөгчид гардуулсанд тооцох бөгөөд татвар төлөгчийн оршин байгаа газрыг холбогдох бүртгэх байгууллагад хамгийн сүүлд бүртгүүлсэн хаягаар тодорхойлно.
34 дүгээр зүйл. Акт, дүгнэлт бичих үндэслэл
34.1.Татварын улсын байцаагч энэ хуулийн 47.1, 48.1, 67, 74 дүгээр зүйлд заасан үндэслэлээр акт, 33.2.6-д заасан үндэслэлээр дүгнэлт бичих бөгөөд тэдгээр нь тэмдэглэх болон тогтоох хэсгээс бүрдэнэ.
34.2.Татварын улсын байцаагчийн акт, дүгнэлтэд /цаашид “акт, дүгнэлт” гэх/ татварын хяналт шалгалт хийсэн татварын улсын байцаагч, татвар төлөгч нар гарын үсэг зурж, татварын албаны хяналт шалгалт хариуцсан хэлтэс, тасгийн дарга хянан баталгаажуулж гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.
34.3.Татвар төлөгч нь акт, дүгнэлтэд гарын үсэг зурахаас татгалзсан бол энэ хуулийн 18.1.5-д заасны дагуу тайлбараа өгсөн эсэхээс үл хамааран тэдгээрийг татвар төлөгчид гардуулсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болох бөгөөд татварын улсын байцаагч татвар төлөгчид акт, дүгнэлтийг гардуулсан тухай тэмдэглэл үйлдэнэ.
34.4.Акт, дүгнэлт нь нэгдсэн бүртгэл, дугаартай байна.
34.5.Татварын улсын байцаагч акт, дүгнэлтийг 3 хувь үйлдэж, 1 дэх хувийг хяналт шалгалтын баримтад хавсаргаж, 2 дахь хувийг татвар төлөгчид өгч, 3 дахь хувийг татвар төлөгчийн хувийн хэрэгт хадгална.
35 дугаар зүйл. Акт, дүгнэлтийн биелэлтийг хангах
35.1.Татварын алба нь татварын улсын байцаагчийн акт, дүгнэлтийн биелэлтэд хяналт тавин хангуулж байна.
35.2.Татварын алба, татварын улсын байцаагч нь энэ хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан журмаар хэрэгжүүлэх боломжгүй болсон актын биелэлтийг хангуулах нэхэмжлэлийг хууль тогтоомжийн дагуу шүүхэд гаргана .
35.3.Энэ хуулийн 33.2.6-д заасан дүгнэлтийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүчингүй болгосон нь зөрчил гаргасан этгээдийг захиргааны хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
36 дугаар зүйл. Акт, дүгнэлтийг өөрчлөх, хүчингүй болгох
36.1.Татварын улсын байцаагчийн акт, дүгнэлтийг тухайн татварын албаны даргын тушаалаар дараахь үндэслэлээр өөрчлөх буюу хүчингүй болгоно:
36.1.1.татвар төлөгчийн гомдлоор;
36.1.2.татварын улсын байцаагчийг шууд удирдаж буй нэгжийн дарга нь түүний үйлдсэн акт, дүгнэлтийг өөрчлөх буюу хүчингүй болгох санал тавьсан;
36.1.3.акт, дүгнэлтийг өөрчлөх буюу хүчингүй болгох тухай Маргаан таслах зөвлөлийн шийдвэр гарсан.
36.2.Татварын албаны дарга энэ хуулийн 36.1-д заасан шийдвэр гаргахдаа ажлын хэсэг томилон ажиллуулж, дүгнэлт гаргуулж болно.
37 дугаар зүйл. Татварын улсын байцаагчийн цол
37.1.Татварын улсын байцаагчид дор дурдсан цол олгож болно.
37.1.1.татварын жинхэнэ зөвлөх;
37.1.2.татварын итгэмжит зөвлөх;
37.1.3.татварын зөвлөх.
37.2.Татварын улсын байцаагчид цол олгох журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
38 дугаар зүйл. Татварын улсын байцаагчийн цалин хөлс
38.1.Татварын улсын байцаагчид төрөөс цалин хөлс олгоно.
38.2.Татварын улсын байцаагчийн цалин хөлс нь албан тушаалын цалин, ажлын үр дүнгийн шагнал, төрийн алба хаасан хугацааны, зэрэг дэвийн, эрдмийн зэргийн нэмэгдлээс бүрдэнэ.
38.3.Татварын улсын байцаагчид сар тутам олгох ажлын үр дүнгийн шагналын хэмжээ нь түүний албан тушаалын сарын цалингийн хэмжээнээс хэтрэхээргүй байна.
38.4.Энэ хуулийн 38.2-т заасан ажлын үр дүнгийн шагнал олгох журмыг Засгийн газар батална.
39 дүгээр зүйл. Татварын улсын байцаагчийн эрхийн баталгаа
39.1.Татварын улсын байцаагч дүрэмт хувцас, ялгах тэмдэг хэрэглэх ба тэдгээрийн зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.
39.2.Дүрэмт хувцас, ялгах тэмдгийн загвар, хэрэглэх журам, эдэлгээний хугацааг Үндэсний татварын ерөнхий газрын дарга батална.
39.3.Бусад байгууллага, хувь хүнд татварын улсын байцаагчийнхтай ижил загварын дүрэмт хувцас, ялгах тэмдэг хэрэглэхийг хориглоно.
39.4.Татварын улсын байцаагч албан үүргээ гүйцэтгэж байхдаа хөдөлмөрийн чадвараа түр алдсан, тахир дутуу болсон, бусдын нөлөөгөөр амь насаа алдсан тохиолдолд түүнд болон түүний ар гэрт дараахь буцалтгүй тусламж, албан тушаалын цалингийн зөрүүг олгоно:
39.4.1.хөдөлмөрийн чадвараа түр алдсан тохиолдолд эмнэлгийн чөлөөтэй байсан хугацааны тэтгэмж, албан тушаалын цалингийн зөрүү;
39.4.2.тахир дутуу болсон тохиолдолд тахир дутуугийн тэтгэвэр, албан тушаалын цалингийн зөрүү;
39.4.3.амь насаа алдсан тохиолдолд ар гэрт нь хохирогчийн З жилийн албан тушаалын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж.
40 дүгээр зүйл. Татварын албанаас халах
40.1.Татварын улсын байцаагчийг дараахь үндэслэлээр татварын албанаас хална:
40.1.1.сахилгын зөрчил удаа дараа гаргасан;
40.1.2.хууль тогтоомж, татварын улсын байцаагчийн ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөн;
40.1.3.гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон;
40.1.4.Монгол Улсын харьяатаас гарсан.
41 дүгээр зүйл. Хураагч
41.1.Татварын улсын байцаагчийн эрх олгохоос өмнө нэг жилийн туршилтын хугацаагаар дагалдангаар ажиллаж байгаа татварын ажилтанг хураагч гэнэ.
41.2.Хураагч бие дааж татварын хяналт, шалгалт хийх эрх эдлэхгүй.
42 дугаар зүйл. Маргаан таслах зөвлөл
42.1.Маргаан таслах зөвлөл нь татварын акт, дүгнэлттэй холбоотойгоор татварын алба, татвар төлөгчийн хооронд үүссэн маргааныг зөвхөн татвар төлөгчийн гомдлоор хянан хэлэлцэнэ.
42.2.Маргаан таслах зөвлөл нь дарга, нарийн бичгийн дарга, гишүүдээс бүрдэнэ.
42.3. Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийг дарга, нарийн бичгийн даргыг оролцуулан 11 хүний бүрэлдэхүүнтэйгээр санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, аймаг, нийслэлийн татварын хэлтэс, газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийг 7-9 хүний бүрэлдэхүүнтэйгээр Үндэсний татварын ерөнхий газрын дарга тус тус батална.
/Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
42.4.Маргаан таслах зөвлөлийн бүрэлдэхүүнд татварын болон хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн болон нутгийн захиргааны байгууллага, татварын алба, төрийн бус байгууллагын төлөөллийг оруулах бөгөөд тэдгээрийг томилохдоо тухайн байгууллагын удирдлагатай зөвшилцөнө.
42.5.Маргаан таслах зөвлөлийн дарга, гишүүд нь нягтлан бодогч, санхүү, эдийн засаг, хуулийн мэргэжлийн иргэд байх ба 60-аас доошгүй хувь нь татварын улсын байцаагчийн ажлаар мэргэжсэн байна.
