Багшид багшлах эрх, мэргэжлийн зэрэг олгох, хасах

МОНГОЛ УЛСЫН

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ

САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Багшид багшлах эрх, мэргэжлийн зэрэг олгох, хасах/  

2013 оны 08 дугаар

 

 

сарын 15-ны өдөр                                                                                         Дугаар А/305                                                                                                    Улаанбаатар хот

 

 

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Бага, дунд боловсролын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.5 дахь хэсгийг  тус тус үндэслэн ТУШААХ нь:

  1. “Багшид багшлах эрх, мэргэжлийн зэрэг олгох, хасах журам” –ыг хавсралтын ёсоор шинэчлэн баталсугай.
  2. Журмыг хэрэгжүүлэх ажлыг мэргэжил, арга зүйн удирдлагаар ханган ажиллахыг Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Д.Эрдэнэчимэг/, Аймаг нийслэлийн Боловсролын газрын дарга нарт, энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /Л.Лувсанжамц/-т тус тус даалгасугай.
  3. Албан бус боловсролын сургалтын багшийн ажлыг энэхүү тушаалаар батлагдсан журмыг баримтлан дүгнэхийг байгууллагын захирал, дарга нарт зөвлөсүгэй.
  4. Энэхүү тушаалыг баталсантай холбогдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын “Багшийн мэргэжлийн зэрэг олгох, хасах журам батлах тухай” 2008 оны 73 дугаар тушаал, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын “Багшлах эрх олгох, хасах журам батлах тухай” 2008 оны 74 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
  5. Энэхүү тушаалыг 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж  мөрдсүгэй.

 

 

 

САЙД                                                Л.ГАНТӨМӨР

 

 

 

Боловсрол, шинжлэх ухааны сайдын
2013 оны 08  сарын 15-ны  өдрийн
А/305 дугаар тушаалын хавсралт
Багшлах эрх, мэргэжлийн зэрэг олгох, хасах журам
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Ерөнхий боловсролын сургуулийн багш (цаашид багш гэх)-д багшлах эрх, мэргэжлийн зэрэг олгох, хасах, ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежер (цаашид ажилтан гэх)-т мэргэжлийн зэрэг олгох, хасах үйл ажиллагааг энэхүү журмаар зохицуулна.

1.2. Энэхүү журмын зорилго нь багшийн мэргэжил, ур чадварын хөгжлийг тодорхойлох, дээшлүүлэх, үүрэг хариуцлага, багшийн хөдөлмөрийн үр дүнг үнэлж, урамшуулах үйл ажиллагааг зохицуулахад оршино.

1.3. Багшлах эрхийг багш мэргэжлийн чиглэл бүрээр олгоно.

1.4. Багш мэргэжлээр шинээр төгсөгч болон журмын 6.8-д заасан багшид боловсролын байгууллагад нэг жилийн хугацаатай ажиллах эрх олгоно.

1.5. Журмын 2.1, 2.2-т заасан шалгуурыг хангасан багшид ерөнхий боловсролын сургуульд багшлах эрх олгоно.

1.6. Багшид Бага, дунд боловсролын тухай хуулийн 21.4-т заасан мэргэжлийн зэрэг олгоно.

1.7. “Заах аргач багш” зэрэгтэй багш нь нийтлэг болон тусгай шалгуур үзүүлэлтийг хангасан, сургуулийнхаа багш нарт зөвлөх, тэдэнтэй хамтран ажиллах чадвартай байна.

1.8. “Тэргүүлэх багш“зэрэгтэй багш нь нийтлэг болон тусгай шалгуур үзүүлэлтийг хангасан, орон нутгийнхаа багш нарт зөвлөх, тэдний хөгжилд хувь нэмэр оруулах чадвартай байна.

1.9. “Зөвлөх багш” зэрэгтэй багш нь нийтлэг болон тусгай шалгуур үзүүлэлтийг хангасан, үндэсний түвшинд багш нарт зөвлөн, тэдний хөгжилд хувь нэмэр оруулах чадвартай байна.

