Анги алгасах

МОНГОЛ УЛСЫН

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ

САЙДЫН ТУШААЛ

 

2008 оны 12 дугаар сарын 8-ны өдөр                                 Дугаар 113                               Улаанбаатар хот

 

Журам батлах тухай   

 

Монгол Улсын Бага, дунд боловсролын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

 

  1. Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчийн анги алгасан суралцах хүсэлтийг шийдвэрлэх журмыг хавсралтын ёсоор баталсугай.

 

  1. Энэхүү журмын хэрэгжилтийг мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж,  явц, үр дүнд хяналт тавьж ажиллахыг Бага, дунд боловсролын газар (Н.Энхбат), аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газрын дарга, ерөнхий боловсролын сургуулийн захирлуудад тус тус үүрэг болгосугай.

 

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын

 

 

 

 

 

САЙД                                                      Ё.ОТГОНБАЯР

 

 

2008 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн

113 дугаар тушаалын хавсралт

 

 

 АНГИ АЛГАСАН СУРАЛЦАХ ХҮСЭЛТИЙГ

ШИЙДВЭРЛЭХ ЖУРАМ

Нэг. Ерөнхий зүйл

 

1.1. “Бага, дунд боловсролын тухай” хуулийн 7.4. дэх хэсгийг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн суралцагчийн авьяас, чадварыг дэмжих, бие даан сурах, хөгжих бололцоогоор ханган суурь, бүрэн дунд боловсролын стандартын агуулгыг бүрэн эзэмшиж, анги алгасан суралцахад үүсэх харилцааг зохицуулахад энэхүү журмыг мөрдлөг болгоно.

1.2. Суралцагч нь зохих түвшний боловсролыг тогтоосон хугацаанаас нь өмнө тусгай хөтөлбөрөөр бие даанэзэмшин зохих шалгалтыг өгч, дараагийн ангид дэвшин суралцахыг анги алгасан суралцах гэж ойлгоно.

1.3. Анги алгасан суралцах суралцагчийн тоог цөөн, сургалтыг чанартай, үр дүнтэй байлгахад анхаарч, суурь, бүрэн дунд боловсролын төгсгөлийн ангийн хичээлийн агуулгыг заавал танхимаар эзэмшүүлнэ.

1.4. Суралцагч бүрэн дунд боловсролыг хоёр өөр сургуульд, сургалтын өөр хэлбэрээр зэрэг суралцахыг хориглоно.

1.5. Энэхүү журмын 2.1 дүгээр зүйлд заасан шаардлагын аль нэгийг биелүүлээгүй суралцагчийг анги алгасуулан суралцуулахгүй.

 

Хоёр. Тавигдах шаардлага, түүнийг шийдвэрлэх            

                

2.1. Суралцагч нь дараах шаардлагыг хангасан тохиолдолд анги алгасан суралцаж болно.

2.1.1. Хот, аймаг, улс, олон улсын чанартай олимпиад, уралдаан, тэмцээнд оролцож, 1-3 дугаар байр эзэлсэн байх;

2.1.2. Алгасан суралцах ангийнхаа сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан хичээлүүдийн агуулгыг танхимын бус хэлбэрээр бие даан бүрэн эзэмшиж, жилийн эцсээр 100 хувьтай шалгагдсан байх;

2.1.3. Мэдлэг, чадварын түвшин тогтоох шалгалтаар бүх хичээлүүдийн үнэлгээ 100 хувьтай шалгагдсан байх.

2.2. Суралцагч нь тухайн жилийн 9 дүгээр сарын 10-ны дотор сургуулийн захиргаанд анги алгасан суралцах хүсэлт гаргана.

2.3. Сургуулийн захиргаа нь анги алгасан суралцахаар хүсэлт гаргасан суралцагчийн асуудлыг багш нарын зөвлөгөөний хурлаар хэлэлцэж, тэдний санал, дүгнэлтийг үндэслэн суралцагчийн судалгааг тухайн оны 9 дүгээр сарын 15-ны дотор аймаг, нийслэлийн Боловсролын асуудал хариуцсан нэгжид хүргүүлнэ.

2.4. Аймаг, нийслэлийн Боловсролын асуудал хариуцсан нэгж нь анги алгасан суралцах хүсэлтийг судлан үзээд мэдлэг, чадварын түвшин тогтоох шалгалт өгөх суралцагчийн нэрсийг гаргаж, 9 дүгээр сарын 25-ны дотор сургуулиудад хүргүүлнэ.

2.5. Боловсролын асуудал хариуцсан нэгжийн даргын шийдвэрээр томилогдсон ажлын хэсэг жил бүрийн 5 дугаар сарын 10-ны дотор тухайн сургуультай хамтран суралцагчийн алгасан суралцсан ангийн хичээлүүдийн агуулгаар мэдлэг, чадварын түвшин тогтоох шалгалт авна.

2.6. Боловсролын асуудал хариуцсан нэгж нь шалгалтын дүн, сургуулийн захиргааны санал, дүгнэлтийг харгалзан суралцагчийг анги алгасуулан дэвшүүлэн суралцуулах асуудлаар эцэслэн шийдвэр гаргана.

 

Гурав. Шалгалтыг зохион байгуулах 

 

3.1. Суралцагчийн мэдлэг, чадварыг сургуулийн захиргааны шийдвэрээр томилогдсон шалгалтын комисс тогтоосон журмын дагуу үнэлж, дүгнэнэ.

3.2. Энэхүү журмын 2.1 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан суралцагчийг шалгалтад оруулна.

3.3. Суралцагчаас алгасан суралцах ангийн сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан хичээлүүдээр шалгалт авна.

3.4. Анги алгасан суралцагч сургуулийн захиргааны хоорондын харилцааг гэрээгээр зохицуулна.

3.5. Сургуулийн захиргаа, аймаг, нийслэлийн Боловсролын газраас суралцагчийн мэдлэг, чадварын үр дүнг үнэлэх хөндлөнгийн үнэлгээ хийх график, сургууль, багшийн зүгээс суралцагчийн авах үйлчилгээ зэргийг гэрээнд тусгана.

3.6. Тухайн хичээлийн жилд анги алгасан суралцах суралцагчийн тоог бага, дунд боловсролын статистикийн мэдээлэлд заавал тусгана.            

3.7. Суралцагчийн хувийн хэргийн сурлагын дүн, үнэлгээ гэсэн хэсэгт  алгасан суралцсан ангийн хичээлүүдийн үнэлгээг тэмдэглэж, тодорхойлолт гэсэн хэсэгт тухайн ангийн хичээлүүдийн агуулгыг тогтоосон хугацаанаас нь өмнө бие даан эзэмшиж, анги алгасан суралцсан тухай бичиглэл хийнэ.