42.6.Маргаан таслах зөвлөлийг бүх гишүүдийн гуравны хоёроос доошгүйн ирцтэйгээр хуралдуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн ердийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ.
42.7.Маргаан таслах зөвлөл нь татварын улсын байцаагчийн акт, дүгнэлтийг өөрчлөх, хүчингүй болгох, хэвээр үлдээх шийдвэрийн аль нэгийг гаргах бөгөөд уг шийдвэр нь тогтоол хэлбэртэй байна.
42.8.Маргаан таслах зөвлөлийн тогтоолыг тухайн шатны татварын албаны дарга тушаал гарган баталгаажуулах бөгөөд ийнхүү баталгаажуулах үндэслэлгүй гэж үзвэл шалтгааныг тодорхой тусгасан тайлбарын хамт Маргаан таслах зөвлөлд буцаана.
42.9.Маргаан таслах зөвлөл энэ хуулийн 42.8-д заасан татварын албаны даргын тайлбарыг хуралдаанаараа хэлэлцэн түүнийг хүлээн зөвшөөрвөл тогтоолоо өөрчлөх ба хэрэв хүлээн зөвшөөрөөгүй бол дээд шатны татварын албаны удирдлагад тавьж шийдвэрлүүлнэ.
42.10.Маргаан таслах зөвлөл нь маргаан үүссэн шалтгаан, түүний нөхцөлийг арилгуулах, түүнчлэн татварын хууль тогтоомж зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор зөвлөмж гаргах эрхтэй.
ТАВДУГААР БҮЛЭГ Татвар ногдуулах, төлөх, тайлагнах
43 дугаар зүйл. Татвар ногдуулах, төлөх, тайлагнах журам
43.1.Татвар төлөгч холбогдох баримт, бүртгэлд үндэслэн хуулийн дагуу төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлон татварын тайланд тусгаж, бэлэн болон бэлэн бус хэлбэрээр татвар төлнө.
43.2.Энэ хуулийн 43.1-д зааснаас өөр хэлбэрээр татвар ногдуулж төлөх журмыг тухайн төрлийн татварын хуулиар тогтоож болно.
43.3.Татварын тайланг татварын цахим баримт бичиг хэлбэрээр тушааж болох бөгөөд холбогдох журмыг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга батална.
/Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
43.4.Татвар төлөгчөөс татварын албанд ирүүлсэн татварын тайлан /цахим тайланг оролцуулан/-г төрийн албан бичиг хэрэг хөтлөлтийн журмын дагуу хүлээн авч, бүртгэж, шийдвэрлэнэ.
43.5.Татварын тайлан тушаах, төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох ба татвар төлөх, тайлагнах эцсийн хугацаа адил байна.
43.6.Татвар төлөх, тайлагнах хугацаа долоо хоног бүрийн амралт, нийтээр амрах баярын өдөртэй давхацвал түүний өмнөх ажлын өдөр татварыг төлж тайлагнана.
43.7.Татвар ногдуулах, суутган авах, төсөвт төлөх үүргийг хуулиар хүлээсэн этгээдэд үүргээ гүйцэтгэснийх нь төлөө хөлс төлөхгүй.
43.8.Татварын хуульд заасан хугацаанд төлөөгүй татвар болон нөхөн ногдуулсан татвар, алданги, торгуулийг энэ хууль болон тухайн төрлийн татварын хуулиар тогтоосон журмаар төлүүлнэ.
43.9.Татвар төлөгч шууд бус татварыг тухайн үйл ажиллагааны үр дүн гарахыг хүлээлгүй урьдчилан төлнө.
43.10.Татвар ногдох зүйлийг нэхэмжилсэн, падаан бичигдсэн, үнэ нь төлөгдсөн өдрийн алинаар татвар ногдуулах хугацааг тогтоохыг тухайн төрлийн татварын хуулиар тогтооно.
44 дүгээр зүйл. Татвартай холбогдсон баримт бүрдүүлэх, бүртгэл хөтлөх, хадгалах
44.1.Татвар төлөгч нь хууль тогтоомжийн дагуу татвар ногдох зүйл, төлөх татварын хэмжээг тодорхойлох баримтыг бүрдүүлж, хуулийн этгээдийн тухайд нягтлан бодох бүртгэл, хувь хүний тухайд энгийн бүртгэл хөтөлнө.
44.2.Энэ хуулийн 44.1-д заасан баримтыг гадаад хэл дээр үйлдсэн бол татвар төлөгч түүнийг монгол хэл дээр орчуулж өгөх үүрэг хүлээх бөгөөд ийнхүү орчуулахтай холбогдсон зардлыг татвар төлөгч өөрөө хариуцна.
44.3.Татвар төлөгч болон түүний баримтыг бүрдүүлэх, бүртгэл хөтлөх үүрэг хүлээсэн этгээд нь уг баримт, бүртгэлийг татвар төлөх хөөн хэлэлцэх хугацаа дуустал Монгол Улсын нутаг дэвсгэрт хадгалах үүрэгтэй.
45 дугаар зүйл. Татварын тайлан үйлдэх, тушаах
45.1.Татвар төлөгч татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд, батлагдсан загвар, зааврын дагуу үйлдэж, харьяалах татварын албанд тушаана.
45.2.Хууль тогтоомжийн дагуу татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах татвар төлөгч нь татварын тайлан тушаах үүргээс чөлөөлөгдөхгүй бөгөөд уг тайлан нь түүнийг татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулах үндсэн баримт болно.
45.3.Татварын тайланд хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан болон татвар төлөгч хувь хүн, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч гарын үсэг зурна.
45.4.Татварын тайланг гаргасан буюу ийнхүү гаргахад оролцсон этгээд уг тайланд гарын үсэг зурах бөгөөд хэд хэдэн этгээд хариуцсан үүргийнхээ дагуу тайлан гаргахад оролцсон бол ерөнхий нягтлан бодогч тайланд гарын үсэг зурна.
45.5.Татвар ногдох зүйлийг бусдад шилжүүлсэн аливаа этгээд нь энэ тухай баримтыг шилжүүлэн авсан этгээдэд тухай бүр, татварын албанд шаардсан үед гаргаж өгөх үүрэг хүлээнэ.
46 дугаар зүйл. Татварын тайлан хүлээн авах
46.1.Татварын алба нь татвар төлөгч татварын тайлангаа хуулиар тогтоосон хугацаанд тушааж, татвараа төлж буй эсэхэд хяналт тавина.
46.2.Татварын алба татвар төлөгчийн татварын тайлан тушаалтын бүртгэлийг хөтлөн хянаж, жигдрүүлж тогтмолжуулах арга хэмжээ авч болно.
46.3.Татварын алба, татварын улсын байцаагч нь тайланг хүлээн авахдаа дараахь шаардлага хангасан эсэхийг хянана:
46.3.1.хуулийн этгээдийн хувьд нягтлан бодох бүртгэл, хувь хүний хувьд орлого, татварын бүртгэлийн дэвтрийг үндэслэн тайлангаа үнэн зөв гаргасан эсэх;
46.3.2.тайланг батлагдсан маягт, зааврын дагуу засваргүй үйлдэж татвар төлөгч болон холбогдох бусад этгээд гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарж албан ёсны болгосон эсэх;
46.3.3.хүлээлгэн өгсөн он, сар, өдрийг тайланд тэмдэглэсэн эсэхийг нягтлан тайлан тушаах хуулийн хугацаанаас хожимдуулсан бол энэ тухай тэмдэглэл үйлдэх.
46.4.Татварын алба, татварын улсын байцаагч тайланг хүлээж авахдаа дор дурдсан үзүүлэлтүүдийг хянаж нягтална:
46.4.1.нягтлан бодох бүртгэл болон татварын тайлангийн үзүүлэлтүүд хоорондоо тохирч буй эсэх;
46.4.2.татварын тайланд тусгасан тоон үзүүлэлтүүд хоорондоо тохирч буй эсэх, тооцооны алдаа буй эсэх;
46.4.3.тайланд тусгасан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг хууль тогтоомжид нийцүүлэн тооцож тодорхойлсон эсэх;
46.4.4.тайланд тусгасан татвараа хугацаанд нь төлсөн эсэх;
46.4.5.тайланд тусгасан татварын өр, илүү төлөлтийн дүн нь татварын албаны бүртгэлтэй тохирч буй эсэх;
46.4.6.татварын албаны бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд тухайн татвар төлөгчийн тайланд хамаарах хөндлөнгийн мэдээлэл байгаа эсэх.