1.10. Мэргэжлийн зэргийг алгасаж олгохгүй.
Хоёр. Багшлах эрх олгох шалгуур үзүүлэлт

2.1. Багшид багшлах эрх олгоход дараах нийтлэг шалгуурыг баримтална. Үүнд:

2.1.1. Багшийн мэргэжлээр бакалавраас доошгүй боловсролын зэрэгтэй, эсвэл заах арга зүйн хөрвөх сургалтанд хамрагдсан байх,
2.1.2. Багшийн ёс зүйг чанд сахин, холбогдох хууль тогтоомжийг мөрдөн ажилласан байх;
2.1.3. Суралцагч нэг бүрийн авъяасыг нээх, хөгжлийг дэмжих арга зүй, технологийг эзэмшсэн байх;
2.1.4. Судалгаа хийх, гадаад хэл, мэдээлэл технологийн зохих түвшний мэдлэг, чадвартай байх;

2.2. Багшид багшлах эрх олгоход дараах тусгай шалгуур үзүүлэлтийг баримтална. Үүнд:

2.2.1. Ерөнхий боловсролын сургуульд нэгээс доошгүй хичээлийн жил ажилласан байх;
2.2.2. Эхний жил ажиллаж буй багшид зориулсан үндсэн сургалтад хамрагдсан байх;
2.2.3. Ажиллах хугацаандаа хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж, үр дүнд хийсэн өөрийн үнэлгээ, дүгнэлт;
2.2.4. Ажиллах хугацаанд харьяалагдсан заах аргын нэгдлийн өгсөн үнэлгээ, дүгнэлт.

Гурав. Мэргэжлийн зэрэг олгох шалгуур үзүүлэлт
3.1. Багш, ажилтанд мэргэжлийн зэрэг олгохдоо дараах нийтлэг шалгуур баримтална. Үүнд
3.1.1. Ерөнхий боловсролын сургуульд багшлах эрхтэй байх;
3.1.2. Багшийн ёс зүйг чанд сахин, холбогдох хууль тогтоомжийг мөрдөн ажилласан байх;
3.1.3. Суралцагч нэг бүрийн авъяасыг нээх, хөгжлийг дэмжих арга зүй, технологийг эзэмшсэн байх;
3.1.4. Судалгаа хийх, гадаад хэл, мэдээлэл технологийн зохих түвшний мэдлэг, чадвартай байх;

3.2. Багшид мэргэжлийн зэрэг олгоход дараах тусгай шалгуур үзүүлэлтийг баримтална. Үүнд:

3.2.1. Багшид “Заах аргач багш” мэргэжлийн зэрэг олгоход
3.2.1.1. Ерөнхий боловсролын сургуульд багшаар тав ба түүнээс дээш жил тасралтгүй ажилласан байх
3.2.1.2. Суралцагч бүрийг хөгжүүлэх арга зүй, технологийг сургалтын үйл ажиллагаандаа хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн байх
3.2.1.3. Суралцагч бүрийг хөгжүүлэх үйл ажиллагааныхаа хүрээнд судалгаа хийж, үр дүнд хүрсэн байх

3.2.2. Багшид “Тэргүүлэх багш” мэргэжлийн зэрэг олгоход
3.2.2.1. Ерөнхий боловсролын сургуульд багшаар арав ба түүнээс дээш жил тасралтгүй ажилласан байх;
3.2.2.2. Суралцагч бүрийг хөгжүүлэх хоёроос доошгүй арга зүй, технологийг сургалтын үйл ажиллагаандаа хэрэгжүүлж, Боловсролын технологийн хөгжлийн үндэсний санд бүртгүүлэн, хоёроос доошгүй сургуульд түгээн дэлгэрүүлж, үр дүнд хүрсэн байна.
3.2.2.3. Суралцагч бүрийг хөгжүүлэх үйл ажиллагааныхаа хүрээнд хамтын судалгаа хийж, үр дүнд хүрсэн байх.