46.5.Тайланг хүлээн авах үед илэрсэн зөрчлийг дараах байдлаар арилгуулна:
46.5.1.дутуу зүйлийг нөхүүлэн хууль ёсны болгон баталгаажуулж, тайланд буй тооцоо, үйлдлийн алдааг татвар төлөгчөөр өөрөөр нь засуулах;
46.5.2.тайланд тусгасан татварын ногдол, татварын өрийг төлүүлэх;
46.5.3.нягтлан бодох бүртгэл хөтлөөгүй, татварын ногдлоо тооцоолох талаар илэрсэн зөрчлийг арилгуулах тухай татварын улсын байцаагчийн тавьсан шаардлагыг хүлээн аваагүй болон татварын ногдлоо буруу тодорхойлсон байдал илэрвэл татварын хяналт шалгалт хийх тухай дүгнэлт бичиж хариуцсан нэгжийн удирдлагад танилцуулах.
ЗУРГАДУГААР БҮЛЭГ Татварын хяналт шалгалт
47 дугаар зүйл. Татварын хяналт шалгалт
47.1.Татвар төлөгч Монгол Улсын татварын хууль тогтоомжид зааснаар төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэт тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг татварын алба, татварын улсын байцаагч хянан шалгана.
47.2.Татварын хяналт шалгалтыг Үндэсний татварын алба хийж гүйцэтгэнэ.
47.3.Татварын алба, татварын улсын байцаагч татвар төлөгч татварын хуулиар тогтоосон эрхээ эдлэх, үүргээ биелүүлэхэд туслах, зөрчил дутагдлыг арилгах зорилгод нийцүүлэн бүрэн эрхээ хэрэгжүүлэх хүрээнд дараахь хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулна:
47.3.1.татвар төлөгч татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэн татварын ногдлоо өөрөө үнэн зөв тодорхойлон төлөх нөхцөлийг бүрдүүлж, нягтлан бодох бүртгэлийг тогтмол хөтөлж, татварын тайлангаа хугацаанд нь гарган тушааж, татвараа төлж буй эсэхийг тогтоох;
47.3.2.татвар төлөгчийн татварын тайланд тусгаж тайлагнасан татварын ногдол нь бүрэн гүйцэт эсэхийг шалган тогтоох;
47.3.3.нягтлан бодох бүртгэлийг зохих ёсоор хөтлөөгүй, эсхүл татварын тайлангаа тушаагаагүй бол татварын ногдлыг тодорхойлон төлүүлэх.
47.4.Татварын алба, татварын улсын байцаагч нь татварын хяналт шалгалтын ажлыг татвар хураах зардлыг хэмнэн, үр өгөөжтэй байх, татвар төлөгчийн хэвийн үйл ажиллагааг үл алдагдуулах, чирэгдэл бага учруулах шаардлагад нийцүүлэн төлөвлөгөөт болон гэнэтийн, бүрэн буюу хэсэгчилсэн, ганцаарчилсан болон нийтийг хамарсан зэрэг олон улсын жишигт нийцсэн, хуулиар хориглоогүй бүх хэлбэрээр явуулж, аль ч татвар төлөгчийн үүргийн биелэлтийг хэзээ зохистой гэж үзсэн үедээ шалгах эрхтэй.
47.5.Зайлшгүй шаардлагатайгаас бусад тохиолдолд татварын хяналт шалгалт хийх талаар татвар төлөгчид ажлын 10-аас доошгүй өдрийн өмнө урьдчилан мэдэгдэнэ.
47.6.Төсвийн орлогын тогтвортой байдлыг хангах зорилгоор татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга нь татвар төлөгчийн улс, орон нутгийн төсөвт оруулж буй орлогын хэмжээгээр эрэмбэлэн хяналт шалгалтын харьяаллыг тогтооно.
/Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
47.7.Татварын алба нь татварын улсын байцаагчийн мэргэжлийн ур чадвар, ажлын дадлага туршлага, авлигад үл автах, ёс зүйн зөрчил гаргахгүй байх нөхцөлийг харгалзан хяналт шалгалтын зохион байгуулалт, томилгоог хийнэ.
47.8.Татварын хууль тогтоомжийг зөрчсөн тухай өргөдөл, гомдол, мэдээллийг хүлээн авах, шалгаж шийдвэрлэх журмыг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга батлан мөрдүүлнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
48 дугаар зүйл. Татварын ногдлыг шууд бус аргаар тодорхойлох
48.1.Тодорхой үйл ажиллагаа эрхлэхдээ бодит бус үнэ хэрэглэсэн, тайлан, бүртгэл хөтлөөгүй буюу дутуу хөтөлсөн, эсхүл бүртгэл, татварын тайланг гаргаж өгөөгүй нь нотлогдсон тохиолдолд татварын алба тухайн татвар төлөгчийн татварын ногдлыг дор дурдсан шууд бус аргаар тодорхойлно:
48.1.1.бодит үнийн арга;
48.1.2.жишиг үнийн арга.
48.2.Харилцан хамаарал бүхий этгээдийн хооронд хийгдсэн үйлдвэрлэл, худалдаа, санхүүгийн үйл ажиллагаанд хэрэглэсэн үнэ нь ийм харилцан хамааралгүй этгээдийн хооронд хэрэглэсэн үнээс ялгаатай байвал зах зээлийн ердийн нөхцөлд хэрэглэж болох үнийн харьцуулалт, тооцооллын аргыг ашиглан татварын ногдол тогтоохыг “бодит үнийн арга” гэнэ.
48.3.Татвар төлөгч Монгол Улсад болон гадаад улсад байгаа харилцан хамаарал бүхий этгээдтэй хийсэн борлуулалт, худалдан авалт, боловсон хүчин илгээх, техникийн үйлчилгээ үзүүлэх, хоршсон үйлдвэрлэл явуулах зэрэг үйл ажиллагаанд хэрэглэсэн үнэ, төлбөр, хураамж нь /цаашид “үнэ” гэх/ бодит үнээс их буюу бага байвал татварын ногдлыг тодорхойлохдоо бодит үнийн аргыг хэрэглэнэ.
48.4.“Харилцан хамаарал бүхий этгээд” гэж Монгол Улсын болон гадаад улсын аливаа хуулийн этгээдийн удирдлага, хяналт болон эд хөрөнгийн эрхэд нь шууд ба шууд бусаар оролцох эрхтэй этгээдийг хэлнэ.
48.5.Татвар төлөгчтэй ойролцоо хүчин чадал, нөхцөл бүхий адилтгах үйл ажиллагааг тухайн орон нутагт эрхэлж буй татвар төлөгч байгаа бол түүний, байхгүй бол ойролцоо орон нутагт орших хэд хэдэн татвар төлөгчийн үйл ажиллагаа, орлого, зарлагын буюу бусад бодит тооцоонд үндэслэн татварын ногдол тодорхойлохыг “жишиг үнийн арга” гэнэ.
48.6.Татварын ногдлыг шууд бус аргаар тодорхойлох аргачлалыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
48.7.Татвар төлөгч нь шууд бус аргаар татварын ногдол тодорхойлоход шаардагдах материалыг татварын албанд гаргаж өгөх үүрэгтэй.
49 дүгээр зүйл. Байр, агуулахад нэвтрэн орох
49.1.Татварын улсын байцаагч нь энэ хуулийн 29.1.4-т заасны дагуу татвар төлөгчийн орлого олох зориулалтаар ашиглаж байгаа, эсхүл татвар ногдох зүйл болон татвартай холбогдолтой мэдээ, судалгаа, бусад баримтыг хадгалж байгаа, нэвтрэн орохыг хуулиар хориглоогүй аливаа үйлдвэрлэл, үйлчилгээний болон албан байр, агуулах, зооринд нэвтрэн орж ажлын зураг авалт, үзлэг, тооллого хийх, баримт бичиг, эд хөрөнгийг түр хугацаагаар хураах, хяналт шалгалтын ажил хийх эрхтэй.