3.2.3. Багшид “Зөвлөх багш” мэргэжлийн зэрэг олгоход
3.2.3.1. Ерөнхий боловсролын сургуульд багшаар арван тав ба түүнээс дээш жил тасралтгүй ажилласан байх;
3.2.3.2. Суралцагч бүрийг хөгжүүлэх гурваас доошгүй арга зүй, технологийг сургалтын үйл ажиллагаандаа хэрэгжүүлж, Боловсролын технологийн хөгжлийн үндэсний санд бүртгүүлэн, туршлагаа дөрвөөс доошгүй сургуульд түгээн дэлгэрүүлж, зөвлөн туслаж, үр дүнд хүрсэн байна.
3.2.3.3. Суралцагч бүрийг хөгжүүлэх үйл ажиллагааныхаа хүрээнд хамтын судалгаа хийж, дөрвөөс доошгүй сургуульд зөвлөн тусалсан байх

3.3. Ажилтанд  мэргэжлийн зэрэг олгохдоо дараах тусгай шалгуур үзүүлэлтийг баримтална. Үүнд:

3.3.1. Ажилтанд “Заах аргач багш” мэргэжлийн зэрэг олгоход
3.3.1.1. Ерөнхий боловсролын сургуульд багшаар тав ба түүнээс дээш жил тасралтгүй ажилласан байх
3.3.1.2. Суралцагч бүрийг хөгжүүлэх арга зүй, технологийг сургалтын үйл ажиллагаанд хэрэгжүүлэхэд багшид зөвлөн туслаж, үр дүнд хүрсэн байх
3.3.1.3. Багш бүрийг хөгжүүлэх үйл ажиллагааныхаа хүрээнд судалгаа хийж, үр дүнд хүрсэн байх

3.3.2. Ажилтанд “Тэргүүлэх багш” мэргэжлийн зэрэг олгоход
3.3.2.1. Ерөнхий боловсролын сургуульд багшаар арав ба түүнээс дээш жил тасралтгүй ажилласан байх;
3.3.2.2. Өөрийн сургуульд суралцагч бүрийг хөгжүүлэх хоёроос доошгүй арга зүй, технологийг сургалтын үйл ажиллагаанд хэрэгжүүлэхэд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлж, Боловсролын технологийн хөгжлийн үндэсний санд бүртгүүлэн, хоёроос доошгүй сургуульд түгээн дэлгэрүүлж, үр дүнд хүрсэн байна.
3.3.2.3. Суралцагч бүрийг хөгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд хамтын судалгаа хийж, үр дүнд хүрсэн байх.

3.3.3. Ажилтанд  “Зөвлөх багш” мэргэжлийн зэрэг олгоход
3.3.3.1. Ерөнхий боловсролын сургуульд багшаар арван тав ба түүнээс дээш жил тасралтгүй ажилласан байх;
3.3.3.2. Өөрийн сургуульд суралцагч нэг бүрийг хөгжүүлэх гурваас доошгүй арга зүй, технологийг сургалтын үйл ажиллагаанд хэрэгжүүлэхэд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлж, Боловсролын технологийн хөгжлийн үндэсний санд бүртгүүлэн,  туршлагаа дөрвөөс доошгүй сургууль, цэцэрлэгт түгээн дэлгэрүүлж, зөвлөн туслаж, үр дүнд хүрсэн байна.
3.3.3.3. Суралцагч нэг бүрийг хөгжүүлэх үйл ажиллагааныхаа хүрээнд хамтын судалгаа хийж, дөрвөөс доошгүй сургууль, цэцэрлэгт зөвлөн тусалсан байх
Дөрөв. Багшлах эрх, мэргэжлийн зэрэг олгох ажлыг зохион байгуулах
4.1. “Ерөнхий боловсролын сургуульд эхний нэг жил ажиллах эрх олгох зөвлөл”-ийг Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр байгуулна.

4.2. Багш мэргэжлээр шинээр төгсөгч, ерөнхий боловсролын сургуульд гурав болон түүнээс дээш жил ажиллаагүй багш “Ерөнхий боловсролын сургуульд эхний нэг жил ажиллах эрх олгох зөвлөл”-өөс зохион байгуулах шалгалтад тэнцсэнээр ерөнхий боловсролын сургуульд нэг жилийн хугацаатай ажиллах эрх нээгдэнэ.