49.2.Энэ хуулийн 49.1-д заасан үйл ажиллагааг татвар төлөгчийн аль байр, агуулахад хийхийг удирдамжид тодорхой тусгаж харьяалах татварын албаны даргын баталсан албан томилолтоор хяналт шалгалтын ажиллагаа явуулна.
49.3.Татварын улсын байцаагч нь үзлэг, тооллого, хяналт шалгалт хийх тухай татварын албаны удирдамж болон томилолт татварын улсын байцаагчийн үнэмлэхээ татвар төлөгч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгчид үзүүлсний үндсэн дээр байр агуулахад нэвтрэн орно.
49.4.Гадаад орны дипломат төлөөлөгчийн болон консулын газар, олон улсын байгууллагын байр, дипломат эрх ямба бүхий албан тушаалтны орон сууцанд энэ хуулийн 49.1-д заасан ажиллагаа явуулахыг хориглоно.
50 дугаар зүйл. Үзлэг хийх журам
50.1.Татварын улсын байцаагч нь энэ хуулийн 29.1.4-т заасны дагуу үзлэг хийхдээ дараахь журмыг баримтална:
50.1.1. 18 насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай, сонирхлын зөрчилгүй, татвар төлөгч, татварын алба, татварын улсын байцаагчтай захирах, захирагдах ёсны харилцаагүй хөндлөнгийн гэрчийг байлцуулах;
50.1.2.үзлэгт хамрагдаж байгаа эд хөрөнгийн эзэмшигч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, хэрэв боломжгүй бол тухайн нутгийн захиргааны байгууллагын төлөөлөгчийг байлцуулах;
50.1.3.үзлэг явуулсан тухай тэмдэглэл үйлдэж оролцсон болон байлцсан хүмүүсээр гарын үсэг зуруулах, хэрэв гарын үсэг зурахаас татгалзвал шалтгааныг нь тайлбарлах бололцоо олгож, тайлбарыг тэмдэглэлд хавсаргах.
50.2.Хамрагдах зүйлийн өмчлөл, эзэмшлийн ялгааг үл харгалзан татварын алба, татварын улсын байцаагч нь үзлэг хийх эрхтэй.
51 дүгээр зүйл. Тооллого явуулах журам
51.1.Татварын улсын байцаагч нь энэ хуулийн 29.1.4-т заасны дагуу тооллого хийхдээ дараахь журмыг баримтална:
51.1.1.бараа, эд хөрөнгө, бэлэн мөнгөний тооллого хийхдээ татвар төлөгч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, нягтлан бодогч, эсхүл тухайн нутгийн захиргааны байгууллагын төлөөлөгчийг байлцуулж, тооллогын бүртгэл, тэмдэглэл үйлдэх;
51.1.2.тооллогын бүртгэл, тэмдэглэлд тооллого хийсэн татварын улсын байцаагч болон тооллого явуулахад байлцсан бусад хүмүүс гарын үсэг зурах бөгөөд ийнхүү зурахаас татгалзвал шалтгааныг нь тайлбарлах бололцоо олгож, тайлбарыг тэмдэглэлд хавсаргах.
52 дугаар зүйл. Ажлын зураг авалт хийх журам
52.1.Татварын улсын байцаагч нь энэ хуулийн 29.1.4-т заасны дагуу ажлын зураг авалт хийхдээ дараахь журмыг баримтална:
52.1.1.татвар төлөгчийн төлбөл зохих татварын хэмжээг тодорхойлох, үйлдвэрлэл, үйлчилгээний хэмжээ, зардлыг тогтоох зорилгоор ажлын зураг авалтыг урьдчилан мэдэгдэж, эсхүл мэдэгдэхгүйгээр хийх, урьдчилан мэдэгдсэн тохиолдолд уг ажиллагаанд татвар төлөгчийг, урьдчилан мэдэгдээгүй тохиолдолд хөндлөнгийн гэрчийг оролцуулах;
52.1.2.ажлын зураг авалтад холбогдох мэргэжилтэнг оролцуулж, шаардлагатай хэмжих хэрэгсэл ашиглах;
52.1.3.ажлын зураг авалтын тооцоо дүгнэлт хийж, тэмдэглэл үйлдэх, уг тэмдэглэлд байлцсан хүмүүсээр гарын үсэг зуруулах, гарын үсэг зурахаас татгалзвал шалтгааныг нь тайлбарлах бололцоо олгож, тайлбарыг тэмдэглэлд хавсаргах.
ДОЛДУГААР БҮЛЭГ Татварын бүртгэл, өр
53 дугаар зүйл. Татварын бүртгэл
53.1.Татварын алба нь татвар, алданги, торгуулийн нягтлан бодох бүртгэлийг хууль тогтоомжид нийцүүлэн хөтөлнө.
53.2.Татварын бүртгэлд татвар төлөгч бүрийн төлбөл зохих татварын ногдол, хөнгөлөлт, чөлөөлөлт, алданги, торгууль, тэдгээрийн төлөлт, хураалт, өрийг анхан шатны баримтад үндэслэн бүрэн тусгана.
53.3.Татварын алба нь татвар, алданги, торгуулийн орлогыг дамжуулан бүртгэх, нэмэгдсэн өртгийн албан татвар болон бусад татварын илүү төлөлтийг хуулийн дагуу буцаах зориулалт бүхий харилцах данстай байна.
53.4.Банк нь татварын албаны харилцах дансанд тухайн өдөр орсон орлогоос нэмэгдсэн өртгийн албан татвар болон бусад татварын илүү төлөлтийг буцаан олгох тухай татварын албаны төлбөрийн даалгаврын гүйлгээг хийж, үлдэх хэсгийг өдөрт нь багтаан төрийн сангийн дансанд шилжүүлнэ.
53.5.Татварын бүртгэл болон татварын орлогыг дамжуулан бүртгэх дансыг хөтлөх журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталж мөрдүүлнэ.
54 дүгээр зүйл. Мэдэгдэх хуудас гардуулах
54.1.Татвар төлөгчийн хугацаандаа төлөөгүй татвар болон энэ хуулийн 48 дугаар зүйлд заасан журмаар татварын албанаас тодорхойлон тогтоосон татварыг төлүүлэхээр мэдэгдэх хуудсыг татвар төлөгчид гардуулах бөгөөд түүнд дараахь зүйлийг тусгана:
54.1.1.татвар төлөгчийн овог, эцэг /эх/-ийн нэр, нэр;
54.1.2 татвар төлөгчийн бүртгэлийн дугаар;
54.1.3.мэдэгдэх хуудас бичсэн он, сар, өдөр;
54.1.4.татвар ногдох зүйл;
54.1.5.төлбөл зохих татварын хэмжээ;
54.1.6.мэдэгдэх хуудас гардуулснаас хойш ажлын 10 өдөрт багтаан татварыг төлөх шаардлага;
54.1.7.татвар төлөх газар;
54.1.8.татварын ногдлыг тооцсон үндэслэл;
54.1.9.татварын албанаас зайлшгүй гэж үзсэн бусад шаардлага.
54.2.Татварын ногдлыг төлөхгүйд хүрч болзошгүй тохиолдолд татварын албаны дарга энэ хуулийн 54.1.6-д зааснаас богино хугацаа тогтоож болно.
55 дугаар зүйл. Татварын өр
55.1.Хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй дор дурдсан татвар, түүнд ногдуулсан алданги, торгуулийг татварын өрөнд хамруулна:
55.1.1.татвар төлөгчийн тайлангаар тодорхойлогдсон татварын өр, түүнд тооцсон алданги;
55.1.2.энэ хуулийн 48 дугаар зүйлд заасны дагуу татварын албанаас тогтоосон татвар, ногдуулсан торгууль, тооцсон алданги;
55.1.3.татварын албаны хяналт шалгалтаар тогтоосон татвар, түүнд тооцсон алданги, ногдуулсан торгууль.
56 дугаар зүйл. Татварын өрийг барагдуулах дараалал
56.1.Хууль тогтоомжоор тогтоосон хугацаанд төлөөгүй татвар, алданги, торгууль /цаашид “татварын өр” гэх/-ийг дор дурдсан дарааллаар барагдуулна:
56.1.1.тухайн татварт ногдох алданги;
56.1.2.торгууль;
56.1.3.татварын үндсэн өр.
56.2.Хэрэв татвар төлөгч тухайн татварын төлбөрийг аль хугацааны, ямар татварт хамаарахыг заагаагүй бол татварын өр төлөх дарааллыг татварын алба тусгайлан тогтооно.
57 дугаар зүйл. Өр төлөх хугацаа, түүнийг сунгах
57.1.Татварын алба, татварын улсын байцаагч татварын өр төлөх хугацааг дор дурдсанаар тогтооно:
57.1.1.энэ хуульд заасны дагуу ногдуулсан татварын өр буюу дутуу төлөлтийг ногдол хийсэн акт гардуулсан өдрөөс хойш 15 хүртэл хоног;
57.1.2.хяналт шалгалтаар илэрсэн нөхөн татвар, түүнд ногдох алданги, торгуулийг акт гардуулсан өдрөөс хойш 15 хүртэл хоног.
57.2.Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас энэ хуулийн 54.1.6 , 54.2, 57.1-д заасан хугацаанд татварын өрийг төлж чадахааргүй бол татвар төлөгчийн бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн тухайн татварын албаны даргын тушаалаар хугацааг нь 60 хүртэл хоногоор нэг удаа сунгаж болно.
57.3.Энэ хуулийн 57.1, 57.2-т заасан журмаар татварын өр төлөх хугацааг тогтоох, сунгах нь татварын алданги үл тооцох үндэслэл болохгүй.
58 дугаар зүйл. Татварыг суутган тооцох, буцаан олгох
58.1.Энэ хуулийн 17.1.4-т заасны дагуу татварын алба татвар төлөгчийн илүү төлсөн татварыг дараахь журмаар шийдвэрлэнэ:
58.1.1.тухайн хугацаанд төлбөл зохих бусад татварт суутган тооцох;
58.1.2.татвар төлөгч зөвшөөрвөл дараагийн хугацаанд төлөх татварт суутган тооцох;
58.1.3.буцаан олгох.
58.2.Илүү төлсөн татварыг суутган тооцсон бол татварын алба энэ тухай татвар төлөгчид мэдэгдэнэ.
59 дүгээр зүйл. Татварын алба, татварын улсын байцаагчийн буруугаар үндэслэлгүй, илүү хураасан мөнгөн хөрөнгө
59.1.Татварын алба, татварын улсын байцаагчийн буруутай үйл ажиллагааны улмаас татвар төлөгчөөс үндэслэлгүй, илүү хураасан хөрөнгөд дараахь зүйл хамаарна:
59.1.1.татварын улсын байцаагчийн актыг хүчингүй болгосон буюу өөрчилсний улмаас бүрэн буюу хэсэгчлэн буцаан олгох татвар, торгууль, алдангийн дүн;
59.1.2.энэ хуулийн 48 дугаар зүйлд заасан журмаар тодорхойлсон татварын ногдлыг эрх бүхий байгууллага хүчингүй болгосон буюу өөрчилсний улмаас бүрэн буюу хэсэгчлэн буцаан олгох татвар, торгууль, алдангийн дүн;
59.1.3.татварын алба, татварын улсын байцаагчийн бусад шийдвэрээр үндэслэлгүй, илүү хураасан мөнгөн хөрөнгийн дүн.
59.2.Татвар төлөгчийн үндэслэлгүй, илүү хураагдсан хөрөнгийг татварын алба энэ хуулийн 59.1.1-59.1.3-т заасан шийдвэр гарснаас хойш 10 хоногийн дотор буцаан олгоно.
59.3.Энэ хуулийн 59.1-д заасан хөрөнгийг татвар төлөгч зөвшөөрвөл мөн хуулийн 58 дугаар зүйлд заасан журмаар шийдвэрлэж болох бөгөөд энэ нь түүнд алданги үл тооцох үндэслэл болохгүй.
60 дугаар зүйл. Алдангийн хэмжээг тогтоох, хугацааг тооцох журам
60.1.Хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй болон татварын алба, татварын улсын байцаагчийн буруугаар татвар төлөгчөөс үндэслэлгүй, илүү хураасан татварт алданги тооцно.
60.2.Энэ хуулийн 60.1-д заасан алдангийн хэмжээг арилжааны банкнаас олгож буй зээлийн хүүгийн дунджийн хэмжээнд Засгийн газар жил бүр тогтоож байна.
60.3.Алданги тооцох хугацааг дор дурдсанаар тодорхойлно:
60.3.1.энэ хуулийн 43.5, 43.6-д заасан буюу татвар төлөгч өөрөө тодорхойлон төлөх ёстой өдрөөс эхлэн түүнийг төлөх хүртэлх хоногийн тоогоор;
60.3.2.татвар төлөгчөөс үндэслэлгүй, илүү хураасан мөнгөн хөрөнгөд алданги тооцох хугацааг уг хөрөнгийг татварын алба, татварын улсын байцаагчийн буруу шийдвэрээр татвар төлөгчийн данснаас авсан өдрөөс буцаан олгох буюу татварын өрөнд суутгах хүртэлх хоногийн тоогоор.
60.4.Татварын алданги, торгуульд алданги тооцохгүй.
60.5.Энэ хуулийн 43 болон 59 дүгээр зүйлд заасны дагуу алданги тооцон буцаан олгох асуудлыг татварын улсын байцаагч акт үйлдэн шийдвэрлэх бөгөөд уг актыг энэ хуулийн 74.1, 74.2-т заасан татвар нөхөн төлүүлэх, торгууль ногдуулах акттай хамтатган үйлдэж болно.
НАЙМДУГААР БҮЛЭГ Хугацаанд нь төлөөгүй татварын өрийг хураах
61 дүгээр зүйл. Хугацаанд нь төлөөгүй татварын өр
61.1.Энэ хуулийн 54.1.6, 54.2, 57.1-д заасан журмаар тогтоож, сунгасан хугацаанд төлөөгүй татварын өрийг хугацаанд нь төлөөгүй татварын өр гэнэ.
61.2.Хугацаанд нь төлөөгүй татварын өрийг татварын алба хураан барагдуулна.
62 дугаар зүйл. Хугацаанд нь төлөөгүй татварыг хураах
62.1.Татварын алба хугацаанд нь төлөөгүй татварын өрийг хураах ажиллагааг дор дурдсан дарааллаар явуулна:
62.1.1.үл маргах журмаар гаргуулах;
62.1.2.эд хөрөнгө, цалин хөлс, бусад орлогоос гаргуулах;
62.1.3.шүүхэд нэхэмжлэл гаргах.
62.2.Татварын өрийг бүрэн гаргуулах зорилгоор энэ хуулийн 62.1-д заасан ажиллагааг давхардуулан явуулж болно.
63 дугаар зүйл. Татварын өрийг үл маргах журмаар гаргуулах
63.1.Хугацаанд нь төлөөгүй татварын өрийг эхний ээлжинд татвар төлөгчийн банкин дахь дансанд байгаа мөнгөн хөрөнгөөс үл маргах журмаар гаргуулах бөгөөд уг мөнгөн хөрөнгө нь татварын өрийг төлөхөд хүрэлцэхээргүй бол уг данснаас төлөх шүүхийн шийдвэртэйгээс бусад зарлагын гүйлгээг бүрэн буюу хэсэгчлэн зогсоож, дансны орлогоос татварын өрийг барагдуулна.
63.2.Татварын өрийг энэ хуулийн 63.1-д заасны дагуу гаргуулах тухай татварын улсын байцаагчийн мэдэгдэх хуудсыг тухайн татварын албаны дарга баталж, банкинд хүргүүлэх бөгөөд уг мэдэгдэх хуудсанд татварын өр гаргуулах үндэслэл, түүний хэмжээ, зарлагын гүйлгээг бүрэн буюу хэсэгчлэн зогсоох хугацааны тухай заана.
64 дүгээр зүйл. Эд хөрөнгө, цалин хөлс, бусад орлогоос татварын өрийг гаргуулах
64.1.Энэ хуулийн 57.2-т заасан хугацаанд төлөөгүй татварын өрийг татвар төлөгчийн эд хөрөнгө, цалин хөлс, бусдаас авах авлага, ногдол ашиг, түүний эзэмшиж буй хувьцаа зэрэг бусад эх үүсвэрээс гаргуулна.
64.2.Татварын өрийг энэ хуулийн 64.1-д заасны дагуу гаргуулах шийдвэрийг татварын алба гаргана.