4.3. Нэг жилийн хугацаатай ажиллах эрх авсан багш багшийн мэргэжил дээшлүүлэх чиг үүрэг бүхий сургалт, арга зүйн төв байгууллагаас зохион байгуулдаг эхний жилдээ ажиллаж буй багшийн үндсэн сургалтад хамрагдсанаар багшлах эрх нь тав дахь жилдээ ажиллаж буй багшийн үндсэн сургалтад хамрагдах хүртэл нээгдэнэ.

4.4. Тав болон арав дахь жилдээ ажиллаж байгаа багшид зориулсан үндсэн сургалтад хамрагдсанаар багшлах эрх сунгагдах үндэслэл болно .

4.5. Энэхүү журмын 2.1, 2.2-т заасан нийтлэг болон тусгай шалгуур үзүүлэлтийг хангасан тухай багшийн өөрийн үнэлгээ болон ерөнхий боловсролын сургуулиас өгсөн үнэлгээ дүгнэлтийг аймаг, нийслэлийн боловсролын газар баталгаажуулан багшийн мэргэжил дээшлүүлэх чиг үүрэг бүхий сургалт, арга зүйн төв байгууллагад жил бүрийн дөрөвдүгээр сард багтаан ирүүлсэн байна.

4.6. Багшийн мэргэжил дээшлүүлэх чиг үүрэг бүхий сургалт, арга зүйн төв байгууллагын шийдвэрээр “Багшлах эрх”-ийг жил бүрийн наймдугаар сард багтаан олгоно.

4.7. Багшийн мэргэжил дээшлүүлэх чиг үүрэг бүхий сургалт, арга зүйн төв байгууллага нь “Багшлах эрх”-ийн үнэмлэхийг тухайн жилийн есдүгээр сард багтаан багшид хүргүүлнэ.

4.8. Энэхүү журмын 3.1, 3.2.1, 3.3.1-т заасан нийтлэг болон тусгай шалгуур үзүүлэлтийг хангасан багш, ажилтны өөрийн үнэлгээ, нотлох бичиг баримт, үнэлгээ дүгнэлтийг үндэслэн “Заах аргач” зэргийг тухайн ерөнхий боловсролын сургууль нь тухайн жилийн аравдугаар сард багтаан олгож, сунгана.

4.9. Энэхүү журмын 3.1, 3.2.2, 3.3.2-т заасан нийтлэг болон тусгай шалгуур үзүүлэлтийг хангасан багшийн өөрийн үнэлгээ, нотлох бичиг баримт, ерөнхий боловсролын сургуулийн үнэлгээ дүгнэлтийг үндэслэн “Тэргүүлэх” зэргийг аймаг, нийслэлийн Боловсролын газар тухайн жилийн аравдугаар сард багтаан олгож, сунгана.

4.10. Энэхүү журмын 3.1, 3.2.3, 3.3.3-т заасан нийтлэг болон тусгай шалгуур үзүүлэлтийг хангасан багшийн өөрийн үнэлгээ, нотлох бичиг баримт, ерөнхий боловсролын сургуулийн үнэлгээ дүгнэлтийг аймаг, нийслэлийн Боловсролын газар нь баталгаажуулан, багшийн мэргэжил дээшлүүлэх чиг үүрэг бүхий сургалт, арга зүйн төв байгууллагад тухай жилийн аравдугаар сард багтаан хүргэнэ.

4.11. “Зөвлөх багш” зэргийг үндэсний түвшинд багшийн мэргэжил дээшлүүлэх чиг үүрэг бүхий сургалт, арга зүйн төв байгууллагын үнэлгээ, дүгнэлтийг үндэслэн тухайн оны арван хоёрдугаар сард багтаан Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгож, сунгах шийдвэр гаргана. /БСШУС-ын 2014.12.30-ны өдрийн А/495 дугаар тушаалаар орсон өөрчлөлтийг тусгав./

4.12. Багшийн мэргэжил дээшлүүлэх чиг үүрэг бүхий сургалт, арга зүйн төв байгууллага нь багшлах эрх, мэргэжлийн зэрэг олгосон багш, ажилтны талаархи мэдээллийн санг бүрдүүлнэ.
Тав. Мэргэжлийн зэргийн нэмэгдэл
5.1. “Заах аргач багш”, “Тэргүүлэх багш”, “Зөвлөх багш” зэрэгтэй багш, ажилтанд мэргэжлийн зэргийн нэмэгдэл олгоно.