64.3.Татварын өрийг татвар төлөгчийн эд хөрөнгөөс гаргуулах бол энэ хуулийн 69 дүгээр зүйлд заасны дагуу барьцааны гэрээ байгуулж, татвар төлөгчийн тодорхой эд хөрөнгийг барьцаалах буюу татвар төлөгчтэй тохиролцсоны үндсэн дээр тодорхой нөхцөл, болзолтойгоор нийтэд зарлан худалдаж, үнийг төсвийн орлогод оруулж болно.
65 дугаар зүйл. Татвар төлөгчийн цалин хөлс, бусад орлогоос татварын өр гаргуулах журам
65.1.Энэ хуулийн 64 дүгээр зүйлд заасны дагуу татвар төлөгчийн цалин хөлс, бусад орлогоос татварын өр гаргуулахдаа дараахь журмыг баримтална:
65.1.1.татварын өрийг татвар төлөгчийн эд хөрөнгө, цалин хөлс, бусдаас авах авлага, ногдол ашиг, хувьцаа зэрэг бусад эх үүсвэрээс гаргуулахаар татвар төлөгч болон татвар төлөгчид орлого олгож байгаа хуулийн этгээд, хувь хүнд төлбөрийн хуудас хүргүүлэх;
65.1.2.хуулийн этгээд нь төлбөрийн хуудсыг хүлээн авмагц татвар төлөгчийн орлогоос зохих суутгалыг сар тутам хийж, суутгал хийснээс хойш ажлын З өдрийн дотор уг мөнгийг төлбөрийн хуудсанд заасан дансанд шилжүүлэх;
65.1.3.татварын өрийг шүүхийн шийдвэрийн дагуу цалин хөлс, бусад орлогоос нь суутгал хийж байгаагаас бусад өр, төлбөрийн өмнө суутгах;
65.1.4.татвар төлөгч ажлаас халагдсан, чөлөөлөгдсөн бол хуулийн этгээд нь түүний гарсан өдрөөс хойш 7 хоногийн дотор татварын өрд суутгасан мөнгөний хэмжээ, хаана шилжсэнийг тэмдэглэж, төлбөрийн хуудсыг татварын албанд буцаах.
65.2.Татварын өрийг хувьцаанаас төлүүлэх бол Компанийн тухай хуулийн 25 дугаар зүйл , энэ хуулийн 66 дугаар зүйлд заасан журмыг баримтална.
66 дугаар зүйл. Татвар төлөгчийн эд хөрөнгөөс татварын өр гаргуулах журам
66.1.Татварын өрийг энэ хуулийн 64 дүгээр зүйлд заасны дагуу татвар төлөгчийн эд хөрөнгөөс гаргуулах бол татварын албаны даргын шийдвэрээр ажлын хэсэг томилно.
66.2.Энэ хуулийн 66.1-д заасан ажлын хэсэг өр барагдуулах ажиллагааг дараахь журмаар явуулна:
66.2.1.татварын өрд өгөх эд хөрөнгийн чанар, хэрэгцээ, элэгдэл, хорогдол, татвар төлөгчийн санал, орон нутгийн тухайн үеийн ханшийг харгалзан дуудлага худалдаанд оруулах анхны үнийг тогтоож, тэмдэглэл үйлдэх, хөрөнгийн бүртгэлийг тэмдэглэлд хавсаргах;
66.2.2.татварын өрд өгсөн эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдах, татвар төлөгч нь хүсвэл түүнийг буюу түүний хууль ёсны төлөөлөгчийг дуудлага худалдаанд байлцуулах;
66.2.3.дуудлага худалдаагаар борлогдоогүй эд хөрөнгийг татвар төлөгчид буцаан олгох;
66.2.4.дуудлага худалдаагаар борлуулсан эд хөрөнгийн үнэ нь татварын өр, дуудлага худалдааны зардлаас давбал ийнхүү илүү гарсан хэсгийг татвар төлөгчид буцаан олгож тэмдэглэл үйлдэх.
66.3.Дуудлага худалдаагаар борлуулсан эд хөрөнгийн үнэ нь татварын өрийг барагдуулахад хүрэлцэхээргүй бол татвар төлөгч нь уг татварын өрийн үлдсэн хэсгийг төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй.
66.4.Эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах анхны үнийг тогтооход мэргэжлийн байгууллага болон мэргэжилтний туслалцаа авч болно.
67 дугаар зүйл. Эд хөрөнгө битүүмжлэх
67.1.Татварын албаны даргын шийдвэрээр татварын улсын байцаагч нь татварын өртэй татвар төлөгчийн эд зүйл, мөнгөн хөрөнгө, баримт, байр, агуулах /цаашид “эд хөрөнгө” гэх/-ыг дараахь үндэслэл, хугацаагаар битүүмжилж болно:
67.1.1.татварын хяналт шалгалт, тооллого, үзлэг, ажлын зураг авалт явуулахтай холбогдуулан эдгээр ажиллагааг хийж, дүгнэлт, шийдвэр гаргах хүртэл;
67.1.2.эд хөрөнгийг нуух буюу бусдад шилжүүлж болзошгүй тухай мэдээлэл байгаа бол түүнийг магадлан шалгаж дуусах хүртэл;
67.1.3.энэ хуульд заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах үед баримт, бүртгэл, хуурамч буюу хүчингүй гэрээ, хэлцэл, эд хөрөнгийг хамгаалах шардлагатай бол нэхэмжлэлийг шүүхэд хүргүүлэх хүртэл.
67.2.Энэ хуулийн 67.1.1, 67.1.2-т заасан хугацаа дуусвал татварын алба эд хөрөнгийн битүүмжлэлийг цуцлан, акт үйлдэнэ.
67.3.Энэ хуулийн 67.1-д заасны дагуу татварын албаны даргын гаргасан шийдвэрийг татвар төлөгч эс зөвшөөрвөл шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.
68 дугаар зүйл. Эд хөрөнгө битүүмжлэх журам
68.1.Эд хөрөнгө битүүмжлэх ажиллагааг тооллого, үзлэг, шалгалт хийхээр томилогдсон, эсхүл шүүхэд нэхэмжлэл гаргахаар итгэмжлэгдсэн татварын улсын байцаагч дараахь журмаар гүйцэтгэнэ:
68.1.1.эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа явуулахад татвар төлөгч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, нягтлан бодогч, эсхүл тухайн нутгийн захиргааны байгууллагын төлөөлөгч болон хөндлөнгийн гэрчийг байлцуулах;
68.1.2.эд хөрөнгө битүүмжилсэн тухай акт, тэмдэглэл үйлдэж, тэмдэглэлд эд хөрөнгийн хэлбэр, хэмжээ, чанар, тоо, өнгө, шинж тэмдгийг тусгаж, актад эд хөрөнгийг битүүмжилсэн үндэслэл, хугацааг заах;
68.1.3.битүүмжилсэн эд хөрөнгийг лацдах буюу ломбодож эзэмшигчид нь хариуцуулан өгөх .
68.2.Энэ хуулийн 68.1.1-д заасан этгээд нь эд хөрөнгө битүүмжлэх ажиллагааны бүх үйл явцыг нотлох үүрэг хүлээж, уг ажиллагааны тэмдэглэлд гарын үсэг зурах бөгөөд ийнхүү зурахаас татгалзвал шалтгаанаа дурдсан тайлбарыг тэмдэглэлд хавсаргана.
68.3.Энэ хуулийн 68.1.3-т зааснаар битүүмжилсэн эд хөрөнгийг хариуцсан эзэмшигч нь уг эд хөрөнгийг үрэгдэх, худалдах, бусдад шилжүүлэхээс сэргийлэх, бүрэн бүтэн байлгах, татварын албаны зөвшөөрөлгүйгээр лац, ломбо, түгжээг хөдөлгөхгүй байх үүрэг хүлээх бөгөөд уг үүргээ биелүүлээгүй тохиолдолд зохих хууль тогтоомжийн дагуу хүлээлгэх хариуцлагын талаар татварын улсын байцаагч түүнд тайлбарлаж, энэ тухай тэмдэглэлд тусган гарын үсэг зуруулна.
69 дүгээр зүйл. Эд хөрөнгө барьцаалах үндэслэл, журам
69.1.Энэ хуулийн 64.3-т заасны дагуу татварын өрийг татвар төлөгчийн эд хөрөнгийг барьцаалан гаргуулах бол дараахь журмыг баримтална:
69.1.1.тухайн татвар төлөгчийн өөрийн өмчийг татварын өрөнд барьцаалах;
69.1.2.эд хөрөнгийг барьцаанд авахдаа татвар төлөгчтэй гэрээ байгуулж, уг эд хөрөнгийн чанар, үнэ, хэлбэр, өнгө, хэмжээ, байршил, хэний эзэмшилд, хаана байгааг тодорхой заах, хэрэв үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан бол үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэх байгууллагад бүртгүүлэх;
69.1.3.барьцааны гэрээний хугацааг гэрээнд оролцогч талууд харилцан тохиролцож тогтоох.
69.2.Татвар төлөгч нь гэрээнд заасан хугацааны дотор татварын өрийг барагдуулсан бол барьцаанд тавьсан эд хөрөнгөө буцааж авах эрхтэй.
69.3.Татвар төлөгч нь барьцаалсан эд хөрөнгийг ашиглах, захиран зарцуулах, гэмтээх, үрэгдүүлэх эрхгүй бөгөөд энэхүү үүргийг зөрчин хохирол учруулбал хариуцлагыг өөрөө хүлээнэ.
69.4.Татвар төлөгчийн дараахь эд хөрөнгийг битүүмжлэх, барьцаалахыг хориглоно:
69.4.1.татвар төлөгч, түүний гэр бүлийн гишүүдийн өдөр тутамд хэрэглэх /улирлын/ хувцас, хэрэглэл;
69.4.2.удаан хадгалах боломжгүй, түргэн муудах хүнсний бүтээгдэхүүн;
69.4.3.хуучирч элэгдэн хэрэгцээ хангахгүй болсон эд зүйл;
69.4.4.татвар төлөгчийн байнга амьдран суугаа гэр, орон сууц, хүйтний улиралд хэрэглэж буй түлээ, нүүрс.
69.5.Барьцааны эд хөрөнгийг худалдахдаа энэ хуулийн 66 дугаар зүйлд заасан журмыг баримтална.
70 дугаар зүйл. Шүүхэд нэхэмжлэл гаргах
70.1.Хугацаанд нь төлөөгүй татварын өрийг энэ хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан журмын дагуу барагдуулах боломжгүй бол татварын алба шүүхэд нэхэмжлэл гаргана.
70.2.Эд хөрөнгө, цалин хөлс, бусад орлогоос татварын өр гаргуулахаар энэ хуулийн 64 дүгээр зүйлд заасан журмын дагуу тохиролцсон боловч татвар төлөгч уг үүргээ биелүүлэхээс татгалзсан, эсхүл хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр саатуулсан бол энэ хуулийн 67 дугаар зүйлд заасан журмын дагуу холбогдох эд хөрөнгийг битүүмжилж, шүүхэд нэхэмжлэл гаргана.
ЕСДҮГЭЭР БҮЛЭГ Бусад байгууллагын үүрэг
71 дүгээр зүйл. Банк, санхүүгийн болон холбогдох бусад байгууллагын хүлээх үүрэг
71.1.Татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар дор дурдсан байгууллага дараахь үүрэг хүлээнэ:
71.2.арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллага:
71.2.1.харилцагч татвар төлөгчийн татварын төлбөрийг татварын албанаас нэрлэж заасан банкинд 12 цагийн дотор, уг төлбөрийг хүлээн авсан банк нь энэ хуулийн 53 дугаар зүйлд заасан журмын дагуу тухайн өдөрт нь, хэрэв ажлын цаг дууссан бол дараагийн ажлын өдөрт багтаан татварын албаны харилцах дансаар дамжуулан төрийн сангийн дансанд шилжүүлэх;
71.2.2.татвар төлөгч нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан журмын дагуу банкинд шинээр данс нээсэн, эсхүл хуучин дансанд өөрчлөлт, хөдөлгөөн хийсэн бол харилцагч банк нь энэ тухай мэдээллийг 10 хоногийн дотор татварын албанд өгөх;
71.2.3.харилцагчийн өр төлбөрийг дараахь дарааллаар гүйцэтгэх:
71.2.3.а.эхний ээлжинд төлүүлэхээр хуульд заасан өр төлбөр;
71.2.3.б.дансан дахь мөнгөн хөрөнгөнөөсөө татвар төлөх тухай татвар төлөгчийн хүсэлт, үл маргах журмаар татвар гаргуулах тухай татварын албаны шийдвэрт заасан өр төлбөр;
71.2.3.в.банк, санхүүгийн байгууллага, бусад зээлдэгч, нэхэмжлэгчид төлөх өр төлбөр.
71.3.Банк нь энэ хуулийн 71.2.1-д заасан үүргээ биелүүлээгүй бол татварын алба гүйцэтгээгүй татварын төлбөрийн дүнгийн 0.3 хувиар тооцон хоног тутам хүү ногдуулна.
71.4.Энэ хуулийн 71.2.3 дахь заалтад Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн7 17 дугаар зүйлийн 2 дахь хэсэг хамаарахгүй.
71.5.хөрөнгийн бирж:
71.5.1.хувьцаат компаниудын хувьцаа эзэмшигчдийн тархалтын тухай мэдээллийг татварын албанд улирал тутам цахим хэлбэрээр гаргаж өгөх.
71.6.цагдаагийн байгууллага:
71.6.1.татварын алба, татварын улсын байцаагчаас татвар төлөгчийн байр, агуулахад нэвтрэн орох болон шалгалт, тооллого, үзлэг хийх, хөрөнгө барьцаалах, битүүмжлэх үйл ажиллагааг хуульд заасны дагуу явуулахад хүч хэрэглэх буюу зохион байгуулалттайгаар эсэргүүцэл үзүүлсэн тохиолдолд шаардлагатай туслалцаа үзүүлж, бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөл, бололцоо бүрдүүлэх;
71.6.2.Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг татвар төлөгчөөр бүртгэх, хаягийг нь тодруулахтай холбогдсон өөрт нь байгаа хувь хүний нууцад үл хамаарах мэдээ, судалгааг татварын албаны хүсэлтээр гаргаж өгөх;
71.6.3.татвар төлөхөөс зайлсхийж оргон зайлсан татвар төлөгчийг эрэн сурвалжлах ажилд туслалцаа үзүүлж, хамтран ажиллах;
71.6.4.хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллагын удирдлага нь татварын албанаас шалгуулахаар шилжүүлсэн татварын хэрэг, зөрчлийг хуульд заасан хугацаанд шалган шийдвэрлэх ажлыг зохион байгуулж, дүнг татварын албанд бичгээр мэдэгдэх, түүнчлэн өөрийн илрүүлсэн татварын хууль тогтоомжийн зөрчлийн мэдээллийг татварын албанд шилжүүлж өгөх.
71.7.гаалийн байгууллага:
71.7.1.татвар төлөгчийн регистрийн дугаарыг гаалийн мэдүүлэгт тусгуулж, экспорт, импортынх нь үйл ажиллагаатай холбогдсон мэдээллийг татварын албатай тохиролцсон хугацаанд гаргаж өгөх.
71.8.Иргэний бүртгэл, мэдээллийн болон гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг татвар төлөгчөөр бүртгэх, хаягийг нь тодруулахтай холбогдсон өөрт байгаа хувь хүний нууцад үл хамаарах мэдээ, судалгааг татварын албаны хүсэлтээр гаргаж өгнө.
71.9.төрийн захиргааны төв, орон нутгийн бусад байгууллага, тэдгээрийн удирдлага, албан тушаалтан:
71.9.1.татварын нийгэм, эдийн засгийн ач холбогдлыг тайлбарлан таниулж, татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх нөхцөл бололцоог бүрдүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх;
71.9.2.татварын орлогоос санхүүжигдэж байгаа төсвийн зарлага, зарцуулалтын үр өгөөжийг салбар, байгууллагынхаа жишээн дээр тулгуурлан тайлбарлан сурталчлах, боломжтой хэлбэрээр тайлагнах;
71.9.3.татварын хяналт шалгалтын үйл ажиллагаанд туслалцаа үзүүлж, шаардлагатай мэдээллээр хангаж, татварын албатай хамтран ажиллах;
71.9.4.хяналт шалгалт эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, албан тушаалтан нь албан үүргээ биелүүлэх явцад татварын хууль тогтоомжийг зөрчсөн тухай мэдээлэл олж мэдсэн, илрүүлсэн бол энэ тухай мэдээллийг татварын албанд албан ёсоор өгөх.