5.2. Мэргэжлийн зэргийн нэмэгдлийг сарын үндсэн цалингаас Засгийн газрын тогтоолоор тогтоосон хувь хэмжээгээр тооцож олгоно.

5.3. Ерөнхий боловсролын сургууль, аймаг, нийсл‎‎элийн Боловсролын газар, Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь гаргасан шийдвэр болон мэдээлэл, хяналт-шинжилгээнд тулгуурлан багшид мэргэжлийн зэргийн нэмэгдэл олгоход шаардагдах зардлыг тооцож, жил бүрийн боловсролын болон байгууллагын төсөвт тусгана.
Зургаа. Багшлах эрх болон мэргэжлийн зэргийн

хүчинтэй байх хугацаа, багшлах эрх болон мэргэжлийн зэргийг хасах
6.1. Арав дахь жилдээ ажиллаж буй багшийн үндсэн сургалтад хамрагдан олгогдсон багшлах эрх нь цаашид хүчин төгөлдөр хэвээр хадгалагдах ба энэ нь ерөнхий боловсролын сургуульд гурваас дээш жилийн хугацаанд ажиллаагүй тохиолдолд хүчингүй болно.

6.2. “Заах аргач багш”, “Тэргүүлэх багш” мэргэжлийн зэрэг нь таван жилийн хугацаанд хүчинтэй байна.

6.3. “Зөвлөх багш” мэргэжлийн зэрэг нь арван жилийн хугацаанд хүчинтэй байна.

6.4. Багшлах эрх болон багш, ажилтанд олгосон мэргэжлийн зэрэг нь Монгол Улсын нутаг дэвсгэрт нэгэн адил хүчинтэй байна.

6.5. Мэргэжлийн зэргээ ахиулах, “Зөвлөх багш” зэргээ хамгаалахад мэргэжлийн зэрэгт тавигдах нийтлэг, тусгай шалгуур үзүүлэлтийг хангаагүй тохиолдолд өмнө олгосон мэргэжлийн зэргийг хэвээр үлдээх эсэхийг  мэргэжлийн зэрэг олгох эрх бүхий байгууллага шийдвэрлэнэ.

6.6. Эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон дараах тохиолдолд багшлах эрх, мэргэжлийн зэргийг хасна. Үүнд:

6.6.1. Мэргэжлийн алдаа гаргасан
6.6.2. Багш, удирдах ажилтны ёс зүйн дүрмийг зөрчсөн
6.6.3. Хүүхдийн эрхэд халдсан
6.6.4. Ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн, хэрэглэж ирсэн
6.6.5. Авилга авсан
6.6.6. Багшийн ажлыг үнэлж, дүгнэх журмын 5.8 дахь заалт

6.7. Багшлах эрх болон мэргэжлийн зэргийг олгосон байгууллага хасна.

6.8. Ерөнхий боловсролын сургуульд 3 болон түүнээс дээш жил тасралтгүй ажиллаагүй багшийн багшлах  эрх, мэргэжлийн зэрэг, ажилтны мэргэжлийн зэрэг хүчингүй болсонд тооцно.

6.9. Эрхээ хасуулсан багшийн багшлах эрхийг энэхүү журамд заасны дагуу олгоно.

 

Долоо. Бусад

7.1. Багшлах эрхийн болон мэргэжлийн зэргийн үнэмлэхийг хаяж үрэгдүүлсэн тохиолдолд олгох шийдвэр гаргасан эрх бүхий этгээдийн шийдвэрийн дагуу нөхөн олгоно.

7.2. Ажиллах болон багшлах эрхгүй багшийг ерөнхий боловсролын сургуульд багшаар ажиллуулахыг хориглоно.

7.3. Багшлах эрхийн болон мэргэжлийн зэргийн үнэмлэхийг хуурамчаар үйлдэн, ашиглахыг хориглоно.