72 дугаар зүйл. Татвар төлөгчийн гомдлыг хянан шийдвэрлэх
72.1.Татварын алба болон татварын улсын байцаагчийн гаргасан шийдвэрийн талаар татвар төлөгч нь захиргааны журмаар дараахь харьяаллаар гомдол гаргах эрхтэй:
72.1.1.татварын улсын байцаагчийн шийдвэртэй холбоотой гомдлыг тухайн байцаагчийг шууд харьяалах татварын албаны даргад энэ хуулийн 17.1.6-д заасан хугацаанд;
72.1.2.татварын албаны шийдвэрийн талаархи гомдлыг түүний дээд шатны татварын албаны даргад;
72.1.3.татварын улсын байцаагчийн шийдвэртэй холбоотой гомдлыг тухайн байцаагчийн шууд харьяалах татварын албаны дэргэдэх Маргаан таслах зөвлөлд;
72.1.4.Маргаан таслах зөвлөлийн шийдвэртэй холбоотой маргааныг дээд шатны татварын албаны дэргэдэх Маргаан таслах зөвлөлд.
72.2.Энэ хуулийн 72.1.2, 72.1.4-т заасны дагуу гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл татвар төлөгч нь гомдлоо шүүхэд гаргах эрхтэй.
72.3.Татварын алба болон Маргаан таслах зөвлөл нь энэ хуулийн 72.1-д заасны дагуу гаргасан гомдлыг хянан шийдвэрлэхдээ энэ хууль болон Захиргааны хариуцлагын тухай хууль , Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль , Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль , Маргааны таслах зөвлөлийн ажиллах журмыг дагаж мөрдөнө.
73 дугаар зүйл. Татварын улсын байцаагчид хүлээлгэх хариуцлага
73.1.Татварын улсын байцаагч нь энэ хуулийн 29, 30 дугаар зүйлд заасан албан тушаалын эрхээ хэтрүүлсэн, эсхүл үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй бол энэ хууль болон холбогдох хууль тогтоомжид заасны дагуу сахилгын, захиргааны, эд хөрөнгийн болон эрүүгийн хариуцлага хүлээнэ.
73.2.Татварын улсын байцаагч нь албан тушаалын эрхээ хэтрүүлсэн, үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй, энэ хуулиар хориглосон заалтыг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол дараахь сахилгын шийтгэл ногдуулна:
73.2.1.сануулах;
73.2.2.албан тушаалын сарын цалинг 6 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах;
73.2.3. албан тушаал, эсхүл цол бууруулах;
73.2.4.татварын улсын байцаагчийн эрхийг 12 сар хүртэл хугацаагаар, эсхүл бүрмөсөн хасах;
73.2.5.Үндэсний татварын албанаас халах.
73.3.Энэ хуулийн 73.2. дахь хэсэгт заасан шийтгэлийг дэс дараалан хэрэглэх шаардлагагүй бөгөөд зөрчлийн шинж байдлыг харгалзан энэхүү зүйлийн 73.2.3, 73.2.5-д заасан шийтгэлийг 73.2.4-т заасан шийтгэлтэй, 73.2.3–т заасан шийтгэлийг тус тус давхардуулан хэрэглэж болно.
74 дүгээр зүйл. Татварын хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага
74.1.Дараахь үйлдэл, эс үйлдэхүйгээр татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан татвар төлөгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол татварын алба, татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна:
74.1.1.биетээр нуун дарагдуулах;
74.1.2.үндэслэлгүйгээр бусад хуулийн этгээд, хувь хүнд шилжүүлэх;
74.1.3.нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд тусгахгүй орхигдуулах;
74.1.4.тоо хэмжээ, үнийг нь нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгах, эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг өсгөх;
74.1.5.нягтлан бодох болон анхан шатны бүртгэл, татварын тайлан, холбогдох баримт бичгийг устгах, нуух, үгүй болгох;
74.1.6.баримт бичгийг хуурамчаар үйлдэх, засварлах;
74.1.7.нягтлан бодох бүртгэл хөтлөхгүй байх, эсхүл холбогдох баримт бичгийг бүрдүүлэлгүй татварын тайлан гаргах боломжгүй болгох;
74.1.8.хууран мэхлэх, хүчин төгөлдөр бус гэрээ, хэлцэл хийх;
74.1.9.хуурамч өглөг үүсгэх;
74.1.10.хуулийн этгээдийн нэр, хаяг, тамга, тэмдэг, данс, улсын бүртгэлийн гэрчилгээ, зөвшөөрөл болон эд хөрөнгө, баримт бичгийг бусдад шилжүүлэх, ашиглуулах.
74.2.Татварыг хугацаанд нь төлөөгүй бол төлөгдөөгүй татварын дүнд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.1 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна.
74.3.Энэ хуулийн 74.1, 74.2-т заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхээргүй байна.
74.4.Энэ хуулийн 74, 75 дугаар зүйлд заасан торгууль нь Монгол Улсын Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасан анзад хамаарахгүй.
75 дугаар зүйл. Татварын хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх захиргааны хариуцлага
75.1.Татварын хууль тогтоомж зөрчсөн татвар төлөгчид татварын алба, татварын улсын байцаагч дараахь захиргааны хариуцлага ногдуулна:
75.1.1.энэ хуулийн 13.1-13.3 дахь хэсэгт заасан журмыг зөрчсөн бол хувь хүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний, эсхүл түүнийг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;
75.1.2.энэ хуулийн 13.5-13.7 дахь хэсэгт заасан журмыг зөрчсөн бол хувь хүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний, эсхүл түүнийг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;
75.1.3.татварын хууль тогтоомжид заасан татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд татварын албанд гаргаж өгөөгүй татвар төлөгч хувь хүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний, эсхүл түүнийг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;
75.1.4.дараахь үйлдэл, эс үйлдэхүйгээр татвар, алданги, торгууль төлөхөөс зайлсхийсэн хувь хүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний, эсхүл түүнийг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно:
75.1.4.а.байнга болон түр оршин суугаа, эсхүл аж ахуйн үйл ажиллагаа явуулж байгаа хаягаа буруу тодорхойлох;
75.1.4.б.татварын албанаас дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа хүрэлцэн ирэхгүй байх;
75.1.4.в.шүүх тухайн татвар төлөгчийг сураггүй алга болсонд тооцоогүй байхад хаана оршин суугаагаа үл мэдэгдэх.
75.1.5.татварын байцаагчийн битүүмжилсэн, барьцаалсан эд хөрөнгийг үрэгдүүлсэн, дур мэдэн бусдад шилжүүлсэн, гэмтээсэн, зөвшөөрөлгүйгээр худалдсан хувь хүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний, эсхүл түүнийг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний, албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний, хуулийн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арваас арван тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү хэмжээний төгрөгөөр тус тус торгож, ийнхүү үрэгдүүлсэн, шилжүүлсэн, гэмтээсэн, худалдсан хөрөнгөтэй тэнцэх хэмжээний эд хөрөнгийг улсын орлого болгох ;
75.1.6.дараахь үйлдэл, эс үйлдэхүйгээр татварын улсын байцаагч албаны үүргээ гүйцэтгэхэд саад учруулсан хувь хүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний, эсхүл түүнийг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний, албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно:
75.1.6.а.шаардлагатай нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын мэдээ, холбогдох баримт бичгийг гаргаж өгөхгүй байх;
75.1.6.б.байр, агуулахад нь нэвтрэн орох боломж олгохгүй байх;
75.1.6.в.тооллого хийлгэхгүй байх;
75.1.6.г.ажлын зураг авалт, үзлэг, хөрөнгө барьцаалах болон битүүмжлэх үйл ажиллагааг хийлгэхгүй байх;
75.1.6.д.татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар өгсөн мэдэгдэл, акт, мэдэгдэх хуудас, төлбөрийн хуудас, шаардлагыг биелүүлэхгүй байх.
75.1.7.энэ хуулийн 24.5, 65.1.4, 71.2, 71.5, 71.6.2, 71.6.4, 71.7-д заасан журмыг зөрчсөн албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;
75.1.8.энэ хуулийн 44 дүгээр зүйлд заасан үүргийг зөрчсөн хувь хүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний, эсхүл түүнийг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү, албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох.
76 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох
76.1.Энэ хуулийг 2008 